Газар дундын тэнгист сүйрсэн Египетийн онгоц олдлоо

2016.06.17 Баасан №069 (2100)

Парисаас Каирыг чиглэн нисч яваад Газар дундын тэнгист сүйрсэн, Египетийн иргэний агаарын тээврийн “EgyptAir” авиа компанийн А320 онгоц олджээ. Тус улсын эрх баригчид өчигдөр энэ талаар мэдэгдсэнийг ВВС агентлаг уламжиллаа.
Хагуул хийж байсан “John Letherbridge” хөлөг онгоцны үлдэгдлийг олжээ. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлснээс үзвэл, онгоцны үндсэн хэсэг нь ерөнхийдөө олдсон бөгөөд эрлийн хамрах хүрээг багасгаж, сүйрлийн цэгийг тогтоох хэмжээний нотолгоо хангалттай цуг­лаад байгаа аж. “John Letherbridge”-ээс шаардлагатай гэрэл зураг болон бусад мэдээллийг ирүүлсэн учир мөрдөгчид одоо сүйрэл болсон байршлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа юм байна.   

Өнөөдрийг хүртэл тодорхой болсон баримтууд
• “EgyptAir”-ийн онгоц Парисаас Каир руу багийн гишүүн, зорчигч нийлсэн 66 хүнтэй зорчиж яваад 2016 оны тавдугаар сарын 19-ний өглөө Газар дундын тэнгисийн хойд этгээдэд сураггүй болсон. 
• Хэд хоногийн дараа Египетийн Александрия хотоос хойд зүгт 290 км-т, тэнгисийн уснаас онгоцны зарим хэсэг олдсон.
• Онгоц сураггүй болохоос өмнө бүхээгт утаа гарсан гэсэн дохио онгоцны нэгдсэн удирдлагын төв ACARS-д автоматаар илгээгдсэн байдаг.
• Хайгуулын талбай Газар дундын тэнгисийн хамгийн гүн буюу 3000 гаруй метр гүн хэсгийг хамарч байгаа. 
• Хайгуулын багийнхан онгоцны хар хайрцагны дохиог энэ сарын эхээр хүлээж авсан ч одоо болтол олоогүй байна. Хар  хайрцагны тэжээл энэ сарын 24-ний өдөр дуусна гэж мэдэгдэж буй. 
• Сүйрлийн шалтгаан одоо болтол тодорхойгүй хэвээр. Халдлага байж магадгүй гэсэн таамаг гарсан ч одоо болтол нэг ч алан хядах бүлэглэл хариуцлага хүлээх тухай мэдэгдэл хийгээгүй байгаа.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.