Азийн орнуудын алт хууль бусаар Хятад руу цутгаж байна

2016.06.24 Баасан №072 (2103)

Сүүлийн үед дэлхийн зах зээлд алтны ханш үлэмж нэмэгдэж, дэлхийн улс орнууд шар металлын нөөцөө нэмэгдүүлэхийг хичээх болсон билээ. Ялангуяа БНХАУ, Энэтхэг энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж буй. Тэгвэл БНХАУ-ын санд орж байгаа алтны нэлээд хэсэгт нь Зүүн Өмнөд Азийн орнуудад хууль бусаар олборлогдсон байдаг гэсэн мэдээллийг “Ройтерс” агентлаг цацлаа. Сэтгүүлч Розмари Франческогийн бичсэн “Филиппиний хар зах зээл БНХАУ-тай алтан холбоотой” хэмээх нийтлэлийг хүргэе. Бичигч бээр Филиппиний өмнөд хэсэгт орших гар аргаар алт олборлодог уурхайнуудаар явж, сонир-хол­той сурвалжлага болгон уншигчдын хүртээл болгожээ. 
“Дивата уул, 2012 оны наймдугаар сарын 22. Эрих Мулато бол энд хэдэн зуугаараа байх, 24 цаг зогсдоггүй жижиг уурхайнуудын нэгт ажилладаг эр. 53 настай, зургаан хүүхдийн эцэг Эрих олсон алтаа тушаахаар алтны дэлгүүрийг зорьж иржээ. Тэрбээр 5,49 грамм алт тушааж, 8260 песо авсан нь 200 ам.доллартай тэнцэх мөнгө юм. Энэ бол Манилын жирийн хар ажилч¬ны өдөрт олдог хөлснөөс 16 дахин их гэсэн үг билээ. Алтаа тушаасныхаа дараа Эрих тамхи баагиулах завсраа “Энд бид харьцангуй хялбар аргаар мөнгө хийж байна. Худалдаж авья гэснээ худалдаж авах боломжтой, ер нь энд амьдрал сайн байна” гэж өгүүллээ.
Гэхдээ энэ бол зөвхөн түүний хувьд л сайн бөгөөд Филиппиний засгийн газрын хувьд бол сайн зүйл огт биш юм. Учир нь Мулатогийн гараар олборлогдсон алт Филиппинд алт худалдаж авах албан ёсны эрхтэй Bangko Sentral, Pilipinas Төв банкны аль нэгэнд очихоосоо илүү хэн нэг жуулчны цүнх, машины тээшинд нуугдан хил давах юм уу, Манилагийн хар зах дээр гарах магадлал өндөр аж.
Филиппинд гар аргаар олборлогдсон алтны 90 хүртэлх хувь нь алт худалдан авагчдын гараар дамжин буруу замаар ордог гэсэн судалгаа байдаг юм байна. Худалдан авагчдын ихэнх нь БНХАУ-ын иргэд байдаг ажээ. Энэ байдлаас болж Филиппин улсын хүлээж буй алдагдал үлэмж юм. Дэлхийн хамгийн их алт олборлогч 18 орны нэг энэ улс өнгөрсөн жил нэг сая шахам унци алт экспортолж, 1.6 тэрбум ам.доллар олжээ. Энэ их алтны 56 хувь нь гар аргаар алт олборлодог, жижиг уурхайнуудаас орж ирсэн гэхээр жил бүр хэчнээн их алт хууль бусаар гадагшаа гарч байгааг тооцоолох аргагүй юм.
Филиппиний Төв банк Засгийн газар хамтран өнгөрсөн оноос эхэлж алтны худалдаанд ногдуулах татварыг багасгасан нь энэ төрлийн хар зах зээлтэй тэмцэх зорилготой байжээ. Гэвч долоон хувийн татвар нь хилийн чанад руу хууль бусаар гарах алины урсгалыг тог­тоож хүчрэхгүй гэсэн байр суурийг цаг­даагийн газар нь илэрхийлж байгаа аж.
Филиппин улсыг заримдаа “1000 арлын улс” гэж нэрлэдэг. Үнэхээр ч тус улс 7100 арлаас бүрддэг бөгөөд тус бүр­дээ ямар ашигт малтмал байдгийг бүрэн тогтоогоогүй учир хянахад тун бэрх гэнэ.
Жижиг уурхайнуудын хамтын ажил­лагааны байгууллагын бичиг хэргийн ажилтан Рекс Бангаван “Жижиг уурхайд олборлогдсон бараг бүх алт хар зах дээр гардаг. Учир нь тэнд татвар гэж юм байдаггүй юм” хэмээн ярьж байна. Алт худалдан авах, худалдах үйл ажиллагааны ихэнх нь нутгийн хойд хэсэгт орших Багио хотод явагддаг аж. Үүний дараа худалдаа “автоматаар” хууль ёсны болдог ажээ. Компостела мужийн захирагч Артур Уй хууль бус наймаачдын ихэнх нь Хонконгоос ирдгийг дурдаад, “Гар аргаар олборлосон алтны бараг 90 хувь нь хууль бус наймаачдын гараар ордог” гэсэн юм. Рекс Бангаван, Артур Уй нар хоёулаа 90 хувь гэдэгт санал нэгдэж байгаа нь сонирхол татна. Дивата ууланд байр уурхайнуудын дөрөвний нэг нь хятад буюу хятад гаралтай эздийн мэдэлд байдаг гэсэн мэдээллийг тэрбээр бидэнд өглөө 

