Ж.Уранчимэг: Тайзаа хэзээ ч орхихгүй

2016.06.24 Баасан №072 (2103)

Б.БАДАМГАРАВ

Монголын эстрадын нэрт дуучин, гавьяат жүжигчин Ж.Уранчимэгтэй ярилцлаа.  

-Анх таныг эстрад урлагт оруулсан, олны танил болгосон дуу тань “Эх үрсийн элбэрэл” гэж сонссон. Энэ дуу төрсөн түүхээр ярилцлагаа эхлүүлье?
-Би хүүхэд наснаасаа л урлагийн ертөнцөд орсон. Төмөр замын “Ганзам” чуулга, Пионерийн ордны дуучин байлаа. Аравдугаар ангиа төгсөх үед манай улсад анхны эстрадын дуучдын улсын уралдааныг Соёлын яамнаас зарлахад оролцсон. Уралдааны болзлын дагуу гуравдугаар шатанд тэнцсэн хүн өөрийн гэсэн нэг дууг шинээр амьдруулах ёстой байсан. Намайг гуравдугаар шатанд үлдэхэд Д.Бэхбат, Л.Гаваасүрэн гэж хоёр сайхан ах минь дуугаа өгсөн.Яруу найрагч Л.Гаваасүрэнгийн ээждээ зориулж бичсэн анхны шүлэг нь “Эх үрсийн элбэрэл” юм байна лээ. Энэ дуу өнөөдөр хүртэл эгшиглэсээр байгаад их баярладаг. Би энэ дуугаараа хөтлүүлж Монголын эстрадын урлагт 37 дахь жилдээ амьд дуу хоолойгоороо ая дуугаа өргөж байна. Амьд гэдгийг онцолж байгаа учир нь "Баянмонгол"-д анх орохоосоо л эхлээд амьдаар дуулж байна. Ам барьж огт үзээгүй. 
-Дууны олон төрлөөс яагаад эстрад урлагийг сонгосон бэ. Цоглог зан тань нөлөөлөв үү?
-Тэр үед цоглог байгаагүй шүү. Төмөр замын сургууль төгссөн даруухан жаахан охин байлаа. Хоёр салаа гэзэгтэй, их ичимхий. Тухайн үед эстрад урлаг манайд үүсч хөгжөөд удаагүй байсан. Шинэ зүйл байсан учраас залуус, хүүхдүүдийн сонирхлыг маш их татаж байсан. Зурагтаар гадаадын дуучдыг их сонсдог байлаа. Тэр үеэс л эстрадын урлагт хайртай болсон. Л.Оюунчимэг, Б.Нандинцэцэг, Х.Төмөрбаатар, Н.Янжиндулам зэрэг дуучин гарч ирж байлаа. Н.Янжиндулам эгчийн яг дараагийн дуучин нь би. Хүсч тэмүүлсэн зүйл минь өнөөдөр биелсэн. Зорьсондоо хүрэхийн тулд хөдөлмөрлөх ямар чухал гэж санана. Энэ олон жил хөдөлмөрлөж, урлагийг хайрлаж, зүтгэснийх түүнийхээ үр шимийг хүртээд гавьяат жүжигчин болсон. Төрийн дээд шагнал "Алтангадас" одон хүртсэн. Амьдралын жаргалтай, зовлонтой аль ч үед урлагаа би орхиогүй. Нялх хүүхдүүдээ Соёлын яамны  24 цагийн яслид өгөөд, хөгжим бүжгийн дотуур байранд амьдруулж том болгосон доо. 
-Тэр үед хүүхдүүдээ орхиод явахад хэцүү байдаг байсан байх. Өөр ажил хийе гэж бодож байгаагүй юу?
