Сурагчид хуучин дүрэмт хувцасаа хандивлаж байна

2016.08.19 Баасан №076 (2107)

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлсэн энэ үед эцэг, эхчүүдэд шинэ дүрэмт хувцас авах нь хүндрэлтэй байдаг. Хоёроос дээш хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, өрх толгойлсон эх гэх мэтчилэн амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд туслах зорилгоор “Гүнж” төвөөс санаачлан “Хуучин дүрэмт хувцсаа хандивлая” аяныг зохион байгуулж байгаа ажээ. Тус аянд зөвхөн хуучин дүрэмт хувцас төдийгүй цүнх, үзэг балны сав, ном зэргийг ч иргэд хандивлаж байгаа юм байна. Аяныг зохион байгуулагчид иргэдийн идэвх оролцоо сайн байгааг онцолж байсан. Түүнчлэн аяны цар хүрээг өргөжүүлэх зорилгоор “Модерн номадс”-ын сүлжээ зоогийн газруудаар хуучин дүрэмт хувцас хүлээн авахаар болсон байна. “Хуучин дүрэмт хувцсаа хандивлая” аян явагдаж эхэлснээс хойшхи хугацаанд арав гаруй дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэглэлүүд цуглажээ. Нийт цугласан дүрэмт хувцасыг тараахдаа хороодын нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллах юм байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.