МАН хөгжлийн бодлогоороо АН-ыг мадлана

2016.06.24 Баасан №072 (2103)

Д.ИРЭЭДҮЙ

Эрх баригчдын амалж гарч ирсэн "Улс шиг хөгжиж, хүн шиг амьдаръя" уриа, лоозон хаачсан бэ. АН-ынхан өнөөдөр энэ тухай сөхөхөөс ч зайлсхийж байна. Учир нь тэд амалсандаа хүрч чадаагүй. Түүгээр ч зогсохгүй, улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг дордуулсан гэх бодитой үзүүлэлтүүд гарах болсон. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд манай эдийн засаг царцанги байдалд орсон. Түүнийг бид эдийн засгийн хямрал гэж тодорхойлж байна. 
Үүний хамгийн тод илрэл нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн зарим нь дампуурлаа зарлаж, дөнгүүр нь ажиллах хүчээ цомхотгож байна. Монгол Улсад бүртгэлтэй байсан 126  мянга гаруй аж ахуйн нэгжээс 2015 оны эцсийн байдлаар 62.3 мянга гаруй нь үүд хаалгаа барив. 
Ажилгүйдлийн төвшин өссөн. Хүмүүсийн худалдан авах чадвар эрс муудав. Чанаргүй зээлийн хэмжээ их болж байгааг Төв банкнаас сануулсаар байна. Энэ бүхэн эдийн засгийн хүнд үеийг илэрхийлж буй хэрэг. 2012-2016 оны хооронд ажлын байр хоёр дахин буурав. Улсын бүртгэл статистикийн газрын судалгаагаар 2012 онд монгол айл өрхийн орлого 40 хувиар өсч байсан бол 2015 онд 13 хувиар буурлаа. Цалингийн өсөлт үнийн өсөлтөөс гурав дахин хойно хоцорлоо. 
Тэгвэл энэ бүхний гол буруутан нь хэн бэ. Олон нийт 2012 онд засгийн эрх авсан АН гэж нэрлэж байна. Харин АН болохоор дэлхийн зах зээл дээр үнэт баялгийн үнэ унасантай холбон тайлбар тавьж суугаа. Тодорхой нөлөө бий нь бий. Манай экспортын гол түүхий эд барааны үнэ унаснаас хамаарч борлуулалтын хэмжээ багассан. Орж ирэх валютын хэмжээ эрс буурсан. Гэвч хамгийн гол шалтгаан нь төр засгийн буруу бодлого гэдгийг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Манай төрийн бодлогын шийдлээс хамаарч, гадаадын хөрөнгө оруулалт буурсан болохоос дэлхийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын эргэлт багасаагүй юм. 
Энэ нь бид гадаад зах зээлээс мөнгө босгож, зээл татаж чадсанаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, Монгол Улс олон улсын санхүүгийн зах зээл дээр хэд хэдэн ч удаа бонд гарган, их хэмжээний мөнгө босгочихсон байгаа. Нэг мэдэхэд энэ эмзэгхэн эдийн засагтаа ахадсан 21 тэрбум ам.долларын өртэй болчихоод сууж буй. Хамгийн ноцтой нь энэхүү тулгамдсан өрөө ойрын жилүүдэд хэрхэн яаж, ямар эх үүсвэрээс төлөх нь тодорхойгүй. Өнөө төсвөө бүрдүүлж чадахгүй атлаа ирэх жилээс бид төсвийнхөө 30 гарсан хувийг өрд өгөх болно. 2017 оноос өрөө төлж эхэлнэ. Гэтэл төсөв алдагдалтай. Хуримтлал үүсгэх шаардлагатай ч мөнгө нь байхгүй гэх мэт зовлон бий. Уг нь олон жилийн өмнөөс орлого их байх үед хуримтлал үүсгэх боломж байсан гэх байр суурь ч байдаг. Ямартай ч яг одоо улсын сан хөмрөг орлогогүй, мөнгөний нөөц сангүй байна. 
Эрх баригчид төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд татвар хураамж, торгууль, хүүний хэмжээг нэмж, шинэ татварууд олныг санаачиллаа. Сүүлийн дөрвөн жилд хүү, торгуулийн хэмжээ дөрөв дахин нэмэгдлээ. Худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг торгох ажиллагаа гаарав. Жишээ баримт татъя. Тухайлбал, авто зам ашигласны төлбөрийг 50 хувиар, цахилгааны суурь хураамжийг хоёр дахин нэмэгдүүлж, үнийг нь 20.8 хувиар, дулааны үнийг 15 хувиар, цэвэр усны үнийг 71 хувиар, бохир усны үнийг 88 хувиар нэмэгдүүлжээ. 
Энэ нь ард иргэдийн амьдралыг доройтуулж, нийгэмд илт нөлөөлж эхэллээ. Нийгмийн баян хоосны ялгаа нэмэгдэж, хоёр зааг үүсчихээд байгаа гэх. Тодорхой хэлбэл, өдрийн хоолоо хэрхэн яаж олох вэ гэдгээс цааш юуг ч бодож сэтгэх боломжгүй болтлоо туйлдаж ядарсан олонх хийгээд тив дамнан өвөлжиж зусдаг, хэрэглээгээрээ өрсөлддөг нэн цөөн санхүүгийн элит хэсэг хэмээх хоёр үндсэн эрс тэс ангид зааглагдан ялгарсан. Нийт хүн амын 34 орчим хувь нь арилжааны банкинд хадгаламжтай ч тэдний 95 хувь нь нийт халгаламжийнхаа 5-хан хувийг эзэмшдэг. Чухамдаа баялаг цөөхөн гэр бүл, улстөрчдийн гарт төвлөрсөн гэдэг нь энэ баримтаас тодорхой харагдаж байна. Төрийн албыг баяжих, хөрөнгөжих боломжоо гэж хардаг бүхэл бүтэн залуучуудын армийг АН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бэлтгэн гаргалаа гэхэд хилсдэхгүй. Төрөөс тэрбумтан төрдөгт бид гайхаж шогшрохоо больж, жам ёсны зүй тогтол мэт хүлээж авдаг болсон нь үүний бэлээхэн нотолгоо.