-Үнэхээр хэцүү байсан. Би хөдөө тоглолтоор явахад 30-40 хоног явчихна. Амралтын өдрөөр аав, ээж маань цэцэрлэгээс нь авч гэртээ байлгана. Ингэж байсаар охид минь өсч том болсон. Одоо хоёр охин маань хоёулаа урлагийн хүн болсон. Хүү маань хийл хөгжмийн багш. Анхны ханиасаа хоёр жаахан охинтой үлдэхдээ хүүхдүүдийнхээ төлөө юу ч хамаагүй хийгээд хөдөлмөрлөөд явах уу, урлагтаа үлдэх үү гэдэг сонголт гарахад би урлагаа л сонгосон. "Баянмонгол" чуулгадаа ирж, уран бүтээлдээ орсон. Гэвч зах зээл гарсны дараа чуулга тарж, 20 жил дуулсан хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаад бид нар шиг залуусыг чөлөөт уран бүтээлч болгосон. Ёстой л амь амиа бодоорой гэж байгаа юм. Тэр үед С.Цэрэнчимэд, Б.Нандинцэцэг эгч хоёртой “УАЗ69” машин дээр хөгжмөө ачаад л хөдөө, гадаагүй тоглолтоор явна. Нэгдүгээрт, зах зээлийн хүнд үед ард түмэндээ урлагаар үйлчилж байсан. Хоёрдугаарт, олсон орлогоо хувааж, амьдралаа залгуулж байсан. Их ч юм үзсэн дээ, эгч нь. Ханиа алдсаны дараа ээжийгээ ч алдсан. Хүүхдүүдээ өсгөх, аавыгаа асрах гээд том ачаа үүрсэн. Гэхдээ эргээд харахад энэ бүхнийг ямар гайхалтай давж гарсан юм бэ гэж боддог. Хэрвээ би тухайн үед ганзагын наймаа хийгээд явсан бол хүмүүс дээр үед “Эх үрсийн элбэрэл”-ийг дуулаад явдаг байсан юм гэнэ лээ гэж ярих байсан байх. Харин одоо бол би урын сандаа олон дуутай, жил бүр Мартаар тоглолтоо хийж, ард түмэндээ уран бүтээлээ өргөн барьсаар байна. 
-1978 оноос хойш таны уран бүтээлийн хамгийн оргил үе хэзээ тохиосон гэж боддог вэ? Эсвэл оргил үедээ байна уу?
-Хүн хэзээ ч болчихлоо гэж боддоггүй. Тайз бүр шинэ. Үзэгч бүхэн шинэ. Энэ дууг 30-40 жил дууллаа гэж бодож байгаагүй. Дуулаад тайзнаас буусны дараа үзэгчид зургаа авахуулъя гээд бүчээд ирдэг. Миний ард түмэн гоё шүү дээ. Анх би тайзан дээр гарахдаа ямар харагдаж байгаа бол гээд санаа зовдог байлаа. Харин одоо бол хүний төлөө хөдөлмөрлөж, өөрөө дуундаа орж, өөрөө бүжиглэж байж үзэгчээ дагуулна гэдгийг ойлгосон. Амьдралд юу ч тохиолдсон бай, тайзан дээр гарахдаа тэр бүгдээ хаях ёстой. 
-Анх нэрд гараад олонд танигдаад эхлэхэд ямар санагдаж байв?
-1980-аад оны үед хүмүүс их даруухан байлаа. Хэвлэл мэдээлэл ч цөөн байлаа. Хааяа нэг хэвлэлд гардаг байсан. Нийтийн тээврээрээ зорчино. Налайхын уурхайд ороод ч тоглож байлаа. Хүүхдийн хувцасны үйлдвэрт тоглолтоо хийдэг байсан. Ард түмний хүндлэл сайхан. Түүнийг дааж явах ёстой. Тиймээс бид даруу байх ёстой. Хүмүүс хайрлах тусам, тоглолтод урих тусам би даруу болдог. Урьж байгаад нь маш их баярладаг. 
