Хоёр Солонгос “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нд оролцлоо

2016.06.17 Баасан №069 (2100)

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III бага хурал өчигдөр эхэллээ. Уг хурлыг Гадаад хэргийн яам, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Хоёр өдөр болох бага хуралд БНХАУ, ОХУ, БНАСАУ, БНСУ, Япон, АНУ, Герман, Энэтхэг, Их Британи, Австрали, Францын эрдэмтэн судлаачид, НҮБ, Олон улсын Улаан загалмайн хороо, Фридрих Эбертийн сан зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид, мөн дотоодын төр, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцож байна. Хоёр Солонгосын харилцааг зөөлрүүлэхэд анхаарлаа хандуулдаг энэхүү арга хэмжээнд тус хоёр улсын төлөөлөгчид оролцсон нь онцлох үйл явдал болов. 
Зүүн хойд Азийн асуудлаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулдаг тус бага хуралд олон улсын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж санал солилцдог уламжлалтай. Гурав дахь удаагийн хурлаар Зүүн хойд Азийн аюулгүй байдал, учирч буй сорилт бэрхшээл, бүс нутагт харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох арга зам, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих асуудлаар эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн менежментийн талаар талууд анх удаа туршлага солилцох юм. 
Бага хуралд БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Америк судлалын хүрээлэнгийн хэлтсийн дарга Чой Кан Ил, БНСУ-ын Сэжон хүрээлэнгийн дэд захирал Ли Сан Хен, АНУ-ын Жон Хопкинсын их сургуулийн ахлах судлаач Жени Таун, БНХАУ-ын Олон улс харилцааны хүрээлэнгийн орлогч захирал Сун Ру, ОХУ-ын ШУА-ийн ахлах судлаач Елена Боекова зэрэг эрдэмтэн судлаачид бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн өнөөгийн байдал, чиг хандлага, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар илтгэл тавилаа.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.