Франц хасагдах шатанд шалгарч, оросууд хүнд байдалд оров

2016.06.17 Баасан №069 (2100)

Х.БАТСАЙХАН

Франц улсад болж буй хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний А, В хэсгийн хоёр дахь тоглолт уржигдар шөнө боллоо.  

А хэсэг
Франц Албани 2:0
Гоол: Гризманн (90), Пайет (90+5)
Франц: Льорис, Рами, Эвра, Санья, Косьельни, Канте, Матюиди, Пайет, Коман (Гризманн, 68), Марсьяль (Погба, 46), Жиру (Жиньяк, 77).
Албани: Бериша, Леняни, Маврай, Айети (Весели, 85), Лиля (Роши, 71), Мемушай, Кукели (Жака, 74), Хюсай, Абраши, Аголи, Садику.
Шар хуудас: Кукели (55), Абраши (81), Канте (88).
Энэ удаагийн тэмцээнд жижиг багууд томчуудын эсрэг баатарлагаар үзэлцэж байгаа жишээг Албани үргэлжлүүлэв. Тэд талбайн эзэн Францын эсрэг хүчирхэг хамгаалалтыг босгож, зорьсондоо бараг л хүрсэн. Даанч агаарын тулаанд л илт дээрэлхүүлж байсныхаа горыг 90 дэх минутад амсч, түвэггүйхэн авах байсан оноогоо тавиад туучихлаа. Эхний тоглолтын баатар Д.Пайе эцсийн мөчид ур чадвараа илтгэсэн нэгэн гоёмсог гоолоор үзэгчдийн сэтгэлийг баясгаснаар энэ тоглолт өндөрлөв. Тэд мөн хэсгээс шалгарах болзлоо биелүүлсэн анхны баг болсон юм. 

Румын Швейцарь 1:1
Гоол: Станку (18, пен.) – Мехмеди (57)
Румын: Тэтэрушану, Сэпунару, Кирикеш, Григоре, Рац (Филип, 62), Препелицэ, Пинтилий (Хобан, 46), Торже, Станку (Андоне, 84), Кипчу, Кешерю.
Швейцарь: Зоммер, Лихтштайнер, Шер, Джуру, Родригес, Бехрами, Джака, Шакири (Тарашай, 90), Джемаили (Ланг, 83), Мехмеди, Сеферович (Эмболо, 64).
Шар хуудас: Препелицэ (22), Кипчу (23), Кешерю (37), Жака (50), Григоре (76) – Эмболо (90).
Тоглолтын фаворитоор нэрлэгдэж байсан швейцарьчууд эхний 10 минутад л хоёр ч удаа гоол оруулах боломж гаргасан ч ашиглаж чадсангүй. Үүнийх нь хариуг шүүгч чангахан өгч, румынчууд торгуулийн цохилтоор эхний гоолоо орууллаа. Лихштайнер торгуулийн талбайд эсрэг багийн тоглогчоо татсан учир шүүгч пенальти заасан юм. Цохилтыг Станчу амжилттай гүйцэтгэснээр нэг Евро-д хоёр удаа торгуулийн цохилтоос гоолдсон гурав дахь тоглогч болжээ. Түүнээс өмнө Данийн Франк Арнесен (1984), Испанийн Гаиска Мендьета (2000) нар л ийм амжилт үзүүлсэн аж. 
Ерөнхийдөө швейцарьчууд тоглолтын турш санаачилгыг авч, довтолсон Румыны сөрөг довтолгоо илүү даацтай болж байв. Гэхдээ “Явсан нохой яс зууна” гэгчээр швейцарьчуудын хичээл зүтгэл талаар өнгөрсөнгүй тэнцээний гоолыг оруулж чадсан. 57 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Германы “Байер 04”-т тоглодог Адмир Мехмеди шууд цохиж, эгээтэй л хаалганы тор урчихсангүй. Энэ тоглолтын дараа хэсгээс гарах боломж Румыны багт илүү болсон. Тэд сүүлийн тоглолтоо Албанитай хийх бөгөөд гурваас дээш бөмбөгөөр хожсон тохиолдолд хэсгээс гарна. Гэхдээ үүний тулд Франц Швейцарийг хожих ёстой.     

В хэсэг
ОХУ Словак 1:2 (0:2)
Гоол: Глушаков (80) – Вайсс (32), Гамшик (45)
Шар хуудас: Дюрица (46)
ОХУ: Акинфеев, Смольников, Березуцкий В., Щенников, Игнашевич, Нойштедтер (Глушаков, 46), Головин (Мамаев, 46), Шатов, Кокорин (Широков, 76), Смолов, Дзюба
Словак: Козачик, Шкртел, Губочан, Пекарик, Дюрица, Куцка, Мак (Дерис, 80), Печовски, Вайсс (Швенто, 72), Гамшик, Дуда (Немец, 67)
Оросуудыг “Өөрсдөө эхэлж байдлыг хүндрүүлчихээд дараа нь баатарлагаар давж гардаг онцлогтой” гэж ярих нь бий. Гоол алдаж байж л тоглолт нь ордог тэдний “архаг хууч” энэ удаа ч давтагдлаа. “Ах нар” тоглолтын эхнээс санаачилгыг аван довтолж, 14 удаа хаалга руу цохисон ч байгаа оносонгүй. Харин словакчууд эсрэгээрээ дөрөвхөн удаа хаалга руу цохиод л хоёрыг нь чулуу болгосон юм. Багт өндөр зэрэглэлийн нэг ч гэсэн тоглогч байх нь ямар ашигтайг Словак энэ өдөр утгаар нь харуулсан гэж болно. М.Хамшик 32 дахь минутад В.Вайсст гайхалтай уртай дамжуулалт өгсөн бол есөн минутын дараа өөрөө хамгаалагчийг тойруулан цохисон сум мэт цохилт хийж, И.Акинфеевийн 90-ийн буланд зоосон билээ. Энэ гоол словакчуудад 2:0-ээр тэргүүлэх боломж олгосон төдийгүй ялалтыг нь баталгаажуулсан юм. Оросуудын ганц гоолыг Д.Глушаков 80 дахь минутад оруулсан. Үр дүнд нь Словак хасагдах шатанд үлдэх болзлоо бараг биелүүлсэн бол ОХУ Уэльсийг заавал хожих даалгавартай хоцорлоо.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.