Өрөнд үлдсэн улс орныгхэн хөгжүүлэх вэ

2016.06.15 Лхагва №068 (2099)

Улс төрийн хоёр гол нам тэс ондоо зарчим, өөр өөр мөрийн хөтөлбөртэй нь мэдээж. Тэгвэл тэднийг ялгаруулж буй бас нэг зүйл нь өр зээлийн талаарх бодлого юм. АН-ын хувьд зээл авч байж хөгжинө гэж үздэг нам. Үүнийгээ ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Анх “Чингис” бондоор эхэлж, удалгүй “Самурай” бондоор үргэлжилж, хувийн хэвшлийн бондоор төлжиж, дараа нь дотоодын бондоор баяжиж, тэгээд “Дим Сам” бондоор (зарим бондын нэрийг нь ч мартаж) буухиалж буй эдгээр өрийн хэмжээ нь хэдийнэ 20 гаруй тэрбум ам.долларт хүрсэн гэх.  Уг нь ийм хэмжээний өр бол хуулиар тогтоож өгсөн Монгол Улсын өрийн таазыг хэдийнэ давчихсан л үзүүлэлт л дээ. Гэвч УИХ олонхиороо өрөө дарахын оронд таазаа өндөрсгөсөөр энэхүү өрийн хэмжээг нэмсэн үү гэхээс бууруулсангүй.  нэмэгдсэн үү гэхээс хасагдсангүй.  Энэ өр, зээлийн хүүг 5 хувь гэж бодоход 1 тэрбум ам.доллар, 10 хувь гэвэл 2 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор ДНБ-ий 18.6 хувьтай тэнцэж байна. 
Гэтэл эдийн засгийн өсөлт 2016 онд 0.1 хувь хүрэхээр тооцоо гарчээ. Энэ нь чухам юу гэсэн үг вэ? Бид ирэх жилүүдэд бий болгох орлого маань авсан өр зээлийхээ хүүг нь ч төлж хүчрэхгүй ээ гэсэн үг. Ийм байтал өр зээлээр л улс орон хөгжинө гэж урагш зүтгүүлсээр байгаа нь хэтэрхий харалган бодлого гэдэг нь андашгүй байна. 
Гэтэл Засгийн газар “Эрдэнэс Таван толгой” компа­нийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг ард иргэдээсээ худалдаж авах санхүүжилтыг мөн л өр зээл тавих замаар бүрдүүлэхээр яригдаж байна. Ард түмэндээ бэлэн мөнгө тараахын тулд зээл тавьж буй сайхан сэтгэлтэй Засгийн газар болж харагдаж байгаа ч яг үнэндээ энэ үйлдэл нь сайхан сэтгэл мөн үү гэдэгт эхлээд хариулах учиртай. Аль хэдийнэ үүсгэчихээд буй Засгийн газрын гэх тодотголтой 4.49 тэрбум ам.долларын өрийг эргээд хэн төлөх вэ? Ард түмэн төлнө. Татвараараа, газрын доорхи баялгаараа, ирээдүйн орлогоороо төлнө. Өнгөрсөн дөрвөн жилд зээлсэн Чингис бондын 1.5 тэрбум, Хөгжлийн банкны бонд, “Самурай” бондын 300 сая, бусад жижиг зээлүүдийг Засгийн газар өөрсдөө хариуцаж төлөх юм шиг л тавьсан. Харин үр дүнд нь Монголын гурван сая иргэн тус бүр 6600 ам.доллар буюу 14 сая төгрөгийн өртэй болчихоод үлдэж байна. Үүнийг зөв бодлого гэж тайлбарлахад хэцүү.
Нөгөөтэйгүүр, өр зээл тавьснаараа өнгөрсөн дөрвөн жилд урьд хожид үзэгдэж харагдаагүй бүтээн байгуулалт хийсэн гэж сурталдаж буй. Дахин тоо бодоцгооё. Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банк 2012 оноос хойш 7.2 тэрбум ам.долларын гадаад өр тавьжээ. Үүгээрээ зам, уулзвар, гудамж барьсан гэж тайлагнаж буй. 
Тэгвэл социализмын үед Монгол Улс 11 тэрбум ам.дол­ларын зээл авч, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, бүх аймаг, сумын төвүүд, эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, үйлдвэр аж ахуйн газруудыг цогцоор нь барьж байгуулсан гэдгийг харьцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, социализмын үеийн бүх хөрөнгө оруулалт, өр зээлийн 65 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг дөрвөн жилд зээлж аваад ашиглажээ. 1990 оноос өмнөх 70 жилийн бүтээн байгуулалтыг 2012 оноос хойшхи дөрвөн жилийн бүтээн байгуулалттай харьцуулахад 35 хувийн л ялгаа зааг гарна гэсэн үг л дээ. Гуравны хоёртой нь тэнцэх хэмжээний бүтээн байгуулалтыг хийж босгож чадахаар өр зээлийг зарцуулсан байх нь. 
