Төр өмчтэй байж болно, гэхдээ ...

2016.08.19 Баасан №076 (2107)

Х.БАТСАЙХАН

Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханшаас хамаарч эдийн засаг нь савлаж байдаг улс орон цөөнгүй бий. Анх “Халтар царайт” телевизийн олон ангит киногоор монголчуудад танил болсон Венесуэль улс үүний тод жишээ болон яг одоо дэлхий нийтээр яригдаж байна. Газрын тосны үнэ унаснаас энэ улсын эдийн засаг уруудаж эхэлсэн. Дээр нь улс төрийн зарим шийдвэр нь нөхцөл байдлыг улам дордуулж буйг олон улсын ажиглагчид онцолсоор байна. Харамсалтай нь, Төв Азийн цээжинд орших Монгол Улс ч яг ийм нөхцөл байдалтайгаар Венесуэлийн араас алхаж явна. Нүүрс, зэсийн үнэ өсөхөд Монголын эдийн засаг сэргэдэг, унахад дагаад урууддаг энэхүү гаж мөчлөгөөсөө гарч чадахгүй явсаар бид дахиад л шинэ хямралтай нүүр туллаа. Төсвийн орлого бүрдэхгүй, төрийн албан хаагчдын цалингаас хасах замаар хямралтай тэмцэх хүртлээ тийм л хүнд нөхцөл байдалтай Монгол Улс тулгарлаа. Иймээс ч “Энэ хямрал юунаас болов” гэсэн асуултыг хүн болгон тавьж байна. Өмнөх эрх баригч улс төрийн хүчнийг зэмлэх хүмүүс байхад, үнэ нь уруудаад байгаа нүүрсийг буруутгах хэсэг ч гарч ирлээ. Яаж ч болно л доо. Гэхдээ үр дүн нь адилхан юм. Монгол Улсын эдийн засаг хямарсан нь цорын ганц бодит үнэн. Тиймээс хямралын буруутныг хайх биш, хямралаас гарах, хөгжилд хүргэх гарцыг эрэх хэрэгтэй. 
Венесуэль, Монгол хоёрт адилхан өгөгдөл байгаа нь байгалийн асар их баялаг. Тэд газрын тостой, бидэнд алт, зэс, нүүрс, уран, газрын тос гээд ер нь бүгд байна. Тиймээс бусад улсын бурууг хайхаасаа илүүтэй өөрсдийнхөө дутагдлыг тунгаах нь зөв байх. Монголд байгалийн баялаг байгаа боловч зохистой ашиглах тал дээр бид дэлхийтэй хөл нийлүүлэх болоогүй л байна. Өөрөөр хэлбэл, Монголд байгалийн баялаг нь байгаа боловч өрсөлдөх чадвар алга. Тэр тусмаа төрийн эзэмшлийн компаниудад энэ чанар дутагдсаар байна. Иймээс ч өнөөх улиг болсон “Төр хамгийн муу менежер” гэсэн үг хүртэл гарсан биз. Зарим хийрхэгчид яг энэ үгээр бамбай хийж “Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит үйлдвэрүүдийг бүгдийг нь хувьчилж, ачаанаасаа салах хэрэгтэй” гэж лоозогнож байгаа нь ч харагддаг. Гэхдээ яг нарийндаа бол “Төр муу менежер” гэдэг үг “Төр аж ахуйн нэгжийн ажилд хуруу дүрэх нь сайн зүйл биш” гэдгийг томъёолсон болохоос өмчтэй байж болохгүй гэсэн үг биш гэдгийг дээрх хийрхэгчид ойлгодоггүй, ойлгосон ч ил хэлдэггүй. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнт эдийн засагтай улс орнуудад хувийн хэвшил онцгой үүрэгтэй нь үнэн ч төрийн эзэмшлийн компаниудынхаа ачаар ашиг олж, амжилттай яваа жишээ ч цөөнгүй байна. Тэдгээр улсуудыг харвал “Төр өмчтэй байж болно, харин компанийг компани шиг нь ажиллуулж, мэргэжлийн багаар бизнесээ удирдуулж, хөрөнгөө нэмэгдүүлэх ёстой” гэсэн алтан дүрмийг хэрэгжүүлсний хүчээр амжилтад хүрчээ. Өөрөөр хэлбэл, төр компаниудынхаа үйл ажиллагаанд шууд оролцохгүй байх нь тухайн компани хөгжиж, үр ашгаа тогтвортой нэмэгдүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Үүний хамгийн тод жишээ нь төрийн өмчит компаниа ашигтай ажиллуулж чадаж байгаа Сингапур улс юм. Тэдний амжилтын нууц нь компанийн сайн засаглал, үүгээрээ ч Азид гэлтгүй дэлхийд жишиг компани болсон.

