А.Тэгшжаргал: 1072 хувьцаа Үндэсний цахим гүйлгээний төвөөр дамжина

2016.06.13 Даваа №067 (2098)

“ЭрдэнэсТавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газар гаргасантай холбогдуулан Үндэсний цахим гүйлгээний төвийн захирал А.Тэгшжаргалаас зарим зүйлийг тодрууллаа. 
-1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 323 ширхэг хувьцааг Засгийн газар банкаар дамжуулан иргэдээс худалдан авахаар боллоо. 
-Тиймээ. Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 311 тоот тогтоолын дагуу “Эрдэнэс таван толгой” ХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааныхаа 30 хувийг Монгол улсын Засгийн газарт худалдах боломжтой болсон. Энэ ажлын хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан бүртгэл хийгдэх бөгөөд банкууд иргэдийн хүсэлтийг манай төвийн сүлжээгээр дамжуулан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн системд бүртгүүлнэ. ҮЦТХТ-өөс хувьцаа худалдах шийдвэр гаргасан иргэдийн данс руу нэгдсэн сүлжээгээр дамжин гүйлгээ хийгдэнэ гэсэн үг.
-Үндэсний цахим гүйлгээний төвийн оролцооны талаар тодруулмаар байна ?
Манай төв нь 2012 оны 10 сараас эхлэн Хүний хөгжил сангаас олгож байгаа хүүхдийн мөнгийг сар бүр дамжуулж ирсэн. Сангийн яамнаас батлагдсан санхүүжилт болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамж, үйчилгээний ерөнхий газар (НХҮЕГ)-аас ирүүлсэн хүүхдийн мөнгө авагчийн цахим мэдээллийг үндэслэн банкинд байршиж байгаа хүүхдийн мөнгө авагчийн дансанд гүйлгээг дамжуулдаг. Яг энэ зарчмаар ҮЦТХТ-өөс ирсэн мэдээллийн үндэснлэн иргэдэд хувьцааны мөнгийг харилцдаг банкаар нь дамжуулан байршуулна.  
-Тэгэхээр танай төв нь улсын хэмжээний бүх гүйлгээг дамжуулдаг гэсэн үг үү?  
-Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ) нь Монгол Улсын хэмжээнд банк хоорондын төлбөр тооцооны үйлчилгээг түргэн, шуурхай, найдвартай гүйцэтгэх, төлбөрийн системийн оролцогчийн нэвтрүүлж буй бэлэн бус төлбөр тооцооны шинэ хэрэгслийг банк хоорондын төлбөр тооцоонд ашиглах, төлбөр тооцоотой холбоотойгоор үүсч болох эрсдэлийг хязгаарлах, бууруулах боломжийг бүрдүүлэх зорилготой. Үндэсний цахим гүйлгээний төв байгуулагдснаар банкуудын төв салбар, Сангийн яамны Төрийн сангийн газар, Арилжааны төлбөр тооцооны төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийг холбосон дундын сүлжээгээр дамжуулан банк хоорондын төлбөр тооцоог бодит цагийн горимоор дамжуулж эхэлсэн. 
-Картын үйлчилгээг бас танайх хариуцдаг уу? 
-Үндэсний цахим гүйлгээний төв нь 2010 оны 5 дугаар сараас эхэлж бүх карт гаргагч банктай хамтран “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-г байгуулж, тухайн банкны карт эзэмшигч аль ч банкаар үйлчлүүлэх боломжийг нээж, төлбөрийн картын үйлчилгээг 24 цагаар тасралтгүй үзүүлэх болсон нь бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж, картын хэрэглээ өсөн нэмэгдэх хөшүүрэг болсон юм. 
Г.Гэрэлцэцэг

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.