Энэ долоо хоногт ЭЕШ болно

2016.06.13 Даваа №067 (2098)

Ерөнхий боловсролын сургуулийг энэ жил 36207 сурагч төгссөн. Өнгөрсөн жилийн төгсөгчид нийлээд 40 мянга гаруй шалгуулагч их, дээд сургуульд элсэх эрхийн төлөөх Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар лхагва гаригийн 12 цагт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Дараа өдөр буюу пүрэв гаригийн 10 цагт Монгол Улсын түүх, 13 цагт хими, 16 цагт англи хэлний хичээлийн шалгалт авах юм. Харин 18-нд өглөөний найман цагт газар зүй, 11:30 цагт математик, 14:30 цагт биологи, 17 цагт Монгол хэлний шалгалт болно. 19-нд найман цагт физик, 11:30 цагт нийгмийн тухай мэдлэг, 14:20 цагт орос хэлний шалгалтыг тус тус авна. 
Шалгуулагч нь шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудас, бүрэн дунд боловсролын үнэмлэх, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, насанд хүрээгүй буюу энэ сарын 1-нээс хойш 16 нас хүрэх шалгуулагч сургуулийн, эсвэл оршин сууж буй орон нутгийн Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээг авчрах шаардлагатай. Мөн шалгалт өгөх байранд нэг цагийн өмнө ирж, шалгалт болохоос 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой аж.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.