Б.Жаргал: “Бахчисарайн оргилолт булаг”-т ахмад үеийнхэн бүжнэ

2016.06.24 Баасан №072 (2103)

Б.Бадамгарав

ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетыг энэ амралтын өдрүүдэд ДБЭТ-ийн тайзнаа тоглох юм. Энэхүү балет нь Монголын тайзнаа тавигдсан анхны мэргэжлийн балет бөгөөд 60 жилийн ой нь энэ жил тохиож байгаа ажээ. Тус балетын тухай ДБЭТ-ийн ерөнхий балетмейстер Б.Жаргалаас тодрууллаа.

-“Бахчисарайн оргилолт булаг” балетад юун тухай өгүүлдэг вэ?
-Хайртай залуу, эх орноосоо хагацан харь хааны эхнэр болж буй Мария бүсгүйн тухай өгүүлдэг. Мария бол үзэсгэлэнт польш бүсгүй. Харь хааны хайрыг татах ч, хатных нь гарт хорлогддог. Товчхондоо ийм. Үйл явдал ихтэй. Энэ балет бол Монголд тавигдсан анхны мэргэжлийн балет. Энэ жил “Бахчисарайн оргилолт булаг” балет тайзнаа тавигдсаны 60 жилийн ой тохиож байгаа. 
-Анхны тавилтаас нь өөрчлөн, шинэчилж байгаа юу?
-Балет хоёр өдөр тавигдана. Эхний өдөр ахмад болон залуу бүжигчид оролцож байгаа учраас найруулгын хувьд бага зэрэг өөр болж байгаа. Үзэгчдэд энэ нь илүү сонирхолтой байна байх. Учир нь хоёр Мария, хоёр Гирей хаан гээд бүх дүр хоёр. Ахмад болон залуу үе хосолж тоглоно. Дараагийн өдөр нь хуучин тавилтаар нь хүргэнэ. 60 жилийн ойн хүрээнд хамгийн анх “Бахчисарайн оргилолт булаг” балетад Нуралигийн дүрд бүжиглэж, түүний дараа хамгийн олон удаа Гирей хааны дүрийг бүтээсэн гавьяат жүжигчин Н.Баатар, ардын жүжигчин О.Ганбаатар, соёлын тэргүүний ажилтан Б.Энхээ гээд ахмад үеийнхнээ урьж бүжиглүүлнэ. Үүний учир нь бид ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлэх, тэднийхээ сэтгэлийг тэтгэх, баярлуулах зорилготой юм. 
-Энэ удаагийн балетад хамгийн онцлог зүйл нь юу байх вэ?
-Балетын бүх утга учрыг зангидаж байдаг хүн бол Гирей хаан. Маш хэрцгий догшин хааны дүр. Өмнө нь энэ дүрийг Монголын олон сайхан бүжигчид амьдруулсан бол энэ удаад бид гадаад бүжигчин урьж тоглуулж байна. Ташкент улсын иргэн, Япон улсын балетын сургуулийн балетмейстер, багш Г.Валерийг урьсан. Үүгээрээ тун онцлог болно. 
-Дүр сонголтын тухайд?
-Гол дүрүүдэд гавьяат жүжигчин Г.Цолмон, Ч.Ганчимэг, Т.Батчимэг, гоцлол бүжигчин А.Эрдэнэболд, Б.Пүрэв-Очир зэрэг бүжигчнийг сонгосон. Ерөнхийдөө туршлагатай бүжигчид болоод шинэ залуу үеийнхнээ тэнцүүлж дүрдээ сонголоо. Учир нь хоёр шинэ хүн тайзан дээр бүжиглэнэ гэдэг хэцүү. Бие биеэ мэдрэхээс эхлээд асуудал гарна. Тиймээс туршлагатай гавьяатуудаа залуу шинэ бүжигчидтэй хамт тоглуулж байгаа. 
-Дуурь, бүжгийн эрдмийн театрын дараагийн үзвэрийн төлөвлөгөө юу байна вэ?
-Жүжгийн теарт учраас төлөвлөгөө жил жилээр гарчихдаг. Дараа жилийн төлөвлөгөөнд “Дон Кихот”, “Дэмий болгоомжил” балетыг шинэчлэн тавих гэж байна. Мөн хүүхэд багачууддаа зориулж хүүхдийн тоглолтыг бий болгож байна. Сард нэг удаа хичээлийн хөтөлбөрт нь орсон П.И.Чайковскийн балетуудыг хүүхдэд зориулан найруулж тавина. Мөн монгол үлгэрүүдээр шинэ балет хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь санхүү, эдийн засгаас шалтгаалах учраас БСШУЯ хэрвээ биднийг дэмжвэл хийхээр төлөвлөсөн ажил маш их байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.