“Хөгшин тив”-д алаг бөмбөгийн “амтат дайн” эхэллээ

2016.06.13 Даваа №067 (2098)

Х.БАТСАЙХАН

Хөлбөмбөгийн хорхойтнуудыг бүтэн сар цэнхэр дэлгэцийн өмнө “уях” “Евро 2016” өнгөрсөн баасан гаригт Парисын алдарт “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.  

Францчууд урам хугалав
“А” хэсэг

Франц-Румын 2:1 
Гоол: Жиру 57 (1:0), Станку 65-пен (1:1), Пайе 89 (2:1)
Франц: Льорис, Косьельни, Эвра, Санья, Рами, Матюиди, Канте, Пайе (Сиссоко, 90), Погба (Марсьяль, 77), Гризманн (Коман, 66), Жиру.
Румын: Тэтэрушану, Кирикеш, Рац, Сэпунару, Григоре, Станчу (Кипчу, 72), Хобан, Пинтилий, Попа (Торже, 82), Станку, Андоне (Алибек, 61).
Шар хуудас: Кирикеш (32), Рац (45), Жиру (68), Попа (78).
Хөлбөмбөгийн бооцооны төвүүдэд тавигдсан бооцоогоор бол энэ тэмцээнд талбайн эзэд түрүүлэх учиртай. Гэвч тэд эхний тоглолтоос л эргэлзээ төрүүлж орхилоо. Төвшин доогуур румынчууд тэдний алхам бүрийг хянаж, хатуу чанга хамгаалалтаараа хааш нь ч хөдөлгөсөнгүй. Харин ч цөөн боловч чанартай довтолгоогоор У.Льорисын хаалганд аюул учруулж байв. Тэдний 100 хувийн боломжтой хоёр ч довтолгоог Уго Льорис ур чадвар гарган байж хаасан юм. Реюньон арлаас гаралтай Дмитрий Пайе гэж залуу байгаагүй бол румынчууд дор хаяж тэнцээ авч чадах л байлаа. Тэрээр О.Жируд эхний гоолын дамжуулалтыг хаяж, тоглолтын сүүлд солгой хөлийн хүчтэй цохилтоор гоолдон багаа аварсан юм. 
Д.Дешам 
(Францын шигшээгийн дасгалжуулагч)
Сайхан эхлэл байлаа. Румын хэцүү өрсөлдөгч гэдгийг бид мэдэж байсан. Бидэнд олон боломж байсан ч эсрэгээрээ гоол алдсан. Гэвч сүүлд дөрвөн довтлогчтой тоглож, хүссэн үр дүндээ хүрлээ. 
Н.Станчу
(Румыны багийн хагас хамгаалагч)
Хожиж болох байсан ч бидэнд жаахан аз дутлаа. Өнөөдөр бид хожигдсон ч эх оронд минь бахархаж байгаа гэж бодож байна. 

Уйтгартай тоглолт
Швейцарь-Албани 1:0
Гоол: Шер, 5
Албани: Бериша-Хисай, Цана, Маврай, Аголли-Абраши, Кукели, Т.Жака (Каче, 61) -Роши (Цикалеши, 73), Садику (Гаши, 82), Ленжани
Швейцарь: Зоммер, Лихтштайнер, Шер, Журу, Родригес, Берами, Г.Жака, Шакири (Фернандес, 88), Земаили (Фрай, 76), Мехмеди (Эмболо, 62) -Сеферович
Шар хуудас: Цана, Каче, Кукели, Маврай-Шер, Берами
Албаничуудын хувьд энэ тоглолт Еврод тоосоо өргөсөн анхны гэдгээсээ гадна, нэг бус шилдэг хөлбөмбөгчнийг нь урвуулсан Швейцарийн эсрэг хийж байгаа гэдгээрээ ач холбогдолтой байв. Харамсалтай нь ийм чухал тоглолтдоо хожиж чадсангүй. Эхэнд алдсан гоолоос илүүтэй багийн ахлагч, лидер Лорик Цанын хариуцлагагүй тоглолт үүнд гол нөлөө үзүүлсэн юм. Түүнийг торгуулийн талбайдаа гараараа тоглон улаан хуудсаар шагнуулсны дараа “Швейцарьчууд хэдэн гоол нэмж хийх бол” гэсэн бодол бүгдийнх нь толгойд орж ирсэн байх. Гэвч “Лацио”-гийн хаалгач энэ үдэш шилдэг тоглолтоо гарган, нэмж гоол алдсангүй. Төрсөн ах, дүү Гранит, Туалан Жака нарын тэмцэл ч тоглолтын хэмнэлийг нэмсэнгүй ээ.
Жанни де Бьязи
(Албанийн шигшээ дасгалжуулагч) 
“Нэгдүгээр үе биднээс хэтэрхий их сэтгэлийн хөдлөл, хүч шаардлаа. Гэхдээ нэг хүн дутуу ч гэсэн хоёр удаа гоолын боломж үүсгэсэндээ баяртай байна. Энэ нь бид цаашид сайн тоглож чадна гэдгийг харуулсан”

