Бусад намууд хотын даргаа зарлах уу

2016.06.15 Лхагва №068 (2099)

М.цэцэг

АН нийслэлийн ИТХ-д олонхи болбол хотын даргаар Э.Бат-Үүлийг дахиулан ажиллуулна гэдгээ зарлачихлаа. Нэмээд, танай дүүрэгт ийм ажил хийнэ. Та тэмдэглээд аваарай гээд мөрийн хөтөлбөрөө ч танилцуулж байна. Тэгэхээр энэ бол мэдээж шинэ жишиг. Тэр тусмаа нийслэлд. Учир нь, өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсан УИХ, орон нутаг, ялангуяа нийслэлийн сонгуулиас урьтаж АН, МАН-ынхан Ерөнхий сайд, хотын мээр, аймгийн Засаг дарга нараа олон нийтэд ил тодоор зарлаж байсан удаагүй. Харин сонгуулийн үр дүнд үндэслэн хэнийгээ томилох эсэхээ олонхоороо шийдвэрлэж ирсэн. Үүнийг бялуу хуваах гэж ярьж заншсан. Бялууны төлөөх дайн дэгддэг ч гэж хэлэхэд буруудахгүй. Харин урьдчилж зарласнаараа нийслэлийн АН бусдадаа шинэ жишиг тогтоолоо. Сонгуулийн дараа тэд нийслэлийн ИТХ-д олонхи болбол хэнийг хотын даргаа болгохоо тохирно, шийднэ гэж цаг алдахгүй боллоо гэсэн үг.
Харин МАН тэргүүтэй бусад намууд яагаад таг чиг байна вэ. Уг нь нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-45, МАХН-45, Иргэний хөдөлгөөний нам 41, БНН-21, ХҮН-25 нэр дэвшигчээ “сойж”  байгаа. Бүгдээрээ нийслэлийн иргэдийг утаагүй, түгжрэлгүй, эрүүл, аюулгүй орчинд амьдруулна гэсэн мөрийн хөтөлбөртэй. Сон­гуулийн үр дүнг урьдчилан хэлэх боломжгүй. Гэхдээ мөрийн хөтөлбөр болон багийн гишүүнээ  олон нийтэд таниулж чадсан нь нийслэлд засаглах боломжтой. Ингэхийн тулд тэдэнд мэдээж АН шиг томоохон акц өрнүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ИТХ-д хүч үзэж байгаа намууд АН-ынхан шиг хотын даргаа зарлая, бас тодруулъя. Ингэлээ гээд намууд АН-ыг хуулбарласан болохгүй. Эсрэгээрээ эрүүл өрсөлдөөн бий болох суурийг тавина. 
Нам бүрээс нэг нэр дэвшигчээ эс бөгөөс өөр нэгнийг гаднаас оруулж хотын даргаар ажиллуулахаа хаа хаанаа тодорхой болгочихвол адаглаад сонгогчид санал өгөхдөө наанатай цаанатай хандана. Магадгүй нам болгоны боловсруулсан мөрийн хөтөлбөрөөс хамгийн чухал гэж хэлж болох заалтыг тугаа болгож тус тусын томилсон “хотын дарга”-аараа сурталчлуулбал өрсөлдөөн илүү ойлгомжтой, эрүүл болж ч мэдэх. Тиймээс АН-ынхан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг дахиулан томилохоо мэдэгдсэн шиг үйл явцыг бусад намууд ч үргэлжлүүлбэл ямар вэ.

