Д.Цэнд-Аюуш: Монгол анагаах ухаан хоёр хөршид үлгэр жишээ болдог

2016.06.17 Баасан №069 (2100)

Б.Бадамгарав

Өчигдөр “Уламжлалт анагаах ухааны эмчилгээний шилдэг аргууд” хэмээх долоон улсын 40 гаруй эрдэмтэд оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон юм. Энэ үеэр АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Цэнд-Аюуштай ярилцлаа. 

-Уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэ удаагийн хурлаар ямар асуудлыг онцолж байна вэ?
-Монгол анагаах ухааны сургууль 2004 оноос эхлэн энэ чиглэлээр ажилладаг олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран туршлага солилцох зорилгоор хоёр жил тутамд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж ирсэн. Энэ жил тав дахь удаагаа болж байна. Хурлаар эмчилгээний шилдэг арга зүй сэдвийн дор орон орноос ирсэн мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож байна. Хурлын бас нэгэн ач холбогдол нь манай уламжлалт анагаах ухааны институт олон улсын сургууль болсноо хүлээн зөвшөөрүүллээ. 
-Монгол анагаах ухааны сургууль хэдэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг вэ. Олон улсын статустай болсноор ямар давуу тал үүсч байгаа вэ?
-Өвөрмонгол, Япон, ОХУ-тай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд оюутнууд хоёр жил эндээ сураад, дараагийн хоёр жилдээ Хятадад суралцан, хос хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна. Одоогоор манай сургууль уламжлалт анагаах ухааны хүний их эмч, зүү төөнө заслын хүний их эмч гэсэн үндсэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Ирэх хичээлийн жилээс уламжлалт анагаах ухааны засалч хэмээх мэргэжилтнийг дөрвөн жилээр бэлтгэнэ. Мөн манай сургуульд зөвхөн монголчууд гэлтгүй Хятад, Япон, Солонгос улсаас мэргэжилтнүүд ирж эрдмийн зэрэг хамгаалдаг. 
-Манай уламжлалт анагаах ухааны хөгжлийн төвшинг бусад улсынхтай харьцуулбал ямар төвшинд явна вэ?
-Монголын уламжлалт анагаах ухаан бол Дорно дахины анагаах ухаанд өөрийн гэсэн томоохон байр суурийг эзэлсэн. Монголын газар зүй, цаг агаар, хүмүүсийн төрөлх шинж чанарт нь таарсан анагаах ухаан. Үүгээрээ маш давуу талтай. Сүүлийн үед манай судлаачдын баг инновацийн төсөл хэрэгжүүлж, жоншноос эм гаргаж авлаа. Гэхдээ бидний олборлодог хүдрийн жонш биш, эмийн жонш юм шүү. Эмийн жоншийг өндөр даралтад шатааснаар пургисан нунтаг болгож, сүүтэй урвалд оруулснаар ясны сийрэгжилтээс сэргийлэх өндөр үр дүнтэй, кальцийн бэлдмэлтэй өрсөлдөхүйц бэлдмэл гаргаж авсан. Кальцийн бэлдмэлийг удаан хугацаанд уухад ходоод өвдөх зовиур гардаг. Харин эмийн жонш хэрэглэхэд ясны сийрэгжилт, үе мөчний өвснөөс хамгаалахаас гадна ходоодыг эмчилдэг. Ингэж иж бүрэн эмчилгээ хийж болдгийг гаднын эрдэмтэд мэдээд манайх руу олон судлаачид явуулж, хамтарч ажилладаг. Одоогийн байдлаар Орос, Хятадад үлгэр жишээ болохуйцаар хөгжиж байна гэж хэлж болно. Уламжлалт жорын эм, бэлдмэлийг савлаж, үйлдвэрлэж байгаа. Эрдэмтдийн судалгааны үр дүнд гарсан эмийг капсулд оруулах, сироп болгох зэргээр хэрэглэхэд хялбар болголоо. Түүнчлэн хүдрийн заараас саа, саажилт, мэдрэлийн эмгэгийн үед хэрэглэх тарилга гарган авч байна. Мөн уламжлалт эмээс хавдрын эсрэг эм гаргахаар судалгааны ажил явагдаж байна. Энэ мэтчилэнгээр манай уламжлалт анагаах ухааны чиглэлийн эрдэмтэн судлаачид амжилт арвинтай ажиллаж байгаа.
-Сүүлийн үед иргэд эмийн эмчилгээнээс аль болох татгалзаж, уламжлалт эмчилгээг илүүд үзэх болсон байна?
