Финлянд “Нуман тулгуурт”...

2016.06.13 Даваа №067 (2098)

- Финлянд УАЦЭ-д нэгдэх үү -

Х.БАТСАЙХАН


“Финлянд улс Умард Атлантын цэргийн эвсэлд элсэх хүсэлт гаргах боломжтой”. Скандинавын хойгийн тус улсын Ерөнхий сайд Юха Сипиля нь өчигдөр ингэж мэдэгдэв. Финлянд нэгдчихвэл эвсэл шууд ОХУ-тай хиллэнэ. Украинд ийм байдал үүсэх эрсдэл бий болоход тэд шийдэмгий хөдөлж, Крымыг нэгтгэсэн нь Финляндын зарим улстөрчийг тавгүйтүүлж байсан нь үнэн. Тийм ч учраас Ерөнхийлөгч нь “Ийм юмыг ард түмнээс асуух нь буруу” гэж мэдэгдэж байв. Гэвч түүний мэдэгдэл нөлөөлсөнгүй, Финлянд эцсийн шийдвэрээ гаргаж, “Олон нийт дэмжиж байгаа” гэсэн шалтгаанаар эвсэлд нэгдэх шийдвэр гаргалаа. Ингэснээр Умард Атлантын цэргийн эвсэл ОХУ-ын хилд шууд тулж ирлээ. Финчүүд ийнхүү маш эрсдэлтэй алхам хийснийг шинжээчид эдийн засгийн ашиг сонирхолтой нь холбон тайлбарлаж байна. 
Европт өрийн хямрал үргэлжилж, Испани, Итали санхүүгийн тусламж аваад удаагүй байгаа энэ үед хамгийн анх “бадар барьсан” Грекийн Ерөнхий сайд эдийн засгаа аврахаар урт хугацааны төлөвлөгөө зохиогоод ажиллаж байна. Алексис Ципрас донор орнуудаас яг “Мөнгө өг“ гэхгүй, “Хугацаа өг, барьцаа хөрөнгө шаардлагатай байна” гэсэн юм ярьж яваа ч энэ нь үнэн чанартаа ялгаагүй юм. Гэхдээ эдийн засгийн салбарт өнгөрсөн жил өрнөсөн гол үйл явдал нь Грек биш, харин Финланд байсан юм. Европтоо эдийн засгийн хөгжлөөр дээгүүрт ордог тус улс бусад улсын өрийг төлөлцөх дургүй байгаагаа өнгөрсөн онд эрс мэдэгдсэн бол, еврогийн уналтад бэлтгэж байгаагаа ГХЯ-ны сайд Тимо Соини нь өнгөрсөн хоёрдугаар сард зарласан юм. Ерөнхий сайд Юха Сипиля нь үүнийг баталж “Хэрвээ Грек болон Испанид үзүүлсэн мөнгөн тусламжийг эдийн засгийн чадамжтай улсууд хувааж төлнө гэвэл энэ санаачилгыг эрс эсэргүүцнэ” гэж зарласан. Үүний дараа нөлөө бүхий эдийн засагчид “Fixit” /Финланд евро бүсээс гарах/ болох магадлал Grexit /Грек евро бүсээс гарах/-ээс илүү боллоо” хэмээн дүгнэж эхэлсэн байдаг.     
Финланд бол өрийн хэмжээ нь ДНБ-ийх нь 53 хувьтай буюу хам­гийн багад тооцогддог Эстон, Люксем­бург­тэй эн зэрэгцдэг байсан ч өнгөрсөн жил 91 хувьтай тэнцэж дээд амжилт тогтоосон улс. Өөрөөр хэлбэл, өрийн хэмжээ нь эрс нэмэгдсэн гэсэн үг. Орлогын хувьд, Финланд улс Герман Японтой эн зэрэгцэх чадалтай ч ихэнх өндөр хөгжилтэй орны адилаар хүн амын хөгшрөлт ихээр явагдаж байгаа орон юм. Тус улсын 15-64 насны хүн амын тоо жил бүр 0.5 хувиар буурч байгаа гэсэн тооцоо гарсан бөгөөд энэ байдлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал бодлого тодорхойлогчдын “шүд­ний өвчин” болж хувирчээ.  
“Ухаалаг, мэдрэгчтэй” гар утасны эрин үе эхэлснээс болж хамгийн их хохирсон улс нь Финлянд гэж хэлэхэд буруудахгүй. Орлогын бараг 25 ху­вийг бүрдүүлж, тус улсын эдийн зас­гийг сүүлийн хэдэн жилд чирч явсан “Нокиа” компани дампуурсан нь эдийн засагт том цохилт болсон. Финляндын үйлдвэрлэгчид ажиллах хүчний хөлсөнд Европын бусад хамт­рагчаасаа 10-15 хувь илүү мөнгөө зарлагаддаг. Энэ нь ажилчдын хувьд муу зүйл биш ч эдийн засгийн байдал муудсан энэ үед мэдэгдэхүйц дарамтыг учруулж байгаа юм. Гэтэл үүн дээр нэмээд худалдааны гол хамтрагч ОХУ эдийн засгийн хоригт өртөж, өмнө нь хийдэг байсан худалдаа нь 70 хувиар буурчээ.    
Тиймээс “ирээдүйгээ  зарж идэх” /өр тавих/ нь тэдний хувьд маш эрсдэлтэй алхам болох юм. Үүнийг сөрөг хүчний намууд нь байнга гарган тавьж, иргэдийн зүгээс дэмжлэг авах болсон. Финландын хамгийн том бэлтгэн нийлүүлэгч нь ОХУ, харин хамгийн том  худалдан  авагч нь Швед. Хоёулаа л эдийн засгийн өсөлтөөрөө Финландаас илүү яваа. Финландын экспортын 31 хувь нь л Европын бусад орнуудад ноогддог учир евро бүсээс гарлаа гээд төдийлөн том нөлөө үзүүлэхгүй. Энэ нь Евро бүсээс гарах магадлыг  нэмэгдүүлэх  шалтгаан болно. Магадгүй, тэд “Гадаад өр нь ДНБ-ий 100 хувьтай тэнцсэн үед евро бүсээс гарна” гэсэн хүсэлт ч гэх юм уу, тулган шаардалт хийж, Германтай тохироо хийхээр үзээд алдаж мэдэх л юм гэсэн таамаглалыг зарим эдийн засагч хийж байна. Энэ тохироо нь ихэвчлэн ОХУ-тай холбоотой байх бололтой. Ингэхээр Финланд евро бүсээс гарах эсэх нь Герман улс, хатагтай Ангела Меркелиэс шалтгаалах болчихоод байсан юм. 

Тэгвэл одоо өрнөж байгаа үйл явцаас харвал Финлянд Герман, ОХУ-тай аль алинтай нь учраа олохоор “үнээ өсгөж” байна. Юха Сипиля хэрвээ улс нь “Эвсэлд нэгдэхээр  болбол бүх ард түмний санал асуулга явуулна” гэж байгаа ч өөрийн үгээр асуудал бодитой мэт ярьж байгаа нь ийм хардлага төрүүлж байгаа юм.     


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.