21 гишүүнтэй Байнгын хороог гурвуулхнаа хуралдуулав

2016.06.24 Баасан №072 (2103)

УИХ-ын дарга З.Энхболд өнгөр­сөн тавдугаар сарын 24-нд гэнэт­хэн захирамж гарган хаврын чуул­ганыг завсарлуулсан. Уг захи­рамждаа зургадугаар сарын 23-наас үргэлжлүүлэн хуралдуулахаар тусгасан байв. Үүнийхээ дагуу ур­жигдар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөө хуралдуулж Байнгын хо­роод, чуулганы нэгдсэн хуралдааны хуралдах цагийн хуваарь, хэлэлцэх төслүүдийнх нь жасгсаалтыг гаргажээ. Хуваарийн дагуу өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлого, Хууль зүй, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдах байв. Гэвч ганцхан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо л хуралдав. Хуралдсан гэж хэлэхэд ч хэцүүхэн л юм боллоо.
УИХ-ын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр тус Байнгын хороо 21 гишүүнтэй ажээ. М.Сономпил даргатай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэл­дэхүүнд Р.Амаржаргал, О.Баасанхүү, Сү.Батболд, Х.Баттулга, Г.Батхүү, М.Батчимэг, Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Л.Болд, Б.Болор, Д.Ганбат, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, О.Содбилэг, С.Оюун, Ц.Цолмон, Ж.Энхбаяр, З.Энхболд, Н.Энхболд нар багтдаг ажээ. Гэвч “19-өөс 10 гишүүн ирж, ирц 52.6 хувьд хүрсэн тул хуралдааныг эхлүүлье” гэж хэлээд л хуралдчихдаг юм байна. Үнэхээр 19 гишүүнтэй байлаа гэж бодоход 50-иас дээш хувь нь буюу 10 гишүүн хуралдаа ирсэн бол хуралдаж болох л байх. Гэтэл 10 ч биш бүр гурвуулхнаа суугаад Байнгын хороог хуралдуулж зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэчихлээ. Ирээгүй долоо гишүүний картыг хийж автоматаар ирц бүрдүүлсэн гэсэн үг. Байнгын хорооны дарга М.Сономпил ирээгүй учраас Ж.Энхбаяр гишүүн хуралдааныг даргалсан юм. Ж.Энхбаяр гишүүн тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч учраас сонгуулиа орхиод ажилдаа ирсэн бололтой. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон салбарынх нь шинэчлэлтэй холбоотой чухал хуулийн төслүүд хэлэлцэхээр төлөвлөсөн учраас ирэхээс өөр аргагүй байсан нь ойлгомжтой. Гурав дахь гишүүн нь УИХ-ын дарга З.Энхболд өөрөө байв. УИХ-ыг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө гэнэт завсарлуулж сонгуулийн үеэр үргэлжлүүлэн хуралдуулах шийдвэр гаргачихаад өөрөө ирэхгүй бол болохгүй. Өөрөөр хэлбэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд ирэхээс өөр аргагүй гишүүд л хуралдаа ирсэн гэсэн үг. Уг нь, тус Байнгын хорооны гишүүдээс Р.Амаржаргал, Ц.Баярсайхан, Д.Дэмбэрэл, С.Оюун нар сонгуульд нэр дэвшээгүй учраас хуралдаа ирэх боломжтой л баймаар. Мөн нийслэлийн тойрогт нэр дэвшиж буй Сү.Батболд, Г.Батхүү, М.Батчимэг, Л.Болд, Б.Болор нар ч сонгуулийнхаа ажлаас хэдхэн цаг татгалзаад хуралдаа ирэх боломжтой. Гэвч тэд ирсэнгүй. Гурвуулхнаа суугаад УИХ-ын Байнгын хороог төлөөлөн гаргасан шийдвэрийг нь хүчин төгөлдөр гэж үзэх үү. Ингэж хуралдахыг хүлээн зөвшөөрч өөрөө оролцсон учраас УИХ-ын дарга лав хүчин төгөлдөр гэж үзэх нь олйгомжтой. Харин энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд дуудагдвал хүчин төгөлдөр гэж ам бардам хэлж чадахгүй л болов уу. Гурвуулхнаа суугаад хуралдаж байгаа гэдгээ хэвлэлийнхнээс нуусан боловч баримт нь бий. Иймэрхүү байдлаар хуралдсаныг нь нотлох хүн ч олон бий. Хуралдааны танхимд сэтгүүлчдийг оруулахыг хориглож, зөвхөн телевизүүдэд хурал даргалагч Ж.Энхбаяр гишүүнийг хэдэн талаас нь харуулсан дүрс бичлэг хуулж авах боломж олгосон юм. Гурвуулхнаа суучихаад “10 гишүүнээс долоо нь дэмжлээ” хэмээн санал хураалт явуулж хуралдсан учраас танхимыг бүхэлд нь харуулсан бичлэг гаргахгүй байх үүргийг инженер техникийн ажилчиддаа өгчээ.   
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо иймэрхүү байдлаар хуралдах гэж гурилдахдаа хэлэлцэхээр төлөвлөсөн төслүүдээ хэлэлцээд зогсохгүй хоёр хөрштэйгөө харилцах чухал хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Тодруулбал, батлан хамгаалах салбарын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээс гадна Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол, ОХУ, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ  өдрүүдэд болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөөд байсан юм. Тиймээс гарын үсэг зурахаас нь өмнө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэн зөвшилцсөн тухай тогтоол гаргах шаардлагатай байгааг УИХ-ын дарга онцолсон юм. Улмаар тогтоолын төслийг хэлэлцэн гарын үсэг зурахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэхүү хэлэлцээрийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагагүй, зөвхөн Байнгын хороотой зөвшилцөөд л болох юм байна. Харин батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг хуваарийн дагуу өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах ёстой. Гэвч өчигдрийн Байнгын хорооны ирцээс харахад чуулганы ирц бүрдэхээргүй байна. 21 гишүүнтэй Байнгын хороог гурвуулаа суугаад хуралдуулж болсон ч 76 гишүүнтэй УИХ-ыг 30-уулаа суугаад ч хуралдуулж чадахгүй л болов уу.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.