-Одоо дуучны ханш өндөр болсон. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Зарим хүн ханшаа тогтоосон байдаг юм байна лээ. Уригдаж байвал та рейтингтэй байна, ард түмэн таныг хүсч байна гэсэн үг. Хэрэв та уригдахгүй байгаа бол хоцрогджээ гэж ойлгох ёстой.  Байнгын тоглолттой байгаа минь ард түмний ач. Заримдаа их хөгжилтэй, утсаар ярихдаа "Та хэд вэ" гэж асуудаг (инээв). Цочоод "Юу вэ, та өөрийгөө танилцуул л даа" гэхээр хэрэг зорилгоо хэлдэг. 1980-аад оноос хойш би оролцсон бүх тоглолтынхоо тайланг бичсэн. Хэд хэдэн том зузаан дэвтэр бий. Эргүүлээд үзэхэд түүх шүү дээ. Би тоглолтод урьсан хүнтэйгээ ярилцаж байж үнэ мөнгөө тохирдог. Зарим нь надад бүр илүү мөнгө өгдөг. Утсыг маань өөр хүнд дамжуулаад өгчихсөн, дараагийн хүн нь намайг урьдаг. 
-1980 оноос хойш тоглолтуудынхаа тухай тэмдэглэл бичсэн гэхээр та 40 жилийнхээ ойгоор дурсамж ном гаргаж болох юм биш үү?
-Яг энэ үгийг саяхан надад хэд хэдэн хүн хэлж байсан шүү. Таны тухай кино хийж болдоггүй юм уу, та ном гаргаач гэж хэлсэн. Олон жил урлагт зүтгээд ханиасаа хагацаад, хатуу хөтүүг туулаад гарсан юм чинь сайхан ном бичээч гэдэг. Тэгэхээр нь та нар эвлүүлээд ном гаргавал надад материал нь бэлэн байна шүү гэдэг юм. 
-Сүүлийн үед хандивын тоглолтууд их зохион байгуулж байгаа байх аа?
-Хорт хавдартай өвчтэй хүмүүст зориулан сүүлийн 2-3 жилийн дотор 15 удаагийн хандивын тоглолт хийсэн. Хамгийн сүүлд “Сувилагч чамдаа баярлалаа” тоглолтыг Олон улсын сувилагчдын баяраар буюу энэ сарын 1-нд санаачлан зохион байгуулж,  хорт хавдартай гурван сувилагчийн эмчилгээнд нь зориулж хандив өгсөн. Энэ ажлыг Сувилагчийн нийгэмлэг, эрүүл мэнд, спортын яамнаас үнэлж, баяр хүргэсэн. Мөн хөдөө орон нутагт үргэлжлүүлж тоглолт хийе гэж санал тавиад байгаа. 2007 оноос эхлээд хорих ангиудаар тоглолтоо хийсэн. Дуу бол хүний сэтгэлийг хөглөж, уярааж, баярлуулдаг маш хүчтэй зэвсэг. Дуу сонсч алга ташдаг нь ард түмэн. Ард түмний алга ташилтаар бид өдий зэрэгтэй яваа. Тиймээс ард түмнээ хүндлэх ёстой. Тайзан дээр энгийн хувцастай гарч хэзээ ч болохгүй. Тайзны соёлтой байх ёстой гэж боддог.
-“Бидний нандин дуунууд” тоглолт үнэхээр хүмүүсийн дурсамжийг сэдрээсэн?
-Анхны санаачлагч нь би. Тэгээд үеийнхээ дуучидтай хамтран Н.Оюунчимэг, Э.Бүрнээбаяртайгаа хамтран “Бидний нандин дуунууд” эстрад тоглолтоо хийсэн. Шуугиулсан. Тоглолт дууссаны дараа аймгуудад тоглох санал маш их ирсэн. Маш богино хугацаанд Эрдэнэт, Дархан, Дорнод, Хэнтийд тоглоод ирлээ. Намраас тоглолтоо үргэлжлүүлнэ. Солонгос, Америкт байгаа монголчуудаас урилга ирж байгаа.
-Та тоглолтынхоо дундуур гавьяатын шагналаа гардаж авч байсан сайхан түүхтэй юм билээ?