Бүр тодруулъя. Өнгөрсөн дөрвөн жилд ядаж Улаанбаатар шиг биш юмаа гэхэд Дархан, Эрдэнэт шиг нэг хот босгох байж. 21 аймгийн төвийг биш, долоон аймгийн төвийг эмнэлэг, сургууль, зам, дэд бүтэцтэй нь байгуулж хүрэлцэх байж. Ингэж чадаагүй нь хэн бүхний нүдэнд ил тод харагдаж байгаа тул илүүг нуршихгүйгээр, эдийн засгийг хэрхэн сөхрүүлсэн ял асуухгүйгээр одоогийн нөхцөл байдлыг дүгнэцгээе. 
АН-ын өнгөрсөн дөрвөн жилд үүсгэсэн өрийг ирэх оноос шууд төлж эхэлнэ. 2017 оны эхэнд Хөгжлийн банкны бондын зээлийг төлж эхлэхээр байгаа. Дараа нь “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын 500 саяыг 2018 оны нэгдүгээр сард төлнө. Мөн ондоо Хятадаас авсан 161 сая ам.доллартай тэнцэх юанийн “Дим Сам” бондыг төлнө. Жил хүрэхгүй хугацаанд нэг тэрбумаас ч давсан ам.доллар төлөх үүрэгтэй. Харин “Чингис” бондын үлдсэн нэг тэрбумыг 2022 оны арванхоёрдугаар сараас төлнө. Үүний дараа “Самурай” бондын төлөлт 2023 оноос орж ирнэ. Энэ бүх өрийг хатуу валютаар төлнө. Ногоон доллар нь бидэнд байхгүй. Тэгэхээр долларын ханшийг барьж дийлэхгүй нөхцөл байдал бий болох магадлал маш өндөр. Нэг ам.долларын ханш 2000 төгрөгөөс даваад талийж өгнө. Нөгөө ноён УИХ-ын даргын 5000 хүргэчихээгүй барьж байгаа нь бидний гавьяа гэж хэлсэн үг бодитоор биежиж мэднэ. Эдгээр өр зээлийн 33 хувийг зам барихад зарцуулсан. Тиймээс барьсан замаас зээлийг эргэн төлөхөд зориулсан ямар ч мөнгө орж ирэхгүй. Хамгийн гол нь бонд, зээл ашигласан төслүүд нь бараа бүтээгдэхүүнээ гадаадад гаргаад доллар олох нэг ч төсөл байхгүй, бүгд дотоод зах зээл рүүгээ чиглэсэн. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт, дахин зээл авах, бонд гаргах, эсвэл олон улсын санхүүгийн байгууллагын тусламжид хандахаас өөр гарц харагдахгүй байна.
Манай улсад 2012 онд 2878 аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839 болтлоо багасчээ. Уул уурхайн салбарт 470 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болсон. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж буурсан гэх тоо байна. Энэ бол Монголын эдийн засгийн багтаамж хэрхэн жижгэрсний бэлээхэн нотолгоо. Эдийн засгийн уналт, дампуурлыг үүнээс өөрөөр илэрхийлэх тоо, жишээ, баримт гэж үгүй. 