Хууль бус наймаачдын давралт

Жижиг уурхай, гар аргаар алт олборлогчдоос Төв банкинд тушаасан алтны хэмжээ энэ жилийн хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 98 хувиар унажээ. Уг нь бол Үндэсний хэмжээний уурхайгаас эхлээд Мулато шиг хүмүүсийн олборлосон бүх алт Төв банкинд цугларах ёстой бөгөөд Төв болоод эрх бүхий банкууд дэлхийн зах зээлийн үнэтэй ойролцоо үнээр худалдаж авах үүрэг хүлээдэг юм. Энэ оны эхний хагаст цугларсан нийт алтны хэмжээ өнгөрсөн оныхоос даруй 92 хувиар багасчээ.
Алтны хууль бус наймаа хөгжиж буй орнуудад жинхэнэ утгаараа “цэцэглэдэг” юм байна. Канад, Сьерра Леон улс энэ хууль бус үзэгдлийг багасгахын тулд алтны худалдааны татварыг бараг хоёр дахин багасгах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан бол Буркина Фасод гар аргаар олборлогдсон алтны бараг 60 хувь нь хууль бусаар гадагш гардаг гэдгийг албаны хүмүүс нь өгч байгаа аж.
Монголын “Ногоон түмпэн үүрсэн нинжа” нар Хятадын өсөн нэмэгдэж буй алтны хэрэгцээг хангалцдаг. Монголын алт олборлогчид филиппиний адилаар олсон бүх алтаа Төв банкиндаа тушаах ёстой байдаг ч 10 хувийн татвар төлдөг нь тэднийг хууль бус наймаачид руу зүглэхэд хүргэдэг байна. БНХАУ-ын иргэд сүүлийн үед Африк болон бусад оронд хууль бусаар алт худалдаж авах, олборлох нь эрс нэмэгдэж байна. Гана улсад энэ байдал сүүлийн үед тод мэдрэгдэх болжээ. 

Ойлгомжгүй статистик

Алтыг хар зах дээр худалдах, жуулчны визээр орж ирсэн хүмүүс хууль бусаар хил давуулах, эсвэл гадаад хүмүүс шууд уурхайн хажууд байрлаж байгаад гар дээрээс худалдаж авах явдал түгээмэл байдгийг Филиппиний эрх баригчид мэддэг ч таслан зогсоох ажил төдийлөн амжилтад хүрэхгүй байгаа юм. 
Филиппиний Уул уурхайн асуудал эрхэлсэн сайд Леон Жасарено “Алтны хууль бус худалдааны дийлэнх нь олны нэрлэж заншсанаар “Бинондо” буюу Хятад хороололд хийгддэг гэсэн мэдээлэл бидэнд бий” хэмээн ярьж байна. Энэ замаар орсон алтны ихэнх нь Гонконгоор дамжин Хятад руу “урсдаг” аж.
БНХАУ бол алтны хэрэгцээгээрээ Энэтхэгийг гүйцэж түрүүлэн дэлхийд нэгдүгээрт бичигдэх болсон орон. Энд алтны импортыг хатуу хянахын зэрэгцээ энэ талын мэдээ мэдээллийг олон нийтэд дэлгэхийг хориглодог. Тиймдээ ч хичнээн хэмжээний алт хууль бусаар орж ирж байгааг мэдэх аргагүй. Гэхдээ Гонгконг алтны нийлүүлэлтээр толгой цохидог, оруулж ирэх алтны хэмжээ нь сүүлийн хагас жилд өнгөрсөн оны мөн үеийнхээс зургаа дахин нэмэгдсэн гэсэн мэдээллийг бид олж чадсан юм. 

Алтны нөөц багасч байна

Сүүлийн үед алтны нөөц багасч байгаа ч үүний хэрээр үнэ нь нэмэгдсэн учир уурхайчдын хувьд онцын нөлөө үзүүлдэггүй байна. “1980 онд нэг шуудай шорооноос 5-10 грамм алт гардаг байлаа. Гэсэн ч граммын үнэ нь ердөө 160 песо /3.82 ам.доллар/ байсан учраас орлого гээд байх юм тун бага байсан. Одоо бол шорооноос гарах алт багассан, гэхдээ үнэ нь тун өндөр болсон шүү” гэж 51 настай уурхайчин ярьж байна. Газрын гүн рүү шурган орсон хонгилд динамит тэсэлж алттай шороо гаргаж авна гэдэг маш хүнд хүчир ажил юм. Гэвч уурхайчид ажлаа хийсээр, тэндээс гарсан алт БНХАУ руу урссаар л байна”.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.