Б.Насанбаяр: Сумдад заавал 12 жилийн сургууль байх шаардлагагүй

2016.08.31 Лхагва №078 (2109)

Г.СОНИНБАЯР

Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг боловсруулалцаж, 2012 оноос  хойш уг шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж ирсэн хүн бол БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр юм. Түүнээс Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн онцлогийн  талаар тодруулснаа хүргэе.
-Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байна. Ахлах ангийн сурагчид хичээлээ сонгон судлахаас эхлээд олон шинэ сонголтууд бий болох нь гэж ойлголоо?
-Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн онцлог нь гэвэл үзэх, судлах хичээл нь гурван бүтэцтэй. Заавал судлах, заавал сонгох, сонгож гүнзгийрэх хичээл гэж байна. Заавал судлах хичээлээр тухайн хүүхэд ямар чиглэлээр цаашид суралцах вэ, сэтгүүлч, эмч, инженер болохоос үл хамаараад хүн болгон мэдэх ёстой мэдлэг, суурь ур чадварыг эзэмшүүлэх юм. Сонголттой гэдэг нь хүүхдүүдэд цаашид  илүү их боломжтой болж байгаа гэсэн үг. Өнгөрсөн хавар есдүгээр анги төгссөн хүүхдүүдэд бид Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөртэй холбоотойгоор наймдугаар ангиас нь эхлээд мэргэжлийн чиг баримжаа олгох хичээл орсон. Мэргэжлийн чиг баримжаа гэхээр ихэнх хүн МСҮТ гэж ойлгоод байдаг. Гагнуурчин, үсчин, гоо сайханч бэлтгэх юм шиг ойлгодог. Гэтэл тухайн хүүхэд ямар чиглэлээр илүү сонирхолтой байгаагаас гадна ямар чиглэлээр илүү амжилттай сурах юм гэдгийг чухалчилж өөрийгөө оношилдог, сонирхлоо тодорхойлдог түүнийхээ дагуу би ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгээ мэдэж авна. Тухайн хичээл, мэргэжлийг хэчнээн сонирхлоо гээд түүнд тавигдах төвшний шаардлагыг хангахгүй бол тэр чиглэлээр сайн сурч чадахгүй. Тэгэхээр мэргэжлийн чиг баримжааг тодорхойлохын тулд маш олон талын мэдлэг, мэдээлэл, ур чадвар олгох хичээлүүд ороод эхэлнэ. Ингээд 10 дугаар ангид ороход хүүхэд суралцах төлөвлөгөөгөө гаргачихсан байна. Суралцах төлөвлөгөөгөө гаргана гэдэг бол заавал сонгох хичээл дотроос алийг нь сонгож судалж суралцвал миний ирээдүйд илүү хэрэгтэй байх вэ гэдгээ тодорхойлно. Суурь боловсролын хөтөлбөрөөрөө бид шинжлэн судлах чадвартай, аливаа зүйл дээр дүгнэлт хийж, асуудлыг задлан шинжилдэг, түүнийхээ дагуу шийдвэр гаргадаг хүнийг бэлдэхийг зорилго болгож байсан. Тэгвэл одоо яг энэ суурь дээрээ тулгуурлаад хүүхдүүд ирээдүйд өөрсдийнхөө эзэмших гэж байгаа мэргэжил, хийж  бүтээх гэж байгаа зүйлээ судалдаг, сурдаг болно.
-Ингэж сонгон суралцаж, гүнз­гийрүүлэн судалсан сурагчид их, дээд сургуульд ороод илүү нарийн мэргэших үү?
-Судалгаанаас үзэхэд нийтлэг 10 мэргэжлийг ахлах ангийн сурагчид сонгодог. Гэтэл яг хими, биологи, математикаар суралцахад ямар хэм­жээний өргөн зах зээл байна вэ, юуг судалж, шинжилдэг юм, уг шинжлэх ухааны салбарт би юу хийж болох вэ гэдгийг хүүхдүүд судалдаг байх ёстой. Түүнийхээ дагуу суралцах төлөвлөгөө гаргадаг, тэр дагуу аль хэдийнэ элсэх сургууль, суралцах хөтөлбөрөө сонгосон байх юм. Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хийгдсэн хөтөлбөрийн чиглэлүүдээр сонгон суралцах эрх ч тэдэнд нээлт­тэй. Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжсэнээр тухайн сурал­цагч хос мэргэжлээр суралцах уу, эсвэл дангаараа нэг хөтөлбөр сонгон суралцах уу гэдэг бүх сонголтынхоо суурийг ахлах ангидаа тавьж чадна гэсэн үг. 
-Сурагчийн хувьд хариуцлага, бас өөрийн оролцоо нэмэгдэх юм байна? 
-Тэгнэ. Ардчилсан нийгмийн үндсэн зарчим нь оролцоо. Хүн чад­даг, мэддэг зүйлтэй байж л аливаад оролцоотой байдаг. Юу чадах юм, юу мэдэх юм, юу болох юм, юу болохгүй юм гэдгийг мэддэг хүмүүсийн хувьд оролцоо нь маш тодорхой болно. Хүн яагаад мэддэг чаддаг зүйлтэй болдог вэ гээд аваад үзэх юм бол маш тодорхой зорилготой байж л тэгнэ. Жишээ нь Монголын төр хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэж боловсролын бодлогоо тодорхойлж байгаа бол хүүхэд бүр яаж хөгжих вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Хүүхэд хичээлдээ дур, сонирхолтой байж л хөгжинө. Энэ бол оролцоо юм. Дэлхийд боловсролоороо тэргүүлдэг Финланд гэхэд оролцоог чухалчилдаг тул тийм сайн шилдэг боловсрол олгож байна. Тийм учраас бага, суурь боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, арга зүйн шинэчлэлийн хү­рээнд Бүрэн дунд боловсролын ши­нэчлэл биелэлээ олж байгаа гэсэн үг. 
