Засаглалыг хямраасан АН-ын алдааг МАН засна

2016.06.22 Лхагва №071 (2102)

Д.ИРЭЭДҮЙ

 

Ард түмэн төрийн эрх барьсан АН-д дүн тавих гэж байна. Гэвч сайн дүн тавих магадлал тун бага. Учир нь өнгөрсөн дөрвөн жилийн эдийн засаг болоод нийгмийн амьдралд бий болгосон бүхэнд өгөх үнэлгээ нь АН-д тавих дүн болох учиртай. Тэгвэл ямар улс хүлээн аваад, одоо ямар засаглал, ямар эдийн засагтай улс болгон хувиргав аа гэдэгт эхлээд хариулт өгөх хэрэгтэй болно. 


Энэ хугацаанд төр хэт данхайж, түмэн олон хөлд нь чирэгдэв. 2012 онтой харьцуулахад төрийн албан хаагчдын тоог 30 орчим мянгаар нэмэгдүүллээ. Энэ бол төрийн бүтэц хэрхэн томорсны нотолгоо. Мөн 26.900 байсан төрийн өмчит аж ахуйн нэгж, улсын үйлдвэрийн газруудын ажиллагсдын тоог 49.600 болгов. Чиг үүрэг давхардсан агентлаг, ажлын алба, нэгж, төвүүдийг холбогдох яам, агентлаг, төсөвт байгууллагад нэгтэх, татан буулгах нь зүй ёсны нийгмийн шаардлага. Гэхдээ энэ нь эсрэгээрээ олон хүний ажил амьдрал, амжилт бүтээл, урам зоригийг хугалсан үйл хэрэг болж хэрэгждэг нь бодит үнэн. Дарга, сайд шинээр томилогдох бүрд тухайн байгууллагын үйлчлэгчээс эхлээд бараг бүх хүнийг сольдог гаж тогтолцоо манайд бүр заншил болж тогтсон. 


Мөн өнөөдөр тусгай хангамж эдлэх эрхгүй 220 гаруй дарга албаны унаа хэрэглэж байгааг Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоов. Мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж, оронд нь ах дүү хамаатан саднаа "түр орлон гүйцэтгэгч" гэсэн тушаалаар томилж засаглалын хямралын суурийг тавив. Энэ байдалд дүгнэлт хийсэн Төрийн албаны зөвлөл 2015 онд төрийн албан хаагчдын тогтворгүйтэл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрснийг тайлагнав. 
2012 оноос хойш жилдээ 15 мянган хүн халаа сэлгээнд өртсөн гэх мэдээлэл байна. Тодруулбал хоёр жилийн дотор л гэхэд 30 мянган төрийн албан хаагч шилжилт хөдөлгөөнд орсон байх юм. Шилжилт хөдөлгөөн гэдэг нь албан тушаал буурсан, ахисан, гарсан, халагдсан бүх албан хаагчдын тоо. Засгийн газрын орон тооны цомхотголд хэдэн зуугаар тогтохгүй албан хаагч өртсөн бол яам, агентлагуудын сайд, дарга солигдохтой холбоотойгоор 500 орчим хүн халагдсан гэх мэдээлэл бий. Тун удахгүй дахиад ч олон залуусыг төрийн албанаас чөлөөлж, халж солих нь. Төсвийн хэмнэлт, зайлшгүй шаардлага гэсэн нэрийн дор цомхотгох, халах, яам агентлагуудыг нэгтгэнэ. Төрийн албан хаагчид үүний хөлд үрэгдэж, ёстой л ардаа татаастай нь үлдэж, арын хаалгагүй нь явна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд төрийн албыг төрлийн алба болголоо, намын харьяаллаар халж сэлгэлээ гэх хэл ам бишгүй л өрнөсөн. Төрийн алба ийм барьцгүй, тогтворгүй байхад төрийн залгамж халаа, уламжлал шинэчлэл, төрийн хар хайрцагны бодлого, салбарын тогтвортой хөгжил, хөтөлбөрийн тухай ярих ч утга алга.


Аливаа юм хоёр талтай. Төрийн алба улстөрчдийн нөлөөнд хэт орж, данхайж томорсон нь мөнөөх жинхэнэ төрийн албан хаагчийн нэр хүндийг шороотой хутгасан. “Мөнчгөр”-өөрөө ахиж дэвшээд, дарга удирдлага болсон байлаа ч намын хүн, тэрний, энэний татаас гэсээр байгаад унагачихдаг жишиг Монголд бий. Нөгөөтэйгүүр, төрийн албанд тогтвортой ажиллах итгэлгүйгээр, хэзээ ч солигдож халагдаж мэдэх орчин нөхцөлд хүн хэрхэн ажиллах тухай бодох цаг болсон байна. Өнөөдөр төрийн албанд ажиллагсдад тогтвортой ажиллах, хийж буй ажлынхаа эцсийг нь харах, үр дүнг нь үзэх гэсэн ямар ч итгэл найдвар алга. 