ДУГУЙГ ШИНЭЭР ЗОХИОХ ГЭЖ ЗОВОХ ХЭРЭГГҮЙ
Нэгэнт зохиочихсон дугуйг цаг зав, хөрөнгө мөнгө үрэн байж дахин шинээр зохиох гэж оролдох хэрэг байхгүй. Үүн шиг компанийн засаглалаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг загвар болдог компаниудаас Монгол Улсын төрийн эзэмшлийн компаниуд шууд хуулбарлах нь хавьгүй ашигтай, илүү хялбар. Тухайлбал, үйл ажиллагааны менежмент, компанийн засаглалаараа загвар болсон бидний байнга шахуу сонсдог дэлхийн хэмжээний “Темасек холдинг”, “Рио Тинто”, “Би Эч Пи Биллитон” зэрэг компаниуд байна. Иймээс Монголын төрийн эзэмшлийн компаниудад эдгээр загварыг хуулбарлах нь “шинэ дугуй” зохиохоос хавьгүй хялбар байх нь гарцаагүй. Тухайлбал, “Темасек”-ийг анх байгуулагдаж байсан үетэй одоогийн Монголын төрийн эзэмшлийн компаниудыг харьцуулж үзэхэд үндсэн хөрөнгийн хэмжээ, дотоод нөөц бололцооны хувьд дээрдэх зүйл огт харагддаггүй. Сингапурын Засгийн газар “Темасек холдингс”-ийг 1974 онд 140 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийн анх байгуулсан байдаг. Харин Монголд одоогоор нийт актив нь 10 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэх төрийн эзэмшлийн 100 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн хөрөнгө, нөөц бололцооны хувьд хамаагүй давуу нөхцөлд байгаа гэсэн үг. Гэтэл Сингапурын компани 35 жилийн турш жилд тогтмол 17 хувийн өгөөжтэй ажиллаж, 15 хувийг нь иргэддээ ногдол ашиг хэлбэрээр хуваарилж ирсэн байхад Монголын компаниуд нь байнга алдагдалтай ажиллаж, жил бүр төсвөөс буюу иргэдээсээ татаас авч амь зогоодгийн шалтгаан нь юу вэ. Ганц шалтгаан нь төрөөс баримталдаг зарчим буюу бизнесийн загвартаа байна гэхээс өөр хариулт олдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Сингапурын 1974 оноос өнөөг хүртэл баримталж ирсэн зарчим, Монголын төрөөс төрийн эзэмшлийн компанийн талаар 2014 оныг хүртэл баримталж байсан бодлого, үйл ажиллагааны зарчим ялгаатай байсан нь л энэ их зөрүүг бий болгожээ. 2012 оны байдлаар Монголын төр 12 их наяд төгрөгийн актив бүхий 100 шахам компанийг эзэмшиж байв. Гэвч үйл ажиллагааны өгөөж нь нэг хувь ч хүрэхгүй хэмжээнд байжээ. Бизнесийн ямар ч туршлагагүй хүнийг улс төрийн зорилгоор шууд албан тушаалд томилдог, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар төрийн эзэмшлийн компанийн ТУЗ-ийн гишүүнээр автоматаар сонгогддог байдал нь компанийн засаглалын хувьд сулруулж, төсөвт нэмэр болохоосоо илүү дарамт болох нөхцөлийг бүрдүүлж байсан хэрэг.   
Төрөөс хэт хамааралтай байдал, төрийн онцгой эрх ямба эдэлдэг гаж тогтолцоо, эргээд түүнийхээ хариуд төрд үйлчилгээ үзүүлдэг энэ явуургүй байдал нь тухайн компанийн засаглалыг эрүүл бус болгож, өрсөлдөөний буюу бизнесийн зарчимд суурилсан шийдвэр гаргах үндсэн зарчмыг алдагдуулж ирсэн байна. Энэ нь Төрийн эзэмшлийн компаниудын бүтээмжийг бууруулах, үйл ажиллагааг нь үр ашиггүй болгохын хамт бодлого, хүний нөөцийг ч тогтворгүй болгож, нээлттэй бөгөөд ил тод байдлыг бууруулан, хээл хахууль, шахааны бизнес гэх мэт зохисгүй үйлдэл гарах нөхцөл болж байв. Улс төрийн зорилгоор хийгдсэн албан тушаалын томилгоогоор ирсэн дарга нар төрийн эзэмшлийн компанийг ашигтай ажиллуулахаас илүү алдагдлыг хэвээр үргэлжлүүлдэг нь нэг талаас бизнесийн мэдлэггүй томилгоогоор очсон менежментийн багийн алдаа, нөгөө талаас тогтвортой, дунд, урт хугацааны бодлого хэрэгжүүлэх боломжийг сонгуулийн циклээр солигдож байдаг дарга нар нь хэрэгжүүлж чаддаггүйтэй холбоотой. Энэ алдаанаас болж дээр дурдсан 100 шахам компани бараг бүгд алдагдалтай ажиллаж байлаа. Ашигтай ажилласан ганц, хоёрхон компанийн үзүүлэлтийг нийтэд нь нялзаан тооцож өчүүхэн бага ч гэсэн нэмэх баланс гаргадаг гаж тогтолцоог үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, Төрийн эзэмшлийн компаниудын алдагдлыг маш цөөн тооны компанийн өгөөж нөхөж байсан гэсэн үг. Тиймээс энэ байдлыг өөрчилж, төрийн өмчийн хувьчлал, менежментийн талаар олон улсын жишигт нийцсэн цоо шинэ эрх зүйн орчинтой болох талаар Монголын төр 2012 оноос тодорхой алхмуудыг хийе гэж санаачилсан нь үнэхээр цаг үеэ олсон, гэхдээ үр дүнгүй байлаа. Энэхүү ажлын хүрээнд дэлхийд нэгэнт туршигдаж, үр дүнтэй нь батлагдсан загварыг Монголын төрийн эзэмшлийн менежментэд нэвтрүүлэх ажлыг бодитоор эхлүүлээд хоёр жил өнгөрч байна. 

ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН КОМПАНИ Ч АШИГТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

Уг нь бүгд л ашигтай ажиллах ёстой. Гэвч Монголд төрийн эзэмшлийн компаниудын алдагдал нь ашгаасаа давдаг учраас ийм дэд гарчиг сонгочихлоо. Олон улсад хүлээн зөвшөөрөгдчихсөн бизнесийн загварын гол давуу тал, амин сүнс нь дээр хэлсэнчлэн “Төрийн шууд оролцоог бизнесийн үйл ажиллагаанаас тусгаарлаж, хязгаарлах”-д оршдог. Өөрөөр хэлбэл, төрийн эзэмшлийн компанийн үйл ажиллагаа нь улс төрийн нөлөөллөөс ангид, цэвэр бизнесийн зарчмаар явагддагт байдаг юм. Ингэснээр  шийдвэр гаргалт нь илүү түргэн шуурхай, үр бүтээлтэй, үйл ажиллагаа нь ил тод,  компани өөрөө тогтвортой, өрсөлдөх чадвартай болдог нь эдүгээ амьдрал дээр батлагджээ. “Темасек” л гэхэд 2012 онд 161 тэрбум ам.доларын хөрөнгөтэй байсан бол энэ оны эхний улирлын тайлангаар хөрөнгөө 242 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлж чадсанаараа дэлхий нийтэд төрийн эзэмшлийн компанийг зөв удирдахын үлгэр жишээ болсоор байна. Хэдий ийм амжилттай ажилласан ч хөрөнгө оруулалтын стратеги нь богино хугацаанд өндөр ашиг “хийх” биш, харин урт хугацаанд үнэлгээгээ өсгөх, тогтвортой өгөөжтэй байхыг чухалчилдаг. Өндөр боловсролтой, үр бүтээлтэй хүний нөөцийг хөгжүүлж, үүгээрээ дамжуулан өөрийн удирдлагад байгаа компаниудын үйл ажиллагааг илүү үр өгөөжтэй байлгаж чаддаг нь “Темасек” бизнесийн загварын бас нэг давуу тал. Сингапур улсын эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд тус компанийн оролцоо, хувь нэмэр маш өндөр байсан гэж судлаачид  үздэг.

