“Бөртэ чоно-Таван цагариг”-ийн хөшөө босов

2016.06.24 Баасан №072 (2103)

Зургадугаар сарын 23. 122 жилийн тэртээ мөнхөлсөн “Олон улсын олимпийн өдөр”-ийг өчигдөр 206 оронд өргөн дэлгэр тэмдэглэлээ. Манай улс энэ өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд олимпизмийн үйл хэрэгт нэгдэж буйн илэрхийлэл болгон өчигдөр “Бөртэ чоно-Таван цагариг” хөшөөг МҮОХ-ны талбайд сүндэрлүүллээ. Хөшөөний нээлтэд найман настай балчраас наян настай буурал, спортод сэтгэл зүрхээ зориулж буй олон хүн хүрэлцэн ирэв. Тэднээс хамгийн хүндтэй нь МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нар байлаа. Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, З.Ойдов, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, С.Батцэцэг, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, У.Мөнх-Эрдэнэ, С.Ням-Очир, Н.Баярсайхан нараас гадна залуучуудын болон өвлийн олимпийн наадмын аваргууд нэгэн дор чуулсан нь содон байв. Тэдэнд МҮОХ-ны 60 жилийн ойн хүндэт медаль гардуулсан бөгөөд хөшөөний тууз хайчлахаар уригдсан нь энэ. “Бөртэ чоно-Таван цагариг” хөшөөний зургийг Г.Мөнхбат урласан бол баримлыг Ц.Энхтайван сарын хугацаанд бүтээжээ. 
Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн олимпийн хорооны хойд талбайд спорт цогцолбор барихаар болсон тухайгаа дуулгасан нь ирсэн зочдод ёстой л гэнэтийн бэлэг болов. Мөн Монголын спортынхны шүтээн болсон “Бөртэ чоно”-ыг гал могойн ташууртай, ган хөлт чоно шиг тамирчид маань явахыг бэлгэшээж, жил бүр спортын шилдгүүдээ шалгаруулдаг болсон талаар сонирхолтой дурсамжийг Ш.Магван гуай хэлнэ лээ. Сонирхуулахад, 122 жилийн тэртээх энэ өдөр Францын нэрт соён гэгээрүүлэгч Кубертин Олон улсын олимпийн хороог үүсгэн байгуулж, орчин цагийн олимпийн наадмыг сэргээх түүхэн шийдвэр гаргаж байв. Улмаар энэ өдрийг Олон улсын олимпийн өдөр хэмээн тэмдэглэдэг болсон билээ. Манай улс олимпийн наадамд оролцсноос хойш нийт 24 медаль хүртээд байгаа бөгөөд 42 хоногийн дараа эхлэх “Рио-2016” олимпод өмнө нь байгаагүй олон бүрэлдэхүүнтэй (одоогоор 38 тамирчин эрхээ авсан) оролцохоор болсон билээ. Энэ өдрүүдэд боксын төрөлд хоёр тамирчин маань эрхийн төлөө тулалдаж байгаа бөгөөд ганцхан ялалт авахад “Рио-2016”-г зорих эрхтэй болох билээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.