АН өр тавих тухай санааширч байхад МАН өр төлөх тухай санаа чилж байна

2016.06.20 Даваа №070 (2101)

Манай улсын эдийн засгийн аюулгүй байдал эрсдэлд ороод байна. Нийт өр 21 тэрбум долларын хэмжээнд хүрчихээд буй.  Үүнийг эрх баригч АН байх ёстой хэмжээ гэж харж байгаа бол МАН болон бусад улс төрийн хүчин “Улс орныг дампуурал рүү хөтлөх хэмжээнд туллаа” гэж дүгнэж байгаа билээ. Энэ удаагийн сонгууль энэхүү өрийг хэн, хэрхэн төлөх вэ гэдэг өрсөлдөөн гэхээсээ илүү өр зээлийн бодлогоос яаж татгалзах вэ гэдэгт илүү төвлөрөх учиртай. Гэтэл АН-ын хувьд өр зээлнээс татгалзах тухай бус, харин ч улам илүү өр тавих тухай санааширч байна. АН-ынхан гадаадад албан айлчлал хийхээр очоод гарын үсэг зурах гэрээ хэлэлцээр бүр нь зээл авах, хүү төлөх тухай байгаа нь бодитой үнэн. Тиймээс АН ирэх дөрвөн жилд засгийн эрхэнд гарсан тохиолдолд өр зээлийг төлж барагдуулна гэхээс илүү, улам их өр зээл нэмж тавих нь ээ гэдэг дүгнэлт хийж болохоор байна. 
Тэгвэл одоо үүсээд буй өр үнэхээр санаа зовохгүй байж болох зүйл мөн үү. Олон эдийн засагч энэхүү өрийг аюул занал гэж харж байна. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болоод хэтийн  төлөвийг харахад, өрийг дарах байтугай, хүүг нь төлөхөд ч хүндрэлтэй байгаа аж.  Өмнө нь 10 тэрбум шилжих рублийн өртэй байхдаа их өр гэж нэрлэж байсан. Гэвч 10 тэрбум шилжих рублийн өрийг 70 жилийн турш хуримтлуулсан. Асар их бүтээн байгуулалт, хот суурин, зам барилга, эмнэлэг сургууль, дэд бүтэц барьж босгож чадсан. Энэ өрийг бид үнэндээ төлж чадахааргүй байсан. МАН-ын үед их өрийг тэглэх бодлого биеллээ олсны дүнд их өрнөөсөө Монгол Улс салж байв. 
Гэтэл их өрийг тэглэснээс хойшхи 10 жил хүрэхгүй хугацаанд 21 тэрбум долларын өрийг дахин үүсгэлээ. АН-ын хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого зөвхөн өр зээлийн бодлого болж хувир­лаа гэхэд хилсдэхгүй. Яг л Грекийн замналаар орлоо гэж ажиглагчид дүгнэж байна. Гэвч Грек манай улсыг бодвол нөхцөл өөр. Аялал жуулчлал, олив, усан үзмийн тариалан хөгжсөн орлого өндөртэй газар. Харин Монгол Улсын тухайд байдал арай илүү ноцтой. Бид өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнээрээ урд хөршөөс 86 хувь хараат. Бен­зин, нефть зэрэг стратегийн бүтээгдэхүүнээрээ хойт хөршөө­сөө 96 хувь хараат.  Мөн­гө санхүүгийн хувьд гадаад валют буюу америк доллар, юаниас 100 хувь хамааралтай. Ийм эдийн засгийн бүтэцтэй орон өрөнд идэгдэх нь өөрийн хүч, нөөц бололцоогоор  түүнийг гэтлэн давах тухай ярихад тун хүндрэлтэй юм. Тийм ч учраас эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбогдон харанга дэлдээд буй хэрэг. 
Үндэсний үйлдвэрлэл, ялангуяа боловсруулах үйлд­вэрлэл нэн сул хөгжсөн, экспортынх нь бараг 90 хувь нь түүхий эд, эсрэгээрээ импортынх нь 90 гаруй хувь эцсийн бүтээгдэхүүн болж, бусад орны эдийн засгийн хавсарга буюу өөрийгөө шавхаж бусдыг тэжээдэг маш эмзэг колонийн шахуу эдийн засагтай болж хувирсан байна, манай улс. Ийм атал өрийн бодлогоо Гректэй харьцуулахад ч бэрх юм. Хамгийн ноцтой нь 21 тэрбумын ихээс их өрөө ойрын жилүүдэд хэрхэн яаж, ямар эх үүсвэрээс төлөх нь тодорхойгүй. Өрөө төлөх нь байтугай, төсвөө ч бүрдүүлж чадахгүй байдалтайгаар өнгөр­сөн дөрвөн жилийг үдлээ. Ирэх жилээс бид төсвийнхөө 30 гаруй хувийг өрөнд өгөх болно. АН-ын өнгөрсөн дөр­вөн жилд үүсгэсэн өрийг ирэх оноос шууд төлж эхэлнэ. 2017 оны гуравдугаар сард “Чингис” бондын зээлийг төлж эхлэхээр байгаа. Таван тэрбум ам.долларын 500 саяыг 2018 оны нэгдүгээр сард төлнө. Жил хүрэхгүй хугацаанд нэг тэрбум ам.доллар төлөх үүрэгтэй. Харин үлдсэн нэг тэрбумыг 2022 оны арванхоёрдугаар са­­раас төлнө. Үүний дараа “Саму­рай” бондын төлөлт 2023 оноос орж ирнэ. Энэ бүх өрийг ам.доллараар төлнө. Сан­­гийн сайд “Өрийг өрөөр л төлөхөөс өөр гарц байхгүй” гэж мэдэгдсэн. Ийм л ангалын өмнө улс орноо туун авчирсан АН-д итгэх итгэл монголчуудад одоо үлдсэнгүй. Улс орноо өрнөөс гаргана гэх амлалтыг зоригтой өгч чадаж буй ганц нам нь МАН болоод байна. 
