Д.Эрдэнэчимэг: Төрийн албан хаагчийн хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэгүй хамруулах тухай яриагүй, тийм зарчим ч байхгүй

2016.08.19 Баасан №076 (2107)

Б.Бадамгарав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонож дугаарлаад эхэлсэн байна. Бүртгэл хэдийгээр эхлэх вэ?
-Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 22-28-нд хийнэ. Өмнө нь эрхлэгч, багш нь суугаад бүртгэдэг байсан бол энэ жилээс бүртгэлийн комисс ажиллуулахаар боллоо. Комисст цэцэрлэгийн багш, ажилтан, харьяа хорооны төлөөлөл багтаж, зөвхөн хамран сурах тойргийн хүүх­дийг бүртгэх ёстой. Мөн энэ жилээс зорилтот бүлгийн хүүх­дүүдийг эн тэргүүнд цэцэрлэгт хамруулахад анхаарч байгаа.
-Боловсрол, соёл, шинжлэх  ухаан,  спортын яамнаас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ. Цэцэрлэгийн хүрэлцээ дут­маг байгаагаас үүдэн сугалаа явуулдаг болсон шүү дээ?
-Хүн амын нягтрал ихтэй бүст байрлах зарим цэцэрлэг сугалаа явуулах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. БСШУСЯ нөөц боломжоо ашиглан суудлын тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ онд ашиглалтад орох цэцэрлэгүүдийг боломжтой бол хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ажиллуулах, ашиглалтад орох хугацааг нь наашлуулахаар барилгын гүйцэтгэл хийж буй байгууллагуудтай хамтран холбогдох арга хэмжээг авч байгаа. Улаанбаатар хотод энэ жил 21 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Үүнд 3350 хүүхэд суралцана. Мөн 500 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, сургуулийн цог­цолбор шинээр ашиглалтад орох гэж байна. Тэгэхээр нийт 3850 хүүхдийн хүчин чадал шинээр нэмэгдэнэ. Мөн хувийн цэцэрлэгүүдтэй харил­цан тохиролцсоны үндсэн дээр ашигладаггүй сул суудлынх нь тоог гаргаж байгаа. Урьдчилсан байдлаар 2134 ороор цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн дүр зураг гарсан. Энэ бол хувийн цэцэрлэгт байгаа сул орон тоон дээр төрийн зардлаар санхүүжилт хийгээд хүүхдүүдийг төлбөргүй сургах зохион байгуулалт шүү дээ. Судалгаа, тооцоог хийж байгаа. Түүнчлэн 44 цэцэрлэг энэ онд үйл ажиллагаагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авсан. Эдгээр цэцэрлэгийг шинэ хичээлийн жилд үйл ажиллагаа явуулахад нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, төрөөс хэрэгжүүлдэг үйлчилгээгээ түргэн шуурхай үзүүлэх гэх мэтчилэнгээр зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэх ажлыг төрийн байгууллагууд хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажилдаа орсон. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр 50-70 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг нээх асуудал ярьж байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн  яам өөрсдийн бололцоонд тулгуурлан цэцэрлэг бай­гуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэ мэтчилэн төрийн байгууллагууд ажилч­дынхаа хүүхдийг цэцэрлэгт хамруулахад анхаарч байгаа нь цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тустай. 
-Төрийн албан хаагчийн хүүхдүүдийг  хувийн цэцэр­лэгт хамруулах тухай мэдээлэл гарсан. Энэ боломжтой юу?
-Ийм зүйл байхгүй. Яамны зүгээс төрийн албан хаагчдын хүүхдийг цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах, хувийн цэцэрлэгт төлбөргүй сургах талаар огт яриагүй. Ийм зарчим ч байхгүй. 
-Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид энэ жил хэдэн хүүхэд элсэх вэ. Бүртгэлийн талаар мөн тодруулж өгнө үү?
