“Рио-2016”-д зодоглох Монголын жүдочдын сонголтыг онцолжээ

2016.06.17 Баасан №069 (2100)

Д.ЖАВХЛАН

Монголын жүдо бөхийн холбоо хоёр сарын өмнө “Рио-2016” зуны олимпийн наадамд эх орноо  төлөөлөн оролцох баг тамирчдаа зарласан билээ. Энэ удаагийн шигшээ багийн сонголтыг "Монголын олимпийн жүдо бөхийн гайхалтай сонголт” хэмээн жүдо бөхийн ертөнцөд өрнөж буй бүхий л мэдээллийг нэгтгэн хүргэдэг “Judo inside” сайтад  нийтэлжээ. Уг мэдээлэлд, "Монголын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дөрвөн ч сонголт бий. Тэдгээрт 2014 оны дэлхийн аварга Г.Болдбаатар багтсан боловч техникийн зөвлөл 2014, 2015 оны ДАШТ-ий шигшээд шалгарсан шинэ залуу тамирчин Ц.Цогтбаатарыг оролцуулах гайхалтай сонголтыг хийжээ” гэсэн байна. Ц.Цогтбаатар 2013 оны Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2015 онд Абу Дабид болсон Их дуулгад гайхалтай уран мэхийг үзүүлж чадсан гэдгийг тус сайт онцолжээ. Мөн 73 кг-ын жинд С.Ням-Очир энэ удаагийн олимпийн наадмыг өнжинө.
Түүний оронд дэлхийн чансааны аравт бичигдэж буй Г.Одбаяр, 66 кг-ын жинд дэлхийд цойлох хүчтэн Д.Төмөрхүлэг, 81 кг-ын жинд дэлхийн чансааны 18-т бичигдэж буй О.Ууганбаатар нар оролцохоор болсныг сайшаав. Харин 90 кг-ын жингийн Л.Отгонбаатар, олимпийн домог Н.Түвшинбаяр, +100 кг-ын жинд Б.Тэмүүлэн нартай өрсөлдөх жүдоч Монголд байхгүй хэмээжээ. Түүнчлэн энэ удаагийн олимпийн наадамд эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг, 52 кг-ын жинд өдгөө 30 настай  М.Бундмаагийн оронд шинэ залуу тамирчин А.Цолмон оролцоно гэсэн байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.