МАН-ын мөрийн хөтөлбөрт улс орныг уул уурхайгаар бус, аж үйлдвэрлэлээр хөгжүүлэх тухайн тун тодорхой тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл, өрийг дахин өр тавих замаар дарах бодлого энэ намд алга. Харин үйлдвэрлэлийг хөгжүүлж, бий болгосон нэмүү өртөг, эдийн засгийн өсөлтөөр өрийн хэмжээг багасгах, ачаалал дарамтыг арилгах бодлого барих аж. Эдийн засаг уул уурхайгаас 90 хувийн хамааралтай гэдгээрээ Монгол Улс дэлхийд хоёрт ордог. Африкийн Замби гэгч улс л манай урд байдаг юм байна. Тиймээс уул уурхайн ха­маарлаас гарах нь эдийн засгийн эхний алхам байх учиртай. 
Түүнчлэн өнөөгийн эдийн засгийн хямралт байдалд хүр­сэн нь зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс буюу 1990-ээд оноос хойш үйлд­вэр­­лэлийн салбараа орхиг­дуулж, олон арван үйлдвэр үүд хаалгаа барьсантай шууд холбоотой. Мэдээж энэ нь тө­рийн өмчит олон компанийг  хууль бусаар хувьчилсантай ч холбогдож таарна. Үнэхээр л тэртээх 1980-аад онд Монгол Улсад үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж, энэ хэрээр улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт бий болж, олон мянган хүн ажлын байр­тай байсан нь  түүхэн үнэн. Энэ хэрээр олон мянган иргэн ажлын байртай, ар дахь амьдрал нь баталгаатай байв. Энэ үед аж үйлдвэрийн салбар нь үндэсний нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлэхийн зэрэгцээ ажлын байр бий болгогч томоохон хүч байсан. 
1990 онд ДНБ-ий 36 хувь­тай тэнцэж байсан аж үйлд­вэрлэлийн орлого 2000 он гэхэд зургаан хувь болтлоо буурсан дүн мэдээ байдаг билээ. Манай улс нийт хэрэглээнийхээ 88 орчим хувийг импортоор авч, мах, гурил, ногоо гэх мэт дөнгөж 12 орчим хувийг өөрс­­дөө үйлдвэрлэж байгаа уч­раас аргагүй юм. Бид зөвхөн ургамлын тос, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, мод, модон эдлэл, нэхмэл болон нэхмэл бү­тээгдэхүүн, гутал хувцас гэсэн таван нэр төрлийн бү­тээг­­дэхүүнийг импортоор авахад жилд 468 сая ам.доллар зарцуул­даг. Тийм учраас гадаг­шаа урсаж буй эдгээр мөн­гөний урсгалыг зогсоох, ул­маар гаднаас мөнгө, валют олж ирэх зүйл бол дотоодын үйлд­вэрлэлээ сэргээх явдал гэдгийг МАН ойлгожээ. 
МАН-ын мөрийн хөтөлбөрт туссанаар бол дотоодын үйлд­­вэрлэлээ хөгжүүлэх чиг­лэлээр дараахь алхмууд хэрэг­жих аж. Бизнес эрхлэгч, дотоо­дын үйлдвэрлэгчдэд тэд нэн тэр­гүүнд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох бодлого барина. Мөн гаднаас оруулж ирэх түүхий эд, материалын зардлыг багасгахын тулд валю­тын ханшийн өсөлтийг зогсооно. Удаад нь татварын таатай орчин бүрдүүлнэ. Ингэх­дээ татварын орчинг тогтвор­той байлгах чиглэлээр ихэд анхаарах гэнэ. Монголчууд байтугай гаднын хөрөнгө оруу­лагчид манай улсын тат­варын орчин  яагаад ингэж их савладгийг гайхдаг. Энэ нь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Тэгвэл МАН засгийн эрхэнд гарсан тохиолдолд АН шиг Засгийн газраа байн байн солиод байх нь юу л бол. МАН бол харьцангуй эв нэгдэл сайтай, тулхтай, туршлагатай нам учраас засаг тогтвортой байх, эдийн засгийн бодлогоо гуйвж дайвахгүйгээр хэрэгжүүлэх боломж нь бусад нам, хүчнийг бодвол илүү гэсэн үг. Тиймээс л төр засгийн зүгээс тогтвортой бодлого гаргаж, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжвэл Монгол Улсын хөгжлийн гарцыг холгүй бөгөөд өрийн дарамтаас гарах найдвар бас ч гэж бий гэж олон хүн найдаж байна. 

Учир нь аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлснээр эдийн засагт тогтвортой өсөлт бий болдог жамтай. Үйлд­­вэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчил­гээгээр дотоодын хэрэг­цээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болох зорилтыг МАН тавьж байна. Үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүл­жээг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөсөн олон ажлыг тэд хямралын эсрэг зэвсэг болгохоор бэлджээ. Одоогийн эрх баригчаас ялгаатай гол зүйл нь МАН өр зээл бодож өдөр хоногийг өнгөрүүлэхгүй. Тэд өрнөөс гарах бодлого хэрэгжүүлнэ. Ингэхдээ дахин өр тавьж биш, улс орны үйлдвэрлэлийн боломжийг бий болгох замаар үүнийгээ хэрэгжүүлэхээр тооцож байгаа ажээ.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.