“Орландогийн буудагч”-ийг ӨМНӨ НЬ шалгаж байжээ

2016.06.17 Баасан №069 (2100)

- АНУ алан хядагч бүлэглэлийнхнийг улсдаа нэвтрүүлэлгүй, ичээнд нь устгана -

Х.БАТСАЙХАН

Орландогийн  ижил хүйстний  клубт галт зэвсэг ашиглан 50 хүний аминд хүрсэн Омар Мартин гэгчийг өмнө нь Холбооны мөрдөх товчооноос шалгаж байсан гэсэн мэдээлэл өчигдөр цацагдлаа. Тэрээр 2013 онд найзууддаа “Бостоны марафоны үеэр бөмбөг дэлбэлсэн ах, дүү Царнаевуудыг танина” гэж ярьсных нь дараа товчооны ажилтнууд очиж уулзан, байцаалт авсан аж. Гэвч тэд Омарыг дэээрх түүхийг санаанаасаа зохиож ярьсан гэсэн дүгнэлт хийгээд орхисон байжээ. 
Өөр нэгэн сонинд өгүүлснээр, “Буудагч” АНУ-ыг үзэн ядах үзлийг эцгээсээ өвлөж авсан байж магадгүй гэж бичсэн байна. Эцэг Седдик Мир Метин нь америк орон, америкчуудыг үзэн яддагаа хэнээс ч нуудаггүй “Бурхан тэднийг цээрлүүлнэ” гэж ярьдаг нэгэн гэнэ. Гэмт этгээдийн эхнэр Нур Захи Сальман харин нөхрийгөө өөрийг нь байнга зоддог байсан гэсэн мэдээллийг өгсөн байна. Түүний хэлснээр, Омар Мартин нь “Walt Disney World” хүрээлэнд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бөгөөд металл илрүүлэгч байдаг эсэх талаар судалж байжээ. Гэвч яагаад ч юм бэ, төлөвлөгөөгөө гэнэт өөрчиж, ижил хүйстний клубт халдлага үйлдсэн гэнэ. 
2001 оны есдүгээр сарын 1-нээс хойш гарсан хамгийн аймшигтай энэ халдлага улс төрийн хүрээнд ч хэлэлцүүлгийн сэдэв болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хамарсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Б.Обама энэ асуудлаар мэдэгдэл хийж, алан хядагчидтай тэмцэх асуудалд бүх анхаарлаа хандуулж ажиллахаа зарлалаа. АНУ-ын төрийн Департментаас алан хядагчдыг орж ирсэн хойно нь биш, үүр, уурхай болсон Ойрхи Дорнод, Африкт байдаг бүлэглэлүүдтэй тэмцэхэд илүү анхаарал хандуулах бодлого барим­талж байна.   
Тухайлбал, Африкт үйл ажиллагаа явуулдаг алан хядах бүлэглэлийн удирдагчдын талаарх мэдээллийг худалдаж авах хөтөлбөрөө үргэлж­лүүлэхээр болжээ. Вашингтоны хам­гийн их сонирхож байгаа бүлэглэл нь Магрибын улсууд дахь “Аль Каида”, “Нэгдэл, лалын ариун дайны төлөө Баруун Африк дахь бүлэглэл”, “Цусан бичиг”, “Боко харам” аж. 
Төрийн Департмент эдгээр бүлэглэлийн толгойлогчдын талаархи үнэн бодитой мэдээлэлд зориулж 23 сая ам.доллар  төсөвлөжээ. 
Хамгийн их шагналыг “Боко харам” бүлэглэлийн толгойлогч Абубакар аль Шекаугийн төлөө амалсан байна. Түүний байгаа газрыг  зааж өгсөн хүнд долоон сая ам.доллар өгөх гэнэ. Энэ бүлэглэл нь 2011 онд Нигерийн нийслэл Абижан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрыг дэлбэлж 24 хүний амь насанд хүрсэн юм.  
“Магрибын улсууд дахь Аль Каида бүлэглэл”-ийн толгойлогч  Яхья Абу Эль Хаммам, “Цусан бичиг” бүлэглэлийг үүсгэн байгуулагч Мохтар Бельмохтар  нарын  талаарх мэдээллийг  тус бүр таван саяар үнэлсэн байна. Яхья эль-Хаммам баруун, төв Африкт хүн хулгайлах гэмт хэргийг байнга зохион байгуулдаг бол Мохтар Бельмохтар өмнө нь “Магрибын улсууд дахь Аль Каида бүлэглэл”-ийн удирдагчдын нэг байсан ч сахилга бат алдсан гэсэн шалтгаанаар зайлуулагдсан этгээд аж. 
Шагналд олгох хөрөнгийг 1984 онд байгуулагдсан “Шударга байсны төлөө” сангаас гаргах юм. Сан байгуулагдсан цагаас хойш АНУ-ын эрх баригчид нийт 125 сая ам.долларыг 80 гаруй мэдээлэгчид хуваан өгсөн гэсэн тооцоо байдаг ажээ.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.