-Үнэхээр гайхалтай байсан. Гавьяатын тодорхойлолт ер нь яваад л байсан юм. Би ч нэг их тоохгүй ард түмэн минь намайг мэдэж байгаа юм чинь л гэж бодож байсан. Би жил бүр Мартаар тоглолтоо хийдэг. 2012 онд "Баянмонгол" чуулгатай хамтарч тоглолтоо хийсэн юм. Харин тоглолтын яг өмнөх өдрийн орой Улсын филармониос утасдаад л гавьяат болж байгаа тухайг минь хэлсэн. Тэр үед баярлаж, догдлоод нэг л итгэхгүй байсан. Маргааш нь буюу Мартаар намайг 14:30 цагт Төрийн ордонд дуудсан байсан. Тоглолт маань 14:00 цагт эхэлсэн. Эхний хоёр дуугаа дуулчихаад дээлээ өмсөөд алхаад очсон. Ерөнхийлөгчөөсөө шагналаа аваад шууд тоглолт руугаа явсан даа. Тоглолт дээрээ ирэхэд Д.Ухнаа дарга шууд дээлтэйгээ гар гэхээр нь тайзан дээрээ гартал шууд уйлчихсан. Үзэгчид босоод зогсчихсон, цэцэг ирээд л хэсэг хугацаанд юу болж байгааг мэдээгүй. Үнэхээр торгон мөч байсан. Одоо бичлэгээ харахаар өөрийн эрхгүй догдолдог. Монгол дээлтэйгээ “Эх үрсийн элбэрэл”-ээ дуулсан. Уйлаад л дуулаад байсан. Хэзээ ч мартагдашгүй.
-Одоо шинэ уран бүтээлийн ажилдаа орчихсон байгаа юм байна. Үзэгч сонсогчдодоо ямар бэлэг барих гэж байна?
-Би гавьяат цол аваад улам их хөдөлмөрлөх ёстойг ойлгосон. Тэр их итгэл, хүндлэл авсан хүн чинь зүгээр сууж болохгүй. Тиймээс гавьяат болсныхоо дараа жил ханьтайгаа хамтарч “Бид жаргалтай” цомгоо гаргасан. Дараа нь 2014 оны дөрөвдүгээр сарын 14-нд тоглолтоо хийсэн. Харин өнгөрсөн онд “Хүүхэн хүний хүслэн” тоглолтоо хийсэн юм. Энэ тоглолтдоо зориулж стилиэ хүртэл өөрчилсөн. Үсээ шулуун болгоод, монгол загвартай даашинз хийлгэсэн. Одоо тэр маань их моодонд орсон байна лээ. Одоогийн уран бүтээлээрээ ирэх жил тоглолтоо хийнэ. Л.Оюунцэцэг, Н.Янжиндулам, Д.Эрдэнэцэцэг, Д.Дуламсүрэн зэрэг уран бүтээлчийн дуулж байсан сайхан дуунуудыг сэргээж дуулж байна. Тэднийг уйлж, баярлаж дуулсан бүхий л цаг хугацаанд би хамт байсан. Тэр бүхний сэтгэл зүрхнээс гарсан дууг би уран сандаа оруулж, ард түмэндээ хүргэн, дахин амьдруулмаар байна. Бид энэ мундаг хүмүүсээ мартах учиргүй. Тиймээс ирэх жил “Мартахгүй” гэдэг тоглолтоо хийнэ.
-Эдгээр сайхан уран бүтээлчтэй хамт ажиллаж байсан үеэ эргээд дурсахгүй юу?