ДЭЛХИЙД “РИО ТИНТО”, “БИ ЭЧ ПИ БИЛЛИТОН”, “ТЕМАСЕК ХОЛДИНГ”..., МОНГОЛД “ЭРДЭНЭС МОНГОЛ”
Монгол Улс дандаа л буруу замаар яваад байгаа гэвэл бас үнэнээс зөрнө. Урагшаа алхсан, хөгжилд хүрэх зорилгоо оновчтой тодорхойлж эхэлсний нэг нь “Эрдэнэс Монгол” компани. Бизнес, хөрөнгө оруулалтын салбарын зузаан туршлагатай Б.Бямбасайханыг захирлаар томилж, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээг амжилттай баталж чадсан. Тиймээс ч өнгөрсөн жил Оюутолгойн гүний уурхайн гэрээг батлах үеэр “Энэ цаг мөчөөс эхлэн Оюутолгой цэвэр бизнесийн төсөл болсон. Монгол Улс бизнест эргэн ирлээ” гэсэн дүгнэлтийг хийж байв. Мөн Монгол Улсын Засгийн газар төрийн эзэмшлийн компаниудын үйл ажиллагаанд шууд оролцохгүй, хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг гүйцэтгэх засаглал даган мөрдөж ажиллах эхлэл тавигдаж байв. Тодруулбал, 2016 оны хаврын чуулганаар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийг улстөрчид томилох бус бизнесийн зарчмаар тодруулж байх эхлэл ч тавигдсан. Иймээс ч өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани ТУЗ-ийн хараат бус гишүүдээ дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдээс сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Энд зориуд нэг зүйлийг тодотгоход, компанийн боловсон хүчнээс бүх зүйл шалтгаалдаг гэдэг Хүний хөгжил сангийн хуулийг өөрчлөх үеэр УИХ-ын дарга онцолж байсныг сануулъя. Тэрээр “Бизнес гэдэг бол тодорхой мэдлэг шаардсан ажил. Улстөрчид ажлынхаа хажуугаар үүнийг хийнэ гэдэг болохгүй юм байна гэдэг нь тодорхой болсон учир ойрын үед төрийн өмчийн хувьчлал, менежментийн талаар олон улсын жишигт нийцсэн цоо шинэ эрх зүйн орчинтой болно” гэсэн нь тэмдэглэгдэн үлджээ. Мөн “Энэ хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажил бол төрийн өмчийн удирдлагын асуудлыг зохицуулсан шинэ хуультай болох явдал юм” хэмээн мэдэгдэж, улмаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан гарсан юм. Нэг ёсондоо “Эрдэнэс Монгол”-ыг цэвэр бизнесийн зарчмаар хөгжүүлэх, бизнесийн шилдэг загварыг Монголд “нутагшуулах” ажлыг эхлүүлсэн нь цаашдаа “Эрдэнэс Монгол”-ыг дэлхийн хэмжээний компани болгох нөхцөлийг бүрдүүлж өгсөн. 
“Рио Тинто”, “Би Эч Пи Биллитон”, “Темасек Холдинг” гээд дэлхий дээр хөгжлийн загвараараа толгой цохиж байгаа бэлэн туршлага, бэлэн боломж байна. Энэ туршлагаас авч, “Эрдэнэс Монгол” жишиг компани болох загварыг амжилттай хэрэгжүүлснээр компанийн үр ашиг нэмэгдэх, Монголын буюу иргэдийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, тэдэнд ногдол ашгийг тогтмол хүртээх боломж бий болно. Өөрөөр хэлбэл, том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж улс орны ирээдүйд ч хөрөнгө оруулах бололцоог бий болгоно гэсэн үг юм. Гол нь улс төрийн ямарваа нэг нөлөөгүй ажиллаж чадвал л ийм боломжтой болно, бас ийм үр дүнд хүрнэ. Тиймээс ч УИХ, Засгийн газраас гарсан энэ төрлийн боломж олгох тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангаж, цааш амжилттай ажиллах л үлдлээ. Тэгж байж дэлхийд “Рио Тинто”, “Би Эч Пи Биллитон”, “Темасек холдинг” бизнесийн шилдэг загвар болдог шиг Монголдоо “Эрдэнэс Монгол” компани жишиг загвар болж, улмаар төрийн эзэмшлийн бүх компани ашигтай ажиллах эхлэл тавигдах биз ээ. “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” гэдэг.  Үүн шиг төрийн эзэмшлийн компаниудад хөгжлийн доргилт өгөх хэрэгтэй байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.