Хуульд нийслэлийн Засаг даргыг ИТХ-д олонхи болсон нам, эвсэл сонгоно гэж заасан байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хувьд АН нийслэлд анх удаагаа засагласан дөрвөн жилд өрнүүлсэн бүтээн байгуулалтын гол фигур. Жишээ нь, өнгөрсөн хугацаанд нийслэлд шинээр тавьсан болон шинэчилж өргөтгөсөн зам 259.4 км байгаа нь 2008-2012 онтой харьцуулахад гурав дахин урт. Энэ нь нийслэлийн ИТХ-ын нэг төлөөлөгч 10 км шинэ зам тавьсан гэсэн үг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 96 цэцэрлэг, сургуулийг барьж ашиглалтад оруул­сан нь ч тэдний тугаа болгох нэг шалтгаан. Үүнд гудамж, зам талбайн тохижилтоос эхлүүлээд нийтийн тээв­рийн шинэчлэл зэрэг ч хамаатай. Мөн Нийслэлийн үйлчилгээний анхны нэгдсэн төвийг Баянзүрх дүүргийн “Дүнжингарав”-т, араас нь Хан-Уулын “Мишээл экспо”, Сонгионохайрханы “Драгон”-д нээсэн нь төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгоод байгаа. Дээрээс нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хотын хүн амын ес, газар нутгийн 14 хувийг хамран 7374 айлын орон сууц барьж эхлээд байгаа. Энэ ажлын хүрээнд 4044 өрх буюу 16 мянга гаруй иргэн хашааны газраа шинэ байраар сольж хот доторхи их нүүдлийг хийгээд буй.
Тиймээс энэ бүх бүтээн байгуу­лалтыг өрнүүлэхэд голлох байр суурь­тай оролцсон хотын дарга Э.Бат-Үүлийг нийслэлийн Ардчилсан намын хороо нь тугаа болгон дахин сонгуульд оролцох гэж байна. 
Хотын даргаа урьдчилан зарласныг улс төр судлаач ийнхүү дүгнэж байна.

УИХ-д дэвшиж байгаа намууд ч үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй

МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор, дэд профессор, улс төр судлаач Ц.Мөнхцэцэг
-Дэлхийн практикт сонгуульд орохдоо Засгийн  газрын гишүүн  болон  орон нутгийн бүрэлдэхүүнээ урьдчилан зарладаг. Тухайлбал манай нам ялбал Засгийн бүрэлдэхүүнд  ийм хүмүүс сайд болно. Ерөнхий сайд нь тэр  хүн байна гэдэг. Энэ нь иргэд, сонгогчдод сонголтоо хийхэд амар байхын зэрэгцээ сонгуульд өрсөлдөж  байгаа  нэр дэвшигчид нь багийн тоглолт хийж байгаа хэрэг. Мөн орон нутгийн төвшиндөө ч манай нам ялах бол амбан захирагч энэ байна гээд зарлачихдаг. Сон­гогчид намын мөрийн хөтөл­бөрөөс гадна тухайн багийг харж сонголтоо хийдэг. 
Сүүлийн үеийн судалгаанаас харахад сонгуульд нам гэхээс хүнийг харна гэж байгаа. Тиймээс хэн нь сайд, хэн нь хотын дарга болохоо ойлгомжтойгоор  харуулчих нь маш зөв. Нийслэлийн ИТХ-д олонхи болбол Э.Бат-Үүлийг хотын даргаар дахин ажиллуулна гэж нийслэлийн АН зарлалаа. Энэ нь дэлхийн жишигт ойртсон, Монгол Улсад сонгуулийн шинэ соёл  нэвтрүүлэх  гэсэн  арга. Тэгээд ч энэ нь  иргэдийн анхаарлыг татаж байгаа юм. Үүгээрээ нийслэлийн АН дэлхийн жишигт ойртсон замыг сонголоо. Бусад намууд ч үүнийг хэвшүүлэх ёстой. ИТХ төдийгүй УИХ-д өрсөлдөж байгаа намууд ч хэрэгжүүлмээр байгаа юм. Урьдчилж зарласан бүрэлдэхүүнээрээ ялбал цаашид ажиллана. Хэрвээ ялагдвал сүүдрийн танхим болоод ажиллаад явчихдаг юм.  Энэ  нь  эрх баригч нам, эвслийн бодлогод хяналт тавина. Миний бодлоор өмнөх сөрөг хүчин эрх баригчдын бодлогод хяналт тавихаас илүү ганц нэг хүний шүүмж, хов живээр яваад байх шиг санагдсан. Жинхэнэ сөрөг хүчний хяналт тавих бодлогын механизм дутагдаж ирсэн. 