-Хүмүүс ер нь зөв амьдрах дадал зуршлаа гээж байгаа нь анзаарагдаж байна. Мах махан бүтээгдэхүүн, хайрч шарсан хоол хүнс ихээр хэрэглэх боллоо. Ийнхүү улирлын чанартайгаар зөв хооллохоо мартсанаас болж өвчлөх нь элбэг байна. Өвчилсний дараа европ эмийг эн тэргүүнд хэрэглэдэг. Харин европ эм нь нэг өвчнийг эдгээгээд дараагийн өвчнийг үүсгэдэг. Гэхдээ европ шинжлэх ухаан, эмийн үр дүнг үгүйсгэж байгаа юм биш. Гоц халдварт, халууралт, мэс заслын, гэмтлийн өвчний үед зайлшгүй хэрэглэх ёстой. Гэхдээ эрүүл, урт удаан наслахад монгол эм л таардаг. Европ эмүүд бол цэвэр химийн бодисууд. Тиймээс байгаа онож өвчнөө эмчилдэг боловч, дагалдах өвчнийг эмчилж чадахгүйг орчин үеийн шинжлэх ухаан хүлээн зөвшөөрсөн. Монгол эм бол дөрөв, гурав бүр 10, 35 төрлийн найрлагатай байдаг. Яагаад ийм олон түүхий эдийг хольдог вэ гэхээр нэг хэсэг түүхий эд үндсэн өвчнөө эмчилж байхад нөгөө хэсэг нь үр дагаврыг устгаж, үлдсэн нь дараагийн өвчнөөс урьдчилан сэргийлж байдаг. Химийн ямарч хольцгүй, цэвэр байгалийн ургамал, амьтан, эрдсээс гаргаж авдаг.
-Эмийн ургамал нэн ховордож байна. Зарим нь устах аюулд хүрсэн тухай эрдэмтэд ярьдаг. Тэгэхээр ховордож буй эмийн ургамлыг авч үлдэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Байгаль цаг уурын өөрчлөлт хурдасч, байгаль хамгаалах тухай хуулиуд чангарч байгаа учраас эмийн ургамлыг тарималжуулах асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Хамгийн гол нь тэдгээр ургамлыг эмчилгээний шинж чанарыг хадгалж үлдэх нь чухал. 
-Уламжлалт анагаах ухаанаар эмчлэх боломжгүй өвчин байдаг уу?
-Гоц халдварт өвчин, хорт хавдрыг дан уламжлалт анагаах ухаанаар эмчлэх боломжгүй. Харин орчин үеийн анагаах ухаантай хавсарснаар эмчлэх боломж бий. Уламжлалт эмчилгээ, тан нь өвчний вирусыг устгаж чадахгүй ч тухайн хүний өөрийнх нь дархлааг сайжруулж, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлснээр өвчлөлийг анагаах боломжтой. Орчин үеийн болон уламжлалт ухааныг хослуулан нэгдмэл эмчилгээг сүүлийн үед хийх болсон. Энэ нь ч үр дүнгээ өгч байгаа. Жишээлбэл, шарласан хүн халдвартад эмчилгээ хийлгэсний дараа тан ууж, дэглэм барих ёстой. Ингэснээр цогц эмчилгээ болдог. 
-Уламжлалт эмчилгээ зохихгүй хүн гэж байх уу?
-Голдуу эмийн ургамлаас тан, бэлдмэл гарган авч эмчилгээнд хэрэглэдэг учраас ургамлын харшилтай хүнд эмчийн өндөр хяналтанд эмчилгээ хийдэг. Мөн бие махбодийн болон тухайн өвчний онцлогоос шалтгаалан уламжлалт эмчилгээ хориглох заалтууд бий. Ялангуяа жирэмсэн эхчүүдэд эмчилгээг хийхдээ тун болгоомжтой хандах шаардлагатай. 
-Эмчилгээ хийлгэсний дараа гам алдах тохиолдол их гардаг. Ингэсэн тохиолдол дахин эмчилгээгээ хийлгэх ёстой гэсэн ойлголт иргэдийн дунд бий. Энэ нь зөв үү?
-Манай улс цаг уурын хувьд эрс тэс учраас гам барихад хүндрэл гардаг. Өглөө, өдрийн агаарын дулааны зөрүү ихтэй учир гам алдах тохиолдол бий. Энэ тохиолдолд эмчдээ хандан тохирох эмчилгээг хийлгэх ёстой. Тэрнээс биш заавал давтан эмчилгээ хийлгэнэ гэсэн зүйл байхгүй. Ер нь эмчилгээний дараахь гам бол маш чухал. 
-Ярилцлагын төгсгөлд иргэдэд өгөх ямар зөвлөгөө байна вэ?
-Манайхан эртнээс эрүүл аж төрөх, зөв дадал хэвшилтэй байсан. Жишээлбэл, махан хоолонд орох гэж байгаа хүүхдэд уураг сүүл хөхүүлдэг. Үүний учир нь сүүл хөхөж байгаа хүүхдэд ходоодны фермент ялгарч, махан хоол хүлээн авах чадвар нь ихэсдэг. Ингэснээр махан хоолонд ороход гэдэс ходоод нь хямардаггүй. Мөн сүүлний тос нь хий ядаргааг тайлах чадвартай. Бага насны хүүхдүүд ядаргаанд орж байна гэдэг. Үүнийг телевиз их үзэж, компьютер их тоглосноос боллоо гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ их чимээнд ядардаг. Тиймээс амралтын өдрөөр хонины сүүлээр хийцлэсэн цай чанаж өгөх ёстой юм. Энэ мэтчилэнгээр энгийн боловч, үр дүн ихтэй аргууд маш их бий. Мөн төрөл бүрийн дархлаа сайжруулах, ходоодонд сайн гэх зэрэг олон төрлийн бэлдмэл, цайнууд их гарсан учир заавал өвчилсний дараа биш, урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэж байх хэрэгтэй.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.