Э.Бат-Үүл: Сонгуулийг газрын төлөөх “дайн” болгож хувиргалаа

2016.06.17 Баасан №069 (2100)

С.ШИЙЛЭГТӨМӨР        

Нэг сая 566 мянга 600 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай манай улсын хүн амын тал нь дөрвөн уулын дундах нийслэлдээ бөөгнөрөн ажиллаж амьдарцгааж байна. Нэг дороо ингэж төвлөрснөөс болоод Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд маргаан их гардаг. Түүнчлэн газрын наймаа нь хамгийн их ашигтай бизнес болсон гэж үздэг. Үүнийг илтгэх нэгэн судалгааны дүнг Дэлхийн банкнаас гаргасан байна. “Улаанбаатар хотын газрын харилцаа ба менежмент”  хэмээх тайланг Дэлхийн банкны Нийгэм, хот, хөдөө, сэргээн хөгжих асуудал эрхэлсэн газраас Улаанбаатар хотын захиргаатай хамтран 2013-2015 оны хооронд хийсэн судалгаандаа тулгуурлан гаргажээ. Энэхүү судалгааны талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар бусад төлөөлөгч нарынхаа хамт өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрээр Сүүлийн үед нэр дэвшигчид рүү дайрч давшилах, шантаажлах байдал их гарч байна. Тиймээс АН-ын нэр дэвшигчид ялангуяа НИТХ-д нэр дэвшиж буй өөрийн багийн 45 төлөөлөгчдөө, биднийг дэмжиж байгаа сонгогчдод сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Газрын авлига, наймаагаар хөлжсөн, нийслэлийг удирдаж байсан хүмүүсийн зүгээс над руу болон манай багийнхан руу их дайрч байгаа. Өмнө нь эдэлж байсан эрх мэдлээ энэ удаагийн сонгуулиар эргүүлэн авах гэж улайрч байна. Манай ард түмний дунд нэгэнт газрын мафи гэж нэрлэгдсэн бүлэглэлээс болж нийслэлд учирч байсан хохирлын зарим баримтыг олон нийтэл дэлгэх нь зүйтэй гэж үзлээ” гэв.
2012 оноос өмнө нийслэлийн газрыг хотын даргын захирамжаар өмчлүүлдэг байв. Харин 2012 оноос хойш Улаанбаатар хотын газрыг олон нийтэд нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалах болсон. Олны анхаарлыг хамгийн их татсан дуудлага худалдаа нь л “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн газар болохоос хувьчлах жагсаалтад оруулсан бүх газраа дуудлага худалдаагаар худалдаалж байгаа. Одоогийнх шиг ил тод дуудлага худалдаагаар хувьчилдаггүй байсан учраас нийслэлийн өмнөх удирдлагууд газрын наймаачин гэх тодотголтой болсон. Дэлхийн банкнаас гаргасан судалгааны тайлан энэ тодотголыг улам баталгаажуулжээ. Дэлхийн банкныхан хотын өмнөх удирдлагуудын газар олголтоос алдсан орлогыг тооцоолоход бараг 27 их наяд төгрөгийн дүн гарсан байна. Одоо явуулж буй дуудлага худалдааны анхны үнээр тооцоход л ийм дүн гарчээ. Гэтэл ийм хэмжээний мөнгө хотын төсөвт ороогүй байна. Хэрэв энэ мөнгө төсөвт орлого болон орж ирсэн бол 26 мянган сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байгуулах хэмжээний мөнгө. Мөн 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тооцоогоор бол 24 их наяд төгрөг шаардлагатай. Тэгэхээр дээрх мөнгийг үүнд зарцуулж болох байж гэсэн үг. Базаад хэлэхэд энэ бол Улаанбаатар хотын 52 жилийн төсөвтэй тэнцэх мөнгө.  
Дэлхийн банк судалгаагаараа хотын өмнөх удирдлагуудын газрын хувьчлалаас олж болох байсан мөнгөн дүнг гаргаснаас гадна хууль бусаар өмчлүүлсэн тооцогдож буй газрын хэмжээг ч гаргажээ. Бүр он оноор нь гаргасан байна. 