Яагаад Э.Бат-Үүл гэж

Нийслэлийн ИТХ-д Ардчилсан нам олонхи болох юм бол Э.Бат-Үүлийг хотын даргаар дахин сонгоно гэдгээ зарлачихлаа. Иргэд ч Э.Бат-Үүлийг үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж байна. Яагаад. Ямар шалтгаанаар Э.Бат-Үүлийг хотын даргаар дахин ажиллуулахыг дэмжиж байна вэ. Энэ асуултын хариултыг иргэдээс авлаа. 


Түгжрэлд үрдэг цагаа гэр бүлдээ зарцуулдаг болсныхоо төлөө Э.Бат-Үүлийг дэмжинэ

н.Нарангэрэл
-Орой ажлаа тараад гэр­тээ харих гэж хоёр цаг болдог бай­сан. Одоо хоёр цаг түг­жир­­вэл бараг долдугаар сарын 1-ний үймээн шиг юм болно биз. Автомашины түгжрэл ор тас алга болоогүй ч дугаарын хязгаар­лалттай болсноос хойш илт багас­сан. Түгжрэлд үрэх цагаа гэр бүлдээ зарцуулж чаддаг болсны төлөө би Э.Бат-Үүлийг дэмжинэ.  


Гаднынхан хотын гудамжийг л харна

Р.Тогоо
-Э.Бат-Үүл өөрийн команд­тайгаа дахин гарвал болж л байна. Ер нь нийслэлд намаар талцуулж сонгох биш мэргэжлийн хүнийг гаргавал сайн. Сүүлийн хэдэн жил хотын соёл илт сайжирсан. Монголчууд айлд орохдоо нөхрийн нэрээр орж, эхнэрийн байгаа байдлаар дүгнээд гардаг шүү дээ. Гадаадын хүмүүс ирээд Улаанбаатарыг гудамж талбайгаар нь дүгнэдэг. Гаднынхнаас нүүр улайхааргүй болгосон учраас Э.Бат-Үүлийг дэмжинэ. Манай дүүрэгт нэр дэвшээгүй ч багийн гишүүний нэрийг нь дугуйлна.  

Хагархай зам  халаас “ухдаг” байсан байгаа биз

П.Далайжаргал
-Өмнө нь зам  муу байхад авто­машиныхаа аморти­за­торыг байнга сольдог байсан. Сүү­лийн гурван жил солиогүй. Зөв­хөн үүний төлөө л би Э.Бат-Үүлийг дэмжинэ. Нэг амортизатор солиход 200 мянган төгрөг гэж бодвол хэчнээн их мөнгө миний халааснаас гарч байсан юм бэ. Гурван жил би багагүй мөнгө хэмнэж чаджээ. Тэгэхээр хагархай зам ард иргэдийн халаасыг “ухдаг” байсан байгаа биз. 


“Хангай” хотхоныхон хамтаараа дэмжинэ

Ч.Энхболд
-Өр зээл тавиа­гүй. Банкнаас өндөр хүүтэй зээл авсангүй. Хашааны газраа “Хангай” хотхонд байраар сольсон. Тухлаг орон сууцанд ороод зургаан сар өнгөрлөө. Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлтийг маш сайн хийсэн. “Хангай” хот­хоны­хон хамтаараа дэмжих байх гэж найдаж байна. Бид дэмжээд өгвөл гэр хорооллын олон  мянган айл бидний адил байртай болно гэдгийг манай  хотхоныхон мэдэж байгаа. Багаараа гарч хотын замыг улам сайхан болгоосой. Гэр хороол­лынхон богино хугацаанд байртай болоосой. Эсвэл хаус хороолол түргэн босоосой гэж хүсч байна.


Нам хамаагүй, хийсэн ажлыг нь харах хэрэгтэй

Д.Өлзийсайхан:
-Би өөр намын ги­шүүн хүн л дээ. Гэхдээ нам хамаагүй, хий­сэн ажлыг нь ха­рах хэрэгтэй гэж боддог. Э.Бат-Үүлийн хийсэн ажил нүдэнд ил байна шүү дээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.