-Энэ жил 10 дугаар ангид орж байгаа сурагчдын хувьд Бүрэн дунд боловсролын хөтөлбөрөөр хичээллэх бэлтгэл хангагдсан гэсэн үг үү?
-Лаборатори сургуулиудад болон үндэсний хэмжээнд энэ бэлтгэлийг сүүлийн хоёр жилийн хугацаанд хан­гасан. Бүх шатны Засаг дарга нарын дэргэд Боловсролын зөвлөл байгуулсан. Ахлах сургуулийг хөгжүүлнэ, Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдэг зөвхөн сургуулийн хийх ёстой ажил биш. Жишээ нь хүүхдүүд хувцасны технологийг заа­вал сурах дээр сонгож гүнзгийрнэ гэвэл тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоотой нь хамтрах орчин боломжийг хангаж, орон нутаг үүнд нь хөрөнгө оруулалт хийж байж сургалтын орчин бүрдэнэ. Тэгэхээр Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон  нутгийн оролцоо асар өндөр байна гэсэн үг. 
-Сурагчид сонгон судлах хи­чээл, мэргэжлийн чиг хандлагаа тодор­хойлох зэрэгт ямар алдаа гаргаж байна вэ. Тэдэнд багш, эцэг эх нь хэрхэн туслах ёстой вэ?
-Бид энэ жил 10 дугаар ангид элсэн орж байгаа 20 мянган хүүхдээс бүгдээс нь суралцах чиглэл, мэргэжлийн чиг баримжааны судалгаа авсан. Мөн гарын авлагыг хүүхэд бүрт хүргэсэн. Тэр гарын авлагаас хүүхдүүд би яг юунд сонирхолтой юм, ямар чиглэлээр сурч ямар мэргэжилтэй болох юм бэ гэдгээ хэрхэн тодорхойлох талаар үндсэн суурь мэдээллийг авч байгаа. Дээр нь сургуулийн удирдлага юуг анхаарах вэ гэхээр багш нар болон эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сонголтод хэрхэн туслах талаар дэмжлэг болох учиртай. 40 лаборатори сургуульд анх ийм сонголтууд хийгдсэн. Сурагчид эцэг эхтэйгээ зөвлөсөн. Олон талын хичээл судалж байгаа процесст дүн шинжилгээ хийсэн. Мөн Монголын боловсролын онцлог, давуу тал, цаашид юуг шийдэх ёстой вэ гэдэг дээр олон улсын зөвлөхүүдийн дүгнэлтийг авч хэлэлцэж, үүний дагуу Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр, Ахлах сургуулийг хөгжүүлэх бодлогоо батлаад байгаа. 
-Хүүхдүүд хичээл сонголт хийхэд гарах хүндрэлийг тооцсон уу. Ахлах ангийн сурагчид олон чиглэлээр өөр өөр сонголт  хийлээ гэхэд багш  нарын  хүрэлцээ хэр вэ?
-Заавал судлах хичээл нь заавал сонгох хичээлтэйгээ давхцаж байгаа учраас хичээлийн төрөл олон болох, багш хүрэлцэхгүй байх зэрэг суурь асуудлууд харьцангуй бага гарна. Гэхдээ аль хичээлийг голлон сурах вэ гэдгийг тодорхойлохын тулд сур­гууль, багш нар нь хүүхдүүдтэйгээ маш сайн ажиллах ёстой. Өмнө нь багш нар зүгээр л  хичээлээ заагаад л, сурагчдадаа шинжлэх ухааны мэд­лэг  олгоод л явдаг байсан бол одоо энэ хандлага өөрчлөгдөнө. Багш хүүх­дүүддээ тухайн шинжлэх ухааны тухай ойлголтыг маш сайн өгөх хэ­рэг­тэй болно. Газар зүйн багш гэ­хэд хүүхдүүддээ газар зүйн шинжлэх ухаан яагаад чухал юм, юунд хэрэгтэй юм гэдгийг маш сайн ойлгуулна. Энэ мэтээр шинжлэх ухааны тухай ойл­голтыг хүүхдүүдэд маш сайн өгөх ёстой. 
-Хот суурин газрын сургуулиудад бол ахлах ангийнхан сонголт хий­гээд суралцахад боломжтой байх. Харин хөдөө орон нутагт энэ талаар хүндрэлтэй юм биш үү?
-Сум орон нутгийн сургуулиуд дээр багшийн хүрэлцээ, хүүхдийн сонголтыг хэрхэн зөв чиглүүлж авч явах вэ гэдэг бол асуудал. Цөөхөн хүү­хэдтэй сургуулиудад хүссэн хү­сээ­­гүй олонхийг дагахаас өөр арга байхгүй нөхцөл байдал байна. Хэд хэдэн аймаг бүх сумаа 12 жилийн сур­гуультай болгосон байна. Гэтэл арваннэгдүгээр ангид нь арван хэдхэн  хүүхэд, 12 дугаар ангид нь долоо  найман хүүхэд байх жишээтэй. Ийм нөхцөлд хүндрэл үүснэ. Тэгэхээр сум дундын 12 жилийн сургууль гэж бай­гаад тэнд ахлах ангийн сурагчдыг маш сайн сургадаг нөхцөл бүрдүүлж зөв менежмент хийх ёстой. Тэгж байж орон нутгийн хүүхдүүдийг амжилттай суралцуулахад анхаарна. Түүнээс заа­вал манайх 12 жилийн сургуультай байх ёстой гээд цөөхөн хүүхэдтэй хичээллээд, тэр хүүхдүүдийн ирээдүй, хувь заяагаар тоглож болохгүй. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.