Итгэл үнэмшилтэй, тогтвор суурьшилтай, авлигад өртөхгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, чин зүтгэлтэй, чиглэсэн зорилготой ажиллах бололцоо, хүсэл эрмэлзэл өнгөрсөн дөрвөн жилд устан ариллаа. 
Энэ мэтээр АН төрийн эрх барих хугацаандаа засаглалын хямралыг бий болгосон гэж зарим судлаач хэлдэг. Тэдний үзэж буйгаар ийм хямрал нь АН-ын дотоодын хямрал, зөрчлөөс үүдэлтэй ажээ. Эдийн засгийн хямрал, төрийн албаны данхайсан бүтэц, хүнд суртал, авлига, төрийн чадамжгүй байдал зэрэг өнөөгийн бүх асуудлын угт дээрх төрийн албан хаагчдын халаа сэлгээ, тогтворгүй байдал нөлөөлжээ. 


АН дотоодынхоо зөрчлийг шийдэж чадахгүй хямарсан нь энэ бүхний үндсэн угтвар нөхцөл гэнэ. АН-ын фракцуудын эрх мэдлийн төлөөх тэмцэл нь даамжирч, төрийн ажилд хор уршиг тарьсан. Уг нь З.Энхболд тус намын дарга болмогцоо “Өнөөдрөөс эхлэн манай нам фракцгүй нам боллоо” гэж зарлаж байсан. Гэтэл намын дотоод дахь фракцууд амь бөхтэй оршсоор байгаад зогсохгүй эрх мэдлийн төлөө хагаралдаж, засаглалаа тогтворгүйтүүлж байсан нь бодитой явдал билээ. Уг нам “Алтангадас”, МоАХ, МҮДН, “Шонхор”, “Нэг ардчилал”, “Хөх тэнгэр”, “Чандмань”, “МоАН”, “Кроун” зэрэг фракциуддаа эрх мэдэл хуваахын тулд л өнгөрсөн дөрвөн жилийн төрийн үйл хэргийг зориулсан гэхэд хилсдэхгүй. 


2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар яамдын тоог нэмэгдүүлэн Эдийн засгийн хөгжлийн, Уул уурхай, Хөдөлмөрийн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын, Соёл, спорт, аялал жуулчлалын гэх мэт хэд хэдэн яамыг шинээр байгуулсан нь АН-ын улстөрчид, нам доторхи бүлэг фракциудад төрийн албыг хүргэж хүртээх гэсэн шийдэл байсан. Тэгвэл дараагийн Засгийн газар нь ч хамтарсан эвсэлдээ бялуу хүртээхийн тулд Монгол Улсын сайд гэх албан тушаал гаргаж ирж байсан.  


Ихэнх тохиолдолд нам дахь эрх мэдлийн хуваарилалтад оролцох гэсэн бүлэг улстөрчдийн сонирхлоос үүдэлтэйгээр фракц бий болдог. Засгийн газраа огцруулж, дахин сайд томилох хэрэгцээ шаардлага зохиомлоор үүсгэх замаар фракциуд амь бөхтэй оршсоор ирсэн. Үүний баталгаа болж, АН-ын байгуулсан эхний Засгийн газар огцорч байсан бол эрх мэдэл, албан тушаалын хуваарилалтад оролцох, нөлөөлөх зорилго АН-ын дотор байнга илэрч, энэ нь төрийн тогтвортой байдалд сөргөөр тусч байсан олон тохиолдол бий. Сонгуулийн үеэр ч АН-ын доторхи хэрүүл тэмцэл улам гаарч, цаашид нэгдмэл байдлаар ялалт байгуулах, нэг санаагаар засаглах итгэл найдвар төрүүлэхгүй байна. 


Тэгвэл эсрэг талд МАН дээрх засаглалын алдааг залруурах бүрэн цогц төлөвлөгөөтэйгээр сонгуульд оролцож байна. Тэд засаглалаа засах замаар хямралыг даван туулна гэдгээ зарлажээ. Өөрөөр хэлбэл, тэд өнгөрсөн дөрвөн жилд бий болсон алдаа завхралыг засах, өөрчлөхөөс ажлаа эхэлнэ гэж буй. Тэдний хийх бодитой алхмуудаас нэрлэе. Юун түрүүнд, Үндсэн хуулийн цэц, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлж, үйл ажиллагааг нь нээлттэй, ил тод болгоно. Мөн иргэдийг хохироосон хууль сахиулах байгууллагуудын алдаа гажуудлыг засч, залруулна. Хууль алагчлалгүй үйлчлэх зарчмыг чанд баримтална. Хэн нэгэнд ялгавартай хандах, давуу байдал олгосон хуулийн байгууллагын албан тушаалтанд оногдуулах хариуцлагыг чангатгана. Эдгээр амлалт нь өнөөдрийн төрд бий болсон алдаа дутагдлыг онилж байгаагаараа онцлог юм. Тодруулж хэлбэл, АН-ын бий болгочихоод байгаа нөхцөл байдлыг өөрчлөх, засч залруулахаас МАН ажлаа эхлэхээр тооцжээ. Учир нь засаглалын буруу тогтолцоог засахгүйгээр өнөөдрийн хямрал, хүнд нөхцөлийг даван туулах бололцоо хомс гэдгийг хэлж буй юм. Түүгээр ч зогсохгүй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангаруулах, авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг төрийн албанд томилдоггүй байх эрх зүйн орчинг бүрдүүлж шийдвэрлэхээр мөрийн хө­төлбөртөө тусгажээ.

 

 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.