-Энэ жил улсын хэмжээнд 69100 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орох тооцоо гарсан. Үүнээс Улаанбаатар хотод 27629 хүүхэд элсэн суралцана. Сургуулийн тухайд бол хүүхэд бүрийг сургуульд элсүүлнэ. Нэгдүгээр ангийн бүртгэл энэ сарын 22-ноос эхэлнэ. 
-2016-2017 оны хичээлийн жилд сурах бичгийн хэв­лэлтийн ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
-Бага ангид хэрэглэх сурах бичгийг төрөөс 100 хувь хариуцдаг. Үүний дагуу бага ангийнхны хэрэглэх шинэ болон нөхөн олголтын сурах бичгийг сургуулиудад хүргэсэн. Дунд ахлах ангийн тухайд 40 хүртэлх хувь нь төрөөс хангагддаг. Дунд ангийн сурах бичиг хэвлэх, хүргэх ажил 85 хувьтай байна. Энэ сарын 20 гэхэд бүгд дуусна. Зах зээлд сурах бичиг худалдаанд гарч эхэлсэн. Дундаж үнэ нь 2400-2600 төгрөг байгаа.
-Агуулгын шинэчлэлт хийгдсэн үү?
-Бага, дунд ангийн сур­галтын агуулга шинэч­лэгд­сэн. Шинэчлэгдсэн агуулгын дагуу сурах бичиг хэвлэж байна. Харин ахлах ангийн сургалтын агуулгын шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан сурах бичиг зохиох ажил үргэлжилж байна.
-Энэ жил их, дээд сургуулийн төлбөр хэдэн хувь өсөх магадлалтай байгаа бол?
-БСШУС-ын сайд томи­логдсон даруйдаа төрийн өмчийн их, дээд сургуулийн удирд­лагуудтай уулзаж, сур­галтын төлбөрийн асуудлаар ярилцсан. Өнөөгийн амьдралын нөхцөл байдал хүнд байна. Иргэдийн амьдралын сайнгүй байгаа. Энэ нөхцөлд сургалтын төлбөрийг нэмэхгүй байх, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан санхүүгийн оновч­той менежмэнт хийх, сургалтын төлбөрөөс гадна бу­сад санхүү­гийн нөөц бо­лол­цоондоо тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулах боломжийг судлах үүргийг их, дээд сургуулийн удирдлагуудад өгсөн. Үүний дагуу их, дээд сургуулийн удирдлагууд энэ жил сургалтын төлбөрийг нэмэхгүй байх шийдэлд хүрлээ. 
-Хувийн өмчийн их, дээд сургуулийн төлбөрийн тухайд?
-Одоогоор хувийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдсэн тухай мэдээлэл алга. Ер нь их, дээд сургуулийн төлбөрийн хэлбэлзлийг тодор­хойлдог гол  хүчин зүйл нь төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөрийн хэмжээ байдаг. Төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй байгаа нөхцөлд хувийн сургуулиудын төлбөр нэмэгдэх боломж бага байх дүр зураг бий. Тиймээс хувийн сургуулиуд төлбөрөө нэмэхгүй байх гэж бодож байна. 
-Сургалтын төлбөрөөс гадна оюутнуудын санаа зовдог зүйл нь дотуур байрны хүрэлцээ байдаг. Энэ жилийн тухайд дотуур байрны хүрэлцээ хэр байх вэ. Хүсэлт өгсөн оюутан бүр хамрагдах боломж бий юү?
-Дотуур байрны төлбөрийн хувьд төрийн өмчийн их, дээд сургуулийн дотуур байр сарын төлбөр 35-40 мянган төгрөг. Өнгөрсөн жилийн тухайд дотуур байранд орох хүсэлт гаргасан оюутнуудын 88 хувь нь буюу 11 мянга гаруй оюутан хамрагдсан. Энэ жилийн тухайд ч энэ орчим байх болов уу гэж бодож байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.