Гарет Бэйл түүх бичлээ
“В” хэсэг
Уэльс-Словак 2:1
Гоол: Бейл, 10, Робсон-Кану, 81 - Дуда, 62
Словак: Козачик, Пекарик, Дюрица, Шкртел, Швенто, Грошовски (Дуда, 60), Куцка, Вайсс (Стох, 83), Хамшик, Мак, Дюриш (Немец, 60)
Уэльс: Уорд, Честер, Э. Уильямс, Дэвис, Гантер, Аллен, Эдвардс (Лэдли, 68), Рэмси (Ричардс, 88), Тейлор, Бэйл, Ж. Уильямс (Робсон-Кану, 71)
Шар хуудас: Грошовски, Мак, Вайсс, Куцка, Шкртел
Хоёр баг аль, аль нь Европын аваргын анхны тоглолтоо хийсэн нь түүхэнд ховор тохиолдох үзүүлэлт байв. Гоолын салхийг хагалах боломжтой эхний довтолгоог Словакийн багийн ахлагч Марек Хамшик хийсэн ч орж явсан бөмбөгийг хамгаалагч хатгаж гаргасан. Улмаар эхний гоолыг валличуудын ахлагч Г.Бэйл хаалттай цохилтоос оруулан түүхэнд нэрээ бичүүлсэн юм. Тоглолт ерөнхийдөө Уэльс довтолж, Словак хамгаалалт, сөрөг довтолгоо хийх зарчмаар явагдсан. О.Дудагийн гоолоос хойш Словак сэргэж, довтолж эхэлсэн ч сөрөг довтолгооноор гоол алдсанаар хожил Уэльсийн багт очсон юм.    

Орос маягийн “нокаут”
Англи - ОХУ 1:1
Гоол: Дайер,73 - Березуцкий,90+2
Англи: Харт-Уокер, Кэйхилл, Смоллинг, Роуз-Алли, Дайер-Лаллана, Руни (Уилшир, 78), Стерлинг (Милнер, 87) -Кейн.
ОХУ: Акинфеев, Смольников, Игнашевич, Василий Березуцкий, Щенников, Нойштедтер (Глушаков, 80), Головин (Широков, 77), Смолов (Мамаев, 85), Шатов, Кокорин — Дзюба
Шар хуудас: Кэйхилл-Щенников
Р.Хожсон Ж.Вардиг сэлгээнд үлдээж, Харри Кейнийг үзүүрийн довтлогчоор тавьсан нь тийм ч нүдээ олсон шийдэл болсонгүй. Хоёр гурван ч боломж алдсан тэрээр сүүлдээ булангийн цохилт гүйцэтгэчихсэн тууж явсан. Түүнийг ингэж будилж байхад И.Акинфеев “од” болж байв. Рахим Стерлинг хурдаар ааглаж, Д.Алли, А.Лаллана нар техникээ гайхуулж байсан ч тэд эхний гоолыг 70 дахь минутад л оруулж дөнгөсөн юм. Н.Дайерын сум мэт хаалттай цохилтыг И.Акинфеев хаахад хагас алхам л дутсан билээ. Тоглолтын үндсэн цаг өндөрлөж, англичууд баяраа тэмдэглэж эхлэх мөчтэй зэрэгцээд оросуудын сүүлчийн довтолгоо явсан. Энэ довтолгоогоор Шенниковын хөөргөж өгсөн бөмбөгийг В.Березуцкий мөргөж, Жо Хартын хаалгыг мялсааснаар тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Английн багийн хаалгач Жо Харт тоглолтын дараа В.Березуцкийг “Хөлдөө пүрштэй юм шиг байсан” гэж магтсан бол дасгалжуулагч Р.Хожсон “Хожигдчихсон юм шиг л санагдлаа” хэмээн харамссан сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эргэн тойронд

-Тэмцээний шагналд Европын хөлбөмбөгийн холбоо 300 сая евро төсөвлөжээ. Тодруулбал, тэмцээний шувтаргын шатанд оролцож байгаа шилдэг 24 баг тус бүр найман сая евро авна. Хэсгийн тоглолтонд ялалт байгуулахад сая, тэнцвэл 500 мянган евро хүртэнэ. Шөвгийн 16-д үлдвэл 1.5 сая, шөвгийн наймд шалгарвал 2.5 сая, хагас шигшээд үлдвэл дөрвөн сая, шувтаргад үлдвэл таван сая, түрүүлбэл найман сая евро хүртэнэ. Нэг ч тоглолтод ялагдалгүй түрүүлсэн баг 27 сая еврогийн урамшуулал авах боломжтой юм. “Евро 2000”-ын шагнал 109 сая евро байсан бол 16 жилийн дотор гурав дахин нэмэгджээ. 
-Тэмцээний албан ёсны бөмбөгөөр “Adidas” фирмийн “Beau Jeu” сонгогдсон. Зохион байгуулагчдын зүгээс 2748 ширхэг бөмбөгийг багуудын бэлтгэл сургуулилтад зориулан өгчээ.      
-ОХУ-Английн багийн тоглолт эхлэхээс өмнө фанатууд нь Марсельд салам нүдэлдэв. Оросын 150-200, Английн хэдэн мянган балиашиг оролцсон хүч тэнцвэргүй тулаанд оросууд дийлж, хэдэн арван англи фанат эмнэлэгт хэвтжээ. Толгойдоо арматураар цохиулсан нэг фанатын бие маш муу байгаа гэсэн мэдээлэл гарсан ч оросууд өөрcдөө үгүйсгэсэн. Европын хөлбөмбөгийн холбоо энэ хэргийг шалгаж эхэлснээ мэдэгдсэн юм.   
-Уэльс-Словакийн тоглолтын өмнөх бэлтгэл дээр Гарет Бэйл бөмбөгийг санамсаргүй өшиглөсөн нь үзэж суусан хөгжөөн дэмжигчийн хамрыг онож гэмтээжээ. 
-Румыны хаалганд хожлын гоол оруулсан Дмитри Пайег “Челси” баг сонирхