Их Британичууд шийдвэрээ гаргалаа

2016.06.24 Баасан №072 (2103)

Европын холбоонд гишүүнчлэлээ хадгалах эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт Их Британид өчигдөр явагдлаа. Санал авах байрууд орон нутгийн цагаар өглөөний 07.00 цагт нээгдэж, 22.00 цагт хаагдсан (Монголын цагаар 23-ны 15.00- 24-ний өглөөний 06.00 цаг). Одоогоо санал тооллого үргэлжилж байгаа юм. Санал хураалтыг угтан явуулсан судалгаагаа Их Британийг Европын холбооноос гарах (“Brexit” гэж нэрлэж буй) магадлал илүү хэмээн зөгнөж байсан юм. 
“Daily Mail” сонин, ITV телевизийн захиалгаар “ComRes” агентлаг энэ сарын 17-22-ны хооронд утсаар санал асуулга явуулахад иргэдийн 48 хувь нь холбоонд үлдэх нь зөв, 42 хувь нь гарах хэрэгтэй, 10 хувь нь одоогоор шийдвэрээ гаргаагүй гэсэн хариулт өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл “Brexit” болох эсэхийг эргэлзэж байгаа хүмүүс шийдэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. 
Эрх баригч Уламжлалын намын хувьд лидерүүд нь хоорондоо энэ асуудлаар хагаралтай байгаа. Ерөнхий сайд Д.Кэмерон Европын холбоонд үлдэх нь зүйтэй гэж үзэж байгаа бол Лондон хотын мэр асан Борис Жонсон зэрэг нөлөөтэй гишүүд үүнтэй санал зөрөлдөөд буй. Үлдэхийг хүсэгчид тайлбараа эдийн засагтай холбон тайлбарлаж байгаа билээ. 
Энэ асуудлаас болоод Их Британийн нийгэмд талцал үүсч, сөрөг хандлагууд ч ажиглагдаж байна. Парламентын доод танхимын гишүүн, Уламжлалын намын төлөөлөл Жо Коксын амь насыг хөнөөсөн хэргийг Европын холбооноос тусгаарлах үзэл баримтлалтай нь холбож, улс төрийн ашиг хонжоо олох оролдлого ч гарсан. Талийгаач Их Британийг Европын холбоонд үлдэхийг иргэдэд уриалан кампанит ажил өрнүүлж байсан бөгөөд эрх баригч намынхан Жо Кокс агсны нас барахаасаа өмнө гарын үсэг цуглуулж, ЕХ-нд үлдэхийг уриалж буй баримт бичгийг албан ёсны вэб хуудастаа байршуулж, “Конгрессын гишүүн Жо Кокс ЕХ-нд үлдэхийг маш хүчтэй дэмжин байр сууриа илэрхийлж байсан. Энэ түүний сүүлчийн уриалга байсан” гэсэн ухуулга сурталчилгааг идэвхтэй явуулж байгаа юм. 
Хамгийн сүүлд авсан мэдээллээр, “YouGov” судалгааны агентлаг санал асуулга болохоос нэг хоногийн өмнө түүврийн аргаар тандалт явуулахад 51 хувь нь Европын холбоог орхих саналтай байгаа гэсэн дүн гарчээ. 
Ямартай ч их британичууд иймэрхүү нөхцөл байдалтайгаар санал хураалтдаа орлоо. Санал асуулгын дүн маргааш гэхэд эцсийн байдлаар тодорхой болно. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.