-Үнэхээр хайрламаар хүмүүс. Би 18 настайдаа “Баянмонгол” чуулгад орсон. Анхны хөдөөгийн бригад Увс, Ховд, Баян-Өлгийн чиглэлд байлаа. ПАЗ автобустай, 20 гаруй жүжигчин явж байсан. Тэр үед ардын жүжигчин Б.Зангад гуай ахалж явдаг байсан. Энэ сайхан уран бүтээлчдээсээ ард түмнээ хүндэлж, амьд дуулах, тоглолтын хувцсаа өмсөх ёстой гэдгийг суралцсан. Айлд ороод хэзээ ч хойморьт сууж байгаагүй. Ахмад уран бүтээлчид дээшээ сууна, бид нар доогуур суудаг байсан. Тэгээд л "Уундаа гараад чихэр аваад ир" гэнэ. Би гүйгээд айлын хүүхдүүдэд өгөх чихрээ авчирдаг байлаа. Тэр үед Увсад халуун ус байгаагүй л дээ. Нэг бригадын үеэр Л.Оюунчимэг, Нандиа эгч хоёр дуудаад “Эгч нар нь угаадаг л байсан юм. Одоо чи хөгжимчдийнхөө хувцсыг угаачихаарай” гэж байлаа. 25 ширхэг цагаан цамц (инээв). Хүв хүйтэн ус болохоор угааж эхлэнгүүт гар час улаан болчихсон байсан чинь чуулгад насаараа бөмбөрчин хийсэн Нямбаяр ах ирснээ “Зөвхөн захыг нь угаачих, маргааш хир болчихно” гэж билээ. Манайхан намайг их халамжилна, зааж сургана. Гал болоод хоолоо хийж иднэ. Хөдөө тоглолтоор явах их сайхан. Олон ч дурсамж үлдэж. Ах захаа хүндэлнэ гэдэг бол маш том дэг жаяг юм шүү. Одоо залуу уран бүтээлчидтэй тоглолтоор их явж байна. Тэгэхэд түрүүлж унаандаа ороод суудал эзэлсэн бол босч өгөхгүй ш дээ. Тэгэхээр нь залуустаа ахмад үеэ хүндэл, дараа та нар хөгширч ахмад болоход хүндлэгдэнэ шүү дээ гэж захидаг юм. Хүн хүндэлж байж хүнээр хүндлүүлнэ. Үүнийг би ахмад үеийнхнээсээ сурсан.
-Уран бүтээлийн тань талаар нэлээд ярилцлаа. Хувийн амьдралын тань талаар ярицъя гэж бодлоо. Хүүхдүүд тань бүгд урлагийн хүмүүс болсон гэв үү?
-Хүү, охид маань бүгд урлагийнхан. Том хүргэн маань ч урлагийн хүн шүү дээ. Манайх бол урлагийн сайхан гэр бүл. Одоо хүүхдүүд маань үр хүүхэдтэй болоод тусдаа гараад төвшин сайхан амьдарч байна. Харин би ханьтайгаа хоёулаа амьдарч байгаа.
-Эмээ болсноосоо хойш ач, зээдээ цаг зав хэр гаргаж байна?
-Намайг ач, зээ нар маань хэзээ ч эмээ гэдэггүй. Том ээж, Униа гэдэг. Зээ, ачийн тоо нийлээд зургаа болсон. Хамгийн том нь 13 настай. Анхны зээгээ төрснийх нь дараа бүүвэйлэхдээ Униагийн сайхан хүүхэд гэдэг байсан. Тэгтэл хэлд орохдоо Униа гэж хэлд орсон. Дараагийн хүүхдүүд бүгд Униа гэж дууддаг болсон. Хүүхдүүд маань надаар хүүхдээ харуулаагүй. Харах зав ч надад байхгүй. Амралтын өдрүүдэд хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэхийг хичээдэг. Гэхдээ би тоглолтод их оролцдог учраас тэр бүр зав гардаггүй юм. 
-Эмээ гэж дуудуулах дургүй юм уу?
-Анхнаасаа Униа гээд сурчихсан. Эмээ гэж ер дуудаагүй. 
-Хэзээ нэгэн цагт тайзнаасаа бууна гэж боддог уу?
-Хэзээ ч тайзнаасаа буухгүй. Амьдралын хатуу хөтүүд  ч би тайзнаасаа буугаагүй. Хөгширсөн ч уригдаж дуулсаар л байх болно. Б.Зангад гуай, Г.Хайдав гуай дуулсаар байгаа шүү дээ. Тэднийгээ харахаар урам авдаг. 80 гарчихаад сайхан дуулаад явж байхад дөнгөж 50 гарч байгаа бид нар тэтгэвэрт гарлаа гэж болохгүй. Нас бол тоо. Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө бүгд тодорхой гарчихсан. 
-Сүүлийн асуултыг нээлттэй үлдээе.
-Амьддаа бие биеэ хайрлаж байгаарай, нэгэндээ үргэлж сэтгэлийн дэм хайрлаж байгаарай гэж хэлье. Бурхан хүн бүрт авьяас чадвар заяасан. Тэр бүгдийг ард түмнийхээ төлөө зориулаарай гэж хэлье.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.