АН өнгөрсөн жилүүдэд бий болгосон энэхүү сөрөг үзүүлэлтүүдээ баллуурдах, мартагнуулахын тулд цаг зуурын шинжтэй, ард иргэдийг хуурсан, итгэлийг нь худалдаж авах гэсэн оролдлогыг хийх боллоо. Тэдгээрийн зах зухаас дурдахад, ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох, түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулах зэрэг ажлаар олон нийтийн анхаарлыг татахыг оролдож байна. Мөн “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 30 хувийг иргэдээсээ худалдан авах ов заль хэрэглэх болов. Тэд иргэдийн мэдлэг мэдээлэл хомс байдлыг ашиглаж тоглолт хийдэг. Хэдийгээр хувь хүнд очиж байгаа таван хувийн зээл сайхан мэт санагдавч энэ нь удаан үргэлжлэхэд хүнд. Яагаад гэвэл, бодлогын хүү 10.5 хувьтай байхад зөрүүг нь хэн төлөх вэ. Үүний оронд зээлээр биш орон сууцны үнэ буурахад буюу макро эдийн засгийг тогтвортой байлгахад анхаарах ёстой. Мэдээж Засгийн газар байнга мөнгө хэвлээд байх боломжгүй. Тиймээс хэн нэгэн татварын болон үнийн зөрүүг төлөх шаардлагатай болно. Үүнийг төлөгч нь иргэд л байж таарна. Өөрөөр хэлбэл, иргэдийн орлогын албан татвар, эсвэл аж ахуйн нэгжүүдийн албан татварууд нэмэгдэнэ гэсэн үг. 
1072 ширхэг хувьцааны 30 хувийг бүх иргэнд өгөхийн тулд Монгол Улсын төсвийн 20 хувь буюу бүх аж ахуйн нэгжүүдийн хоёр жилийн хугацаанд төлөх ашгийн татвартай тэнцэх хэмжээний мөнгө хэрэг болно. Тэгвэл энэхүү мөнгийг өнөөдөр олголоо гэхэд маргааш нь төсөв, эдийн засаг дээр хүндрэл болж эргэж ирэхийг АН-ынхан мэдэхийн дээдээр мэдэж буй. Гэвч тэдэнд дахин сонгогдох, дахин дөрвөн жил төрийн эрх мэдэлд байх нь чухал болохоос бус, ард иргэдийн амьдрал, улсын эдийн засаг үнэндээ хамаагүй бололтой. Үүний үр хохирол маргааш яаж ирэх вэ гэхээр, долларын чангаралт, үнийн өсөлт, ажилгүйдэл, хямрал болж ард түмний нуруунд бууна.
Уг нь энэхүү эдийн засгийн хямралыг гэтлэн давах хамгийн зөв шийдэл бол хүн бүр ажлын байртай байж, хөдөлмөрийнхөө хөлсөөр амьдралаа авч явах боломж, бололцоо юм. Ийм эрүүл бодлого хэрэгтэй. 
Харин үүнийг олж харсан, ойлгож мэдсэн улс төрийн хүчин бол МАН. Тэд хэрэв олонхи болсон тохиолдолд АН-ын алдаатай бодлогыг засахаас гадна хүн бүрийг ажилтай, орлоготой байлгахад л төвлөрнө гэдгээ зарлаж буй юм. 
Тэдний мөрийн хөтөлбөртөө тусгасан тодорхой заалтуудын дийлэнх нь энэ чиглэлд анхаарсан аж. Тодруулбал, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно. Энэ нь аж ахуйн нэгжүүд хаалгаа барих үзэгдлийн эсрэг авч болох хамгийн таатай шийдэл бөгөөд ажилтнуудаа цомхотгох, үйл ажиллагаа доголдох эрсдэлийг нь бууруулах үр дүнтэй бодлого юм. Мөн төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасгана. Бизнес эрхлэгчиддээ төр давхар дарамт болдог, саад учруулдаг байдлыг таслан зогсоох бодлогын нэг сэжим нь энэ. Давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана. Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлт”-ийн бодлого хэрэг­жүүлнэ. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий “Итгэлийн зээл” олгох бодлого баримтална. Энэ мэт маш хэрэгтэй, алдаа бүхнийг засч, зөв замд нь оруулах ажлуудыг МАН төлөвлөжээ. Эдийн засгийг эргэн сэргээхийн тулд бизнесийн таатай орчныг бүрдүүлэх л чухал гэдгийг тэд ойлгож байгаа нь том олз юм. Мөн Монголын ард иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн гол дарамт, бэрхшээл болох шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй бол­гоно гэж шууд амалж буй нь талархууштай. Гэтэл АН-ын засаг барих үед шатахууны онцгой албан татварыг гурав дахин нэмэгдүүлж байсан. Энэхүү хоёр намын эдийн засгийн бодлогууд ийм ялгаатай гэдгийг ганцхан энэ жишээ батлан харуулж байна. Тиймээс зөв бодлого хэрэгжээсэй гэж хүсвэл зөв нам нь сонгуульд ялалт байгуулаасай гэж хүсэх учиртай. Тэрхүү зөв нам нь аль ч тохиолдолд МАН юм байна гэдэг дүгнэлт ард олны дунд улам гүнзгийрсээр байгаа ажээ. Шатраар бол МАН хөгжлийн бодлогоороо АН-ыг ийнхүү мад тавьж байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.