Ипотекийн зээл үргэлжилнэ

2016.09.02 Баасан №079 (2110)

М.МӨРӨН

Монголын Ипотекийн корпораци, Санхүүгийн зохицуулах хорооноос ипотекийн зээлийн асуудлаар мэдээлэл өглөө. Ипотекийн зээл олгож эхэлснээс хойш гурван жил өнгөрөөд байгаа. Энэ хугацаанд 85 мянган өрх найм болон таван хувийн зээл авчээ. Тэдэнд нийт 3.8 их наяд төгрөгийн зээлийг олгосон гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн юм. Мөн ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тэд “сайн” гэж дүгнэв. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Жамбаажамц “Бид олгосон зээлийг үнэт цаасжуулж байгаа. Энэ нь зээлийн эргэн төлөлт, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан  бодитой зүйл. Цаашид ипотекийн зээл үргэлжлэх эсэхийг Монголбанк, Засгийн газрын төвшинд шийдэх байх. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн одоогийн санхүүгийн схем нь цаашид удаан хугацаанд үргэлжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, эхний зээлдэгчдийн эргэн төлөлтөөр дараагийн зээлээ олгоод байх боломжтой” гэв. 
Энэ талаар Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Д.Гантөгсөөс дараахь асуултад хариулт авлаа.  
-85 мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан гэлээ. Үүнээс чанаргүй зээл хэдэн хувийг нь эзэлж байна вэ? 
-Зээлийн эргэн төлөлт 2013 оны зургадугаар сараас хойшхи гурван жилийн хугацаанд 99.9 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, бүх зээл хэвийн төлөгдөж байна. Ойролцоогоор 0.5 хувь нь чанаргүй зээл байна. Энэ нь тухайн өрхийн орлого тасалдсан гэсэн үг. Ийм өрхийн зээлийг хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудлыг хэлэлцэж байгаа. Гэхдээ бусад зээлтэй харьцуулахад эргэн төлөлт сайн гэж үзэж байгаа.
-Ипотекийн зээлийн олголт өнөөдөр хэвийн үргэлжилж байна уу. Зээл  бүтсэн ч өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа гэх хүн олон байна. 
-Манай үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Өнгөрсөн хугацаанд есөн тусгай зориулалттай компани байгуулж  2.4 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээлд гаргасан.  Эхний ээлжид 20 жилийн хугацаатай,  ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүү 4.5 хувь, энгийн эрхтэй буюу эрсдэлтэй хэсгийн үнэт цаасны хүү 10.5 хувьтай байгаа. Цаана нь арилжааны банкуудад 200-аад тэрбум төгрөгийн орон сууцны зээл  үнэт цаасанд хамрагдахаар хүлээж байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.