ОУВС АНУ-ын 2016 оны эдийн засгийн өсөлтийн таамгийг буурууллаа

2016.06.24 Баасан №072 (2103)

Б.Түвшинзаяа     

Вашингтон хот-Дэлхийн валютын сан энэ долоо хоногт АНУ-ыг 2016 онд эдийн засаг нь 2.2 хувийн  өсөлттэй байна гэж таамаглажээ.  Энэ нь өмнө гаргасан 2.4 хувиас доогуур байгаа нь бууралттай байгаа газрын тосны үнэ, чангарч буй ам.долларын ханш, мөн Их Британи Европын Холбоог орхисноос үүдэж болзошгүй санхүүгийн хямралаас үүдэлтэй аж.  Их Британчууд Европын Холбоог орхих шийдвэр гаргасан тохиолдолд ам.долларын ханш улам чангарч улмаар АНУ-д хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулах орчин бүрдэнэ хэмээн эдийн засагчид үзжээ. 
2008 оны хямралаас өдийг хүртэл Холбооны Банк бодлогын хүүг тогтмол буулган хамгийн доод төвшинд барьж байсан ч эдийн засаг тэлэлттэй байна гэж үзэн анх удаа 2015 оны арванхоёрдугаар сард 0.25 хувиас өсгөж 0.50 хувь болгосон.  Гэвч энэ сарын бодлогын зөвлөлийн шийдвэр эдийн засгийн удааширлыг авч үзэн бодлогын хүүг өсгөлгүй хэвээр үлдээв. Эдийн засагчдын үзэж байгаагаар бодлого тодорхойлогчид яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол 2000 оны эхээр гурван хувиас дээгүүр өсөлттэй байсан эдийн засаг цаашид дөнгөж хоёр хувь хүрэх төдий өсөлттэй байж болзошгүй гэжээ. Олон улсын валютын сангаас Вашингтон дахь эрх баригчдад хандаж байгууллагын албан татварын бүтцийг шинэчлэх, доогуур орлоготой иргэдэд зээлийн боломж олгох, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг өсгөх, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх зэрэг зөвлөмжүүдийг хүргүүлсэн байна.  
2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамп, Хиллари Клинтон нар тус бүрдээ олон улсын худалдааг өргөжүүлэх Транс Номхон далайн түншлэлийн гэрээг шүүмжилсэн байр суурьтай байгаа нь анхаарал татаж байна. Доналд Трамп БНХАУ-ын импортын бараанд 45 хувь хүртэлх тариф тогтоох тухай амалсан нь эдийн засагчдаас шүүмжлэл дагуулжээ. Энэ оны эхний таван сарын байдлаар АНУ-ын эдийн засаг 18,23 триллион ам.долларт хүрч ажилгүйдлийн тоо нийт хүн амын 4.7 хувьтай тэнцсэн байна. 

Эх сурвалж: IMF, 
Wallstreet Journal, 
Federal Reserve Bank 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.