Таны зээлийн 50 хувийг улс төлнө

2016.06.24 Баасан №072 (2103)

М.ЦЭЦЭГ

Улаанбаатарын гэр хороололд 200 мянга гаруй өрх амьдардаг гэж үзвэл өдий тооны утаа яндангаас гарч байгаа гэж ойлгож болно. Гэр хорооллыг барилгажуулж байж утаа, хөрсний бохирдлоос салах нь гарцаагүй. Тиймээс нийслэлийн удирдлагууд “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийг эхлүүлж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 7500 орчим айлын орон сууцны барилгыг барьж эхлээд байна. Цаашдаа гэр хорооллыг дахин төлөвлөхөд иргэдийн оролцоог нэмэх шаардлагатай гэж үзжээ. Энэ нь иргэд өөрсдөө хашааны газраараа нэгдэн барилга бариулах, одоо амьдарч байгаа хашаа байшингаа инженерийн шугам сүлжээнд холбох юм. Тиймээс “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан. Иргэд ч энэ хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байна. 

Зээлсэн мөнгөний талыг нь улсаас төлж өгнө
“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдах иргэдэд ердөө ганцхан болзол тавина. Тэр нь хашааны газартай байх. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлж байгаа бол 10-15 сая төгрөгийн зээл авах боломжтой. Авсан зээлийнх нь 50 хувийг төрөөс төлөөд өгчихнө. Ингэхдээ улсын төсвөөс 25, нийслэлээс мөн хувийг нь төлж өгнө. Үлдсэн  төлбөрөө тухайн айл 20 жилийн хугацаанд барагдуулна. Эхний  хоёр жил төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой. Гэхдээ энэ мөнгийг иргэдийн гар дээр бэлэн олгохгүй. Тухайн айл инженерийн шугамд холбогдох зургаа гаргаж нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулна. Батлуулсан зураг төслөө мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх бөгөөд тухайн компанийн дансанд мөнгийг нь шилжүүлэх юм. Өөрөөр хэлбэл танайх цэвэр, бохирын шугамаа мэргэжлийн компаниар хийлгээд төлбөрөө төлүүлчихнэ гэсэн үг. 

Хашааны газраа нийлүүлээд орон сууц бариулсан ч болно
Хэрвээ одоо байгаа хашаандаа шугам сүлжээ татуулахгүй гэж үзвэл айл хөршөөрөө хашааны газраа нийлүүлээд орон сууц бариулж болно. Танайх ойр хавийн 20 айлтайгаа газраа нийлүүлж “Сайн хашаа” хөтөлбөрийн 15 сая төгрөгөө нийлүүлж дэд бүтцээ татуулчина. Үүнийхээ дараа дэд бүтэцтэй газраа барьцаалж банкнаас зээл аваад барилгын компаниар орон сууц бариулж, өөрсдөө ороод үлдсэн байраа борлуулаад мөнгөө авчихна. Үлдсэн байраа яаж борлуулна даа гэж тархиа гашилгах хэрэггүй. Илүү гарсан орон сууцыг нийслэл худалдаж авна. Зээлээр борлуулна гэвэл гэр хорооллын газар дээр барьсан барилгад таван хувийн зээл олгох Засгийн газрын тогтоол байгаа. Энэ мэтээр хашааны газраа барьцаалан бизнес хийх боломжийг ч “Сайн хашаа” танд олгож байгаа юм. 

Д.Баттулга: Иргэддээ бизнес хийх боломжийг давхар олгож байгаа

Энэ талаар нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ингэж ярилаа. 
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцад иргэд газраа чөлөөлж өгөөд компани хэзээ орон сууц барьж өгөх нь вэ гээд  хүлээгээд суучихаж байгаа. Компаниуд зарим нь сайн ажиллаж хурдан хугацаанд орон сууц бариад айлуудаа оруулж байна. Зарим нь ч асуудалтай байгаа. Цаашид гэр хорооллыг барилгажуулахад иргэдийн өөрсдийнх нь оролцоог нэмье гэж төлөвлөсөн. Тэгж байж том бүтээн байгуулалт болох юм байна. Энэ үндсэн дээр Засгийн газарт санал тавиад “Сайн хашаа” хөтөлбөрийг баталж өгсөн. Одоо иргэд ашиглах үлдлээ. Сүхбаатар дүүрэгт айлууд хөдөлгөөн өрнүүлж 192 айл нэгдсэн байгаа. Дэд бүтцийн мөнгийг “Сайн хашаа” хөтөлбөр шийдээд өгчихлөө. Дээр нь газраа банкинд барьцаалах боломжтой болчихож байна. Тиймээс 200 айл нэгдээд 15 сая төгрөг зээлэхэд гурван тэрбум төгрөг болчихож байгаа юм. Гурван тэрбумаар дэд бүтцээ бүрэн шийднэ. Цахилгаан, цэвэр бохир, дулааны асуудлаа шийдүүлчихнэ гэсэн үг. 200 айлын хашаа нийлээд 6-7 га газар болж байгаа. Энэ бол маш том газар шүү дээ. Тэгэхээр дэд бүтэцтэй 6-7 га газрыг банкинд барьцаалахад нэлээд үнэд хүрнэ.  Энэ мөнгөөрөө компаниа өөрсдөө сонгоод, хяналтаа тавиад барилгаа бариулчих.  Ашиглалтад орсны дараа 200 айл  нь өөрсдөө ороод илүү гарсан байрыг нийслэл түрээсийн орон сууцаар худалдаж авъя. Эсвэл зээлд хамруулна гэвэл таван хувийн ипотекийн зээлээр олгох боломжийг Засгийн газар гаргасан. Мөнгөнийхөө тодорхой хэсгийг банкны зээлэндээ өгч таарах байх. Үлдсэн мөнгөөр бизнесээ өргөтгөх боломжтой. Энэ нь иргэд өөрөө өөрсдийнхөө төлөө ажилла. Энэ боломжийг хот гаргаж өгье гэж байгаа юм. Ингэвэл хот дорхноо өөрчлөгдөнө. Одоо бол нэг компани иргэдийг гуйгаад л, гэрээ байгуулъя. Танайхыг нүүлгэе, түрээсийн төлбөрийг төлье гээд цаг хугацаа их зарцуулж байна. Гэр хорооллыг орон сууцанд оруулах бүх барилгыг компаниудаар бариулъя гэвэл 40-50 жил шаардлагатай. Харин богино хугацаанд хийе гэвэл иргэдийг өөрсдийг нь идэвхжүүлж, боломжийг нь нээгээд өгчихье л гэж байгаа хэрэг. Иргэд зөвхөн орон сууцтай, дэд бүтэцтэй хашаа байшинд амьдрахаас гадна мөнгөтэй, бизнестэй болох боломжтой болж байгаа юм.
-Бусад айлуудтай нэгдэхгүй, зөвхөн өөрийнхөө хашаанд дэд бүтэц татуулж болох уу?
-Болно. Олон боломж байгаа. Ганцаараа, одоо байгаа байшингаа дулаалаад халаалт, дулаан, цэвэр усны шугамд холбогдъё гэвэл асуудалгүй. Гэхдээ шугам сүлжээ нь хажуугийн айлуудын хажуугаар явж танайд ирнэ. Тиймээс нийлж нэгдвэл илүү ашигтай. Ганцаараа газраа барьцааллаа гэхэд хаус барих мөнгө зээлэхээс таван давхар орон сууц барьж дийлэхгүй. Тиймээс хорших нь уг нь ашигтай байгаа юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.