Сангийн сайд нар дараагийн уулзалтаа Болгарт хийхээр болов

2016.06.13 Даваа №067 (2098)

Улаанбаатар хотод хоёр өдрийн турш үргэлжилсэн Ази, Европын Сангийн сайд нарын XII уулзалт өнгөрсөн баасан гаригт өндөрлөлөө. Тус уулзалтад нийт 42 улсын Сангийн сайд, дэд сайд нар болон бусад удирдах албан тушаалтнууд, 13 олон улсын банк, санхүүгийн байгууллагын тэргүүн зэрэг нийт 210 гаруй төлөөлөгч оролцсон юм. Тодруулбал, Япон, Эстон, Мальта, Мьянмар улсын Сангийн сайд, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Индонез, Тайланд, Словак, Лаос, Литва, Филиппин  зэрэг улсын Сангийн дэд сайд нар оролцлоо.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ази Европын Сангийн сайд нарын XII уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн салбарын хамтын ажиллагаа болон уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ АСЕМ-ын эдийн засгуудын интеграцчилалыг хөгжүүлэх болон макро эдийн засгийн сорилтуудыг давах, ирээдүйд гарч болзошгүй хямралын хор уршгийг багасгах чиглэлээр АСЕМ-ын түншүүдийг улам идэвхжүүлэх шаардлагатай байна. Монгол Улс биет болон биет бус уялдаа холбоог дэмждэг. Биет уялдаа холбооны хувьд оновчтой санхүүгийн бодлогоор дам­жуулан хоёр тивийн уялдаа холбоог бэхжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх  хурдны зам, төмөр зам, байгалийн хий болон газрын тосны хоолой зэргийг багтаасан бүс нутгийн дэд бүтцийн  зангилаа төв бий болгож болох юм. Монгол Улс Ази, Европын хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж ирсэн” гэв.
Сангийн сайд нар “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн хүрээнд Ази, Европын хамтын ажиллагааг өргөжүүлэх, илүү хүртээмжтэй, тэнцвэрт өсөлтийг  бий болгож, хоёр тив хамтдаа хөгжил цэцэглэлтэд хүрэх талаар санал нэгдэж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тухайлбал, бүс нутаг дамнасан дэд бүтцийн төслүүдийг дэмжихийг уриалахаас гадна уулзалтын үр дүн болгож ирэх сард болох Ази-Европын дээд хэмжээний уулзалтад танилцуулах тунхаглал баталлаа. Мөн уулзалтын үеэр Сангийн сайд нарын XII уулзалтыг зохион байгуулах орныг тодруулсан бөгөөд энэхүү эрхийг Болгар улс хүлээн авлаа.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.