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Төсөвт орж ирэх ёстой байсан тэр их мөнгө хаашаа орсон нь ойлгомжтой. Газрын наймаачид, мөнгөө төлөөд хотын засаг, захиргааг өөрсдөдөө үйлчлүүлдэг байсан бүлэг сонгуулийн боломжийг алдахыг хүсэхгүй байна. Энэ боломжийг алдахгүй байхын төлөө улайран тэмцэж байна. Бид ч бас ийм зүйл болж магадгүй гээд эрсдэлийг тооцож байсан. Тийм учраас сонгуулийнхаа уриаг “Ухрах уу, урагшлах уу” гэж сонгосон юм. Газрын мафиуд эдийн засгийн ямар их хүч чадалтайг иргэд надаар хэлүүлэлтгүй мэднэ. Асар их мөнгөтэй, асар их нийгмийн баялгийг хяналтдаа авчихсан учраас тэд үнэхээр хүчирхэг байна. Тиймээс биднийг харлуулах, гүтгэх, гүжирдэх  ямар  арга байна, тэр болгоныг хэрэглэж байна. Тэд сонгуулийг газрын төлөөх тулалдаан болгож хувиргалаа. Бид 2012 онд олуулаа болж ирээд хамгийн анх  газрын наймааг ИТХ-ын тогтоолоор зогсоосон. Газар олгох шинэ журам гаргаж, хэн нэгэнд газар олгох бол ИТХ-аар хэлэлцэн зөвшөөрсөн тохиолдолд олгоно. Засаг дарга хууль бусаар газар олгосон бол огцорно гэдэг саналыг миний санаачлагаар оруулж нийслэлийн ИТХ баталсан. Өмнө нь хууль бусаар олгосон 200 гаруй газрын зөвшөөрлийг цуцалж хурааж авах ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь, олон асуудал шүүх дээр очоод унасан. Тиймээс тохиролцъё, зөвшилцье гээд дуудлага худалдааны анхны үнээ өг гэж шийдсэн. Хэсэгхэн газрын дуудлага худалдааны анхны үнийг цуглуулж авахад 68 тэрбум 493 сая төгрөг орж ирсэн. Гэтэл Засгийн газрын ордны баруун талын хэсэгхэн газрыг дуудлага худалдаанд оруулахад 24 тэрбум төгрөг хүрсэнийг ч иргэд санаж байгаа. Дуудлага худалдаагаар борлуулсан газрын үнэ анхны үнээсээ хоёроос гурав дахин нэмэгдэж зарагддаг. Тэгэхээр ийм их баялгийг хяналтдаа буцааж авах гэж улайраад байна. Нийслэлийн эдийн засгийг бүрэн хянасан, засаг захиргааг өөрийнхөө төлөө албат шигээ ажиллуулдаг байсан бүлэглэлтэй тэмцэх тэмцэл амаргүй юм. Тиймээс сонгогчдоо биднийг дэмжээрэй гэж хүсье. Мөн сонор сэрэмжтэй байхыг уриалъя. Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид маань сонор сэрэмжтэй байгаарай. Гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Хууль ёсоо байг гэхэд хүний ёсоо мартан гүжирдэж байна. Байдал иймд хүрч байгаа учраас би зориуд анхааруулъя гэж бодсон юм. Нийслэлийн нийт иргэдийн баялгийг цөөхөн хэдэн хүн гартаа авчихсан, тэрийгээ өнгөрсөн сонгуулиар алдаж цохилтод орсон. Алдагдсан эрх мэдлээ буцааж авахын тулд улс төрийн намын сонгуулийг газрын төлөө дайн болгон хувиргалаа” гэлээ.
Нийслэлийн удирдлагууд дээрх байдлаар мэдээлэл хийсний дараа Э.Бат-Үүл дарга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 
-Гэр хорооллын айлууд бүгд “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдах боломжтой юу. Яармагийн айлууд хамрагдах гээд Төрийн банкинд хандахаар “Танайх энэ хөтөлбөрт орохгүй юм байна” гэсэн хариу өгөөд байна гэсэн. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Ямар хашаа хөтөлбөрт хамрагдах вэ гэдгийг Төрийн банк тогтоохгүй. Засгийн газрын тогтоолд “Нийслэлийн есөн дүүрэг, аймаг, сумын төвийн хашаатай айлууд энэ хөтөлбөрт хамрагдана” гээд заачихсан байгаа. Төрийн банк яагаад тийм хариу өгснийг би шалгаж тодруулна. Магадгүй энэ явуулга байж магадгүй. Уг нь тийм зүйл байх ёсгүй. Харин ч Засгийн газар “Сайн хашаа” хөтөлбөрийн нөхцөлийг сайжруулсан. Хөтөлбөрт хамрагдсан айлд 10 сая төгрөгийн зээл өгөхөөр тогтоолдоо тусгасан байснаа өөрчилж 15 сая болгосон. Яагаад ингэж өөрчилсөн юм бэ гэхээр, иргэд маань банкинд ямар нэгэн зээлтэй байгаа. Тиймээс банк зээлтэй иргэдэд зээл олгохгүй нь ойлгомжтой. Ийм нөхцөл байдал үүссэн учраас өмнөх зээлээ дарахад нь зориулж таван сая төгрөг нэмсэн юм.
-Хууль бусаар өмчлүүлчихсэн байсан газруудын байршил нь хаана хаана байсан юм бэ?
-Энэ талаархи судалгааг өмнө нь гаргаж байсныг санаж байгаа байх. Нийтийн эзэмшлийн талбай, явган зам, сургууль, цэцэрлэгийн газар, орон сууцны хорооллуудын дундах хүүхдийн тоглоомын талбай гээд олон газар бий. Тухайлбал, Төв шуудангийн урд талын явган хүний замын газрыг хувьчилчихсан байсан. Хүмүүсийг хаагуур нь явна гэж бодсон юм бүү мэд. Тийм л цагаандаа гарчихсан байлаа шүү дээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.