Ахлах ангийнханд сонголт, хариуцлага авчрах шинэчлэл

2016.08.31 Лхагва №078 (2109)

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ


Б.САНЧИР

Маргааш хичээлийн шинэ жил эхэлнэ. Сургуулийн босго анх алхан орж байгаа бяцхан сурагчид төдийгүй анги дэвшиж буй болон ирэх хавар сургуулиа төгсөх ахлах ангийн сурагчдад ч гэсэн хичээлийн шинэ жилийн эхэн, есдүгээр сарын нэгэн цоо шинэ мэт мэдрэмж төрүүлдэг. Юутай ч ахлах ангийнхны хувьд энэ хичээлийн жил яах аргагүй шинэ мэдрэмж, шинэ сорилт, сонголтын жил байх болно. Учир нь ахлах ангийн сурагчид шинэчилсэн цөм хөтөлбөрөөр хичээллэж эхэлнэ. Энэ нь хичээлээ сонгон суралцаж, гүнзгийрүүлэн судлах, ирээдүйн мэргэжлийнхээ чиг баримжааг тодорхойлохоос эхлээд сурах арга барил, үнэлгээний тогтолцоо зэрэгт олон өөрчлөлт орно гэсэн үг. Гэхдээ энэ өөрчлөлт, шинэчлэлт гэнэт бий болоогүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарт хийгдсэн шинэчлэлийн үргэлжлэл юм.     


БШУЯ 2013 онд Бага боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулан, үндэсний лаборатори 40 сургууль дээр туршсан юм. Ингээд дараа жилээс нь буюу 2014-2015 оны хичээлийн жилээс орон даяар уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үүний дараа Суурь боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг өнгөрсөн жил үндэсний  хэм­жээнд хэрэгжүүлсэн билээ. Үүнд тулгуурлан энэ хичээлийн жилээс ахлах ангийн сурагчид шинэчилсэн цөм хөтөлбөрөөр хичээллэх гэж байна.
2015 онд батлагдсан Төрөөс боловсролын талаар баримтлах бод­логод сургуулийн өмнөх боловс­ролыг хэрхэн шинэчлэх, бага, дунд, суурь боловсролыг ямар стратеги төлөвлөлтийн дагуу хөг­жүү­лэхийг тодорхой зааж өгсөн байна. Үүний дагуу боловсролын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. 


Өнгөрсөн хугацаанд боловс­ролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд хүүхэд бүрийн хөгжлийг гол зарчим болгосон юм. Хүүхэд бүрийг хөгжүүлэх энэ зарчим бүх төвшний боловсролд биелэлээ олж байгаа гэж хэлж болно. Боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрүүд ч энэ зарчимд тулгуурлан хэрэгжсэн. Эдгээрийн дот­роос 2016-2017 оны хичээлийн жилд хэрэгжиж эхлэх Бүрэн дунд боловс­ролын цөм хөтөлбөр нэлээд онцлогтой  ажээ. Бүрэн дунд бо­ловс­ролын үйлчилгээг хүр­тэгчид нь олны ойлголтоор бол бол ахлах ангийнхан. Олон улсад нэрлэж заншсан ойлголтоор бол энэ нь high school юм. Ахлах анги буюу бүрэн дунд боловсрол нь цаашлаад дээд боловсролын чанар ямар байх вэ, Монгол Улсын хүний нөөц хэрхэн бэлтгэгдэх вэ гэдгийн суурь шийдэл нь болж өгдөг. Тиймээс Бүрэн дунд боловсролын шинэчилсэн цөм  хөтөлбөр нь дээрх онцлог болон хүүхэд бүрийг хөгжүүлэх зарчимд тулгуурлаж, сурагчдын өөрсдийнх нь сонголт, ирээдүйд сурах арга, зорилго, давуу тал, авьяас, чадвар дээр суурилан тухайн хүүхдэд мэргэжлийн ямар чиг баримжаа олгох вэ, тэр чиг баримжаанд суурилсан суралцах төлөвлөгөөгөөр хэрхэн үр дүнтэй суралцах вэ гэсэн зорилт, зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгджээ. 


Гэхдээ энэхүү цөм хөтөлбөр бага, дунд боловсролын цөм хөтөлбөрүүд шиг орон даяар  шууд, нэгэн зэрэг хэрэгжих боломжгүй юм байна. Учир нь 12 дугаар ангийнхан ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө. Тэд ирэх хавар элсэлтийн ерөнхий шалгалт өгөх учир шууд шинэчилсэн цөм хөтөлбөрөөр бүрэн хичээллүүлэх боломжгүй. Тиймээс энэ жилийн хувьд зөвхөн 10 ду­гаар ангийнхан шинэчилсэн цөм хөтөлб­­өрөөр, шинэ төлөвлөгөөгөөр хичээллэнэ. Харин 11, 12 дугаар ангийнхан хуучин хөтөлбөрөөрөө, шинэ төлөвлөгөөгөөр хичээллэх ажээ. Шинэ төлөвлөгөө гэдэг нь нэг хүүхэд дөрвөн хичээл сонгож гүнзгийрэх боломжтой. 11, 12 дугаар ангийнхан дөрвөн хичээл сонгож гүнзгийрнэ гэдэг Бүрэн дунд боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийн үндсэн чиг баримжаагаар явна гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл тухайн сурагч цаашдаа ямар мэргэжлээр сурах, ямар сургуульд орох гэж байгаа, ин­гэхийн тулд  ямар шалгалт өгөх вэ гэдгээ тодорхойлоод түүндээ баримжаалан илүү гүнз­гий­рүүлэн сурна гэсэн үг. Энэ нь хүүхдийг 18-19 хичээлээр дарж, асар их ачаа­лалтай байлгаж, тэдгээрийн дот­роос төвлөрч судлах, суралцах боломж олгодоггүй байсан хуучин тогтолцоог өөрчилж байгаа хэрэг юм.  Ахлах ангийн сурагчид өөрийн сонирхсон, дуртай, ирээдүйд сон­гох мэргэжилтэйгээ холбоотой хи­чээлээ сонгож, гүнзгийрэн суд­лаад эхлэхээр илүү их таньж мэ­дэх, онолын мэдлэг, бодитой ур чад­варыг олж авах боломж бүрдэж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.