О.Писториусын найз бүсгүй түүнд хайргүй байжээ

2016.06.17 Баасан №069 (2100)

Найз бүсгүйгээ буудаж хөнөөсөн Оскар Писториусын шүүх  хурал үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаан дээр хэргийг үнэн учрыг олоход тус болох чухал мэдээллүүд дэлгэгдэж байгаагаараа олны анхаарлыг татаж байгаа юм. О.Писториусыг найз бүсгүйгээ хардсаны улмаас хөнөөсөн гэх таамгийг батлах мэдүүлгийг өчигдрийн хуралдааны үеэр талийгаач Р.Стенкампын эх нэгтэй дүү Ким Мартин өгсөн байна. Тэрээр “Рива О.Писториуст хайргүй байсан. Хэрэг гарах шалтгаан энэ гэдэгт итгэлтэй байна. Шүүхийн шийдвэр шударга биш. Тэд нотлох баримтуудыг сайн шалгалгүй асуудалд хуумгай хандсан. О.Писториус миний дүүг андуурсандаа хаалганы цаанаас буудсан гэдэгт би итгэхгүй байгаа. Бид зөвхөн шударга үнэнийг л хүсч байна” хэмээн өгүүлжээ.  
О.Писториус 2013 оны хоёрдугаар сарын 14-нд найз бүсгүй Рива Стенкампыг хаалганы цаанаас буудаж хө­нөөсөн бөгөөд шүүхэд “Найз бүсгүйгээ дээрэмчинтэй андуу­раад хөнөөчихлөө” гэсэн мэдэгдэл хийсэн юм. Шүүх үүнд нь итгэн “Бусдыг санамсар болгоомжгүйн улмаас хөнөөсөн” гэсэн үндэслэлээр таван жил хорих, ялыг гэрийн хорионд эдлүүлэх шийдвэр ногдуулсан билээ. Гэвч хохирогч бүсгүйн ар гэрийнхэн давж заалдан, шинэ баримтуудыг дэлгэснээр түүний хэргийг дахин сөхөөд байгаа юм. Даваа гаригт эхэлсэн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх эцсийн хүн нь Ким Мартин байсан юм. Хэвлэлд бичсэнээс үзвэл хэргийг эцэслэн шийдэх хугацаа дөхсөн тул О.Писториусын зүгээс “өрөвдүүлэх” тактик ч хэрэглэж байгаа бололтой. Тэрээр өмгөө­лөгчийнхөө хүсэлтийн дагуу пүрэв гаригийн хуралдаанд хиймэл хөлгүй оролцжээ. 
Хэрвээ шинэ барим­туудыг үндэслэлтэй гэж үзвэл түүнд 15 жил хорих ял оноох магадлалтай юм. Шүүх шийдвэрээ өнөөдөр гаргана.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.