Тэгвэл 2011 онд буюу АН засгийн эрх авахаас өмнө Монгол Улсын эдийн засаг ямар нөхцөл байдалтай байсан бэ. Эдийн засгийн өсөлт 17.5 хувь хүрч байлаа. Гэтэл өнөөдөр 0.1 хувь. Ямар ч өсөлтийн тухай ярих утгагүй болсон. Жилд дөрвөн тэрбум ам.долларыг зээлийн өрөнд, таван тэрбум ам.долларыг импортын санхүүжилтэд зарах тул хамгийн багаар бодоход Монгол Улсад жилд есөн тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Энэ их мөнгийг манай улс олох эдийн засгийн боломж харагдахгүй байна. Монгол Улс валютгүй болж, эдийн засгийн хямрал гүнзгийрэх нөхцөл байдал үүсчээ. Тиймээс өр зээлийн бодлогыг дахин үргэлжлүүлэх тухай АН-ын үзэл санаа амжилт олохгүй болж ирэв. Аливаа хүн хэн нэгнээс зээл авч болно. Хоёр дахь удаа өөр нэгнээс ч зээлчихэд асуудалгүй. Харин гурав дахь хүнээс зээл авахад хүндрэл учирч эхэлнэ. Дөрөв дэх хүн бол зээлийн тухай сонсох ч үгүйгээр татгалзах болно. Үүнийг АН тооцоолохгүйгээр өр зээлийг үргэлж нэмэгдүүлэх тухай бодож, ярьж, төлөвлөж байна. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 70 хувьд хүрээд байгаа нь тун ноцтой байдал гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ий 80 хувьд хүрвэл гаднын орнууд зээл олголтоо зогсоож эхэлдэг. Тиймээс АН-ын энэ бодлого цаашид хэрэгжих үндэсгүй тул хямрал, мухардал улам гүнзгийрэх магадлал их ажээ. Тажикстан БНХАУ-д тавьсан өрөө төлж чадахгүй болсны улсаас Памирын нуруунд байдаг Горно-Бадахшан хэмээх нутгаасаа нийт 1500 км нутгийг Хятадын Засгийн газрын мэдэлд шилжүүлсэн гэдэг мэдээг сонсоогүй хүн үгүй бизээ. Аргентин улс зээлийн өрөө төлж чадаагүйн улмаас 2003 онд албан ёсоор улсаараа дампуурснаа дэлхийд зарласан. Грекийн өр ДНБ-ийнх нь 165 хувьд хүрч өнөө хүртэл хямралаас гарч чадахгүй байна. Португал, Испани зэрэг оронд гадаад өрөө төлж чадахгүйн улмаас гүн хямрал нүүрлээд байгаа. 
Тэдний араас Монгол Улс орохгүй байх ганцхан гарц байгаа нь өр зээлийн бодлогоос татгалзах. Төрийн бодлого тодорхойлогчид харах өнцгөө өөрчлөх ёстой. Эсвэл төрийн бодлого тодорхойлогчдыг солих учиртай. Тэгвэл одоогийн төрийн эрх баригч АН-ыг солих ганц хувилбар нь МАН. МАН-ын хувьд энэ тал дээр ямар бодлого баримтлах вэ. Юун түрүүнд, эдийн засгийн хямралыг даван туулах “Мэргэжлийн Засгийн газар” байгуулна гэдгээ тус нам онцолжээ. Энэ бол өнөөдрийн Засгийн газрын буруу бодлогыг засах хамгийн эхний шийдэл байх нь дамжиггүй. Мөн “Давхар дээл”-нээс татгалзана гэжээ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар гүйцэтгэх нь маш олон сөрөг үр дагавар, уршиг дагуулж байгааг бүгд хэлдэг. Ерөнхийлөгч хүртэл энэ талаар хууль санаачлан хэлэлцүүлж байсан билээ. Тиймээс энэ удаагийн сонгуульд МАН ялалт байгуулж, олонхи болсон тохиолдолд ямартай ч Засгийн газраа бүрдүүлэхдээ “давхар дээл”-гүй байх зарчмыг баримтлахаа ийнхүү зарлажээ. Засгийн газар эдийн засгийн зөв бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэх суурь нөхцөл нь бүтцийн энэхүү өөрчлөлт байх болно гэж үзэж байгаа аж. МАН-ын зүгээс богино хугацаанд эдийн засгийг сэргээн тогтворжуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ, улсын төсөвт тулгарч буй өр зээлийн дарамтыг үе шаттайгаар бууруулна, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийн тогтвортой өсөлтийг бий болгоно зэрэг тодорхой зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 
Эдийн засаг доод тал нь 18 хувь өсөхгүй бол бие даан өрнөөс гарах боломж байхгүй гэж эдийн засагч Д.Даваасүрэн дүгнэсэн байна. 2011 онд бий болгож байсан эдийн засгийн өсөлт дахин эргэж ирэхгүй л бол манай улс өрийн дарамтнаас гарахад хүнд ажээ. Эдийн засгийн хямралын хамгийн хүнд хэлбэр нь өрөө төлж чадахгүй байгаас эхлэлтэй байдаг.
Иймээс өнөөгийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарцууд нь томоохон төслүүдийн гацааг гаргаж, эргэлтэд оруулах, импортын хэрэглээг дэмжсэн зээлийн хэт өсөлтийн хурдыг сааруулах, долларын ханшийн гадагшлах урсгалыг багасгах, үнэ  тогтворжуулах хөтөлбөрийг хэсэгчлэн зогсоох, экспортын орлогыг дорвитой дэмжих, нүүрс, төмрийн хүдрийн өрсөлдөх чадварыг сайжруулах ёстой гэдгийг МАН мөрийн хөтөлбөртөө онцолжээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.