Гурван жилд гурван айлчлал

2016.06.15 Лхагва №068 (2099)

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрам­дах улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тус улсад айлчлахаар өчигдөр эх орноосоо мордлоо. Түүнийг тус улсын гадаад хэргийн сайд тэргүүтэй албаны хүмүүс угтан авчээ. Айлчлалын албан ёсны арга хэмжээ өнөөдөр эхлэх бөгөөд 16-ныг хүртэл үргэлжлэх юм. Ерөнхийлөгч айлч­лалынхаа үеэр Мьянмар улсын Ерөнхийлөгч Тин Чяутай албан ёсны хэлэлцээ хийж, төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Ан Сан Сү Чи, Сангийн сайд Kяу Вин, Эрдэс баялаг, байгаль орчин хамгаалах сайд Он Вин, Төв банкны захирагч У Кяв Кяв Маунг нарыг хүлээн авч уулзахаар төлөвлөжээ. Мөн “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” семинар болон Монгол, Мьянмарын бизнес уулзалт зохион байгуулах юм байна. Бизнес уулзалт нь хоёр орны хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг харилцан судлах, бизнес эрхлэгчдийг холбох, Монголын компаниудад шинэ зах зээл нээх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Дашрамд сонирхуулахад, Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж хам­гийн анх 2013 оны арван­нэгдүгээр сард тус улсад айлчилж байлаа. Мөн өнгөрсөн оны зургадугаар сард Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын өмнөх Ерөнхийлөгч У Тейн Сейн манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Харин одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин айлчилж байгаа нь гурван жилийн дотор гурван айлчлал гэсэн тодотголыг бий болгож байна. Түүнчлэн Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи 2013 оны дөрөвдүгээр сард манай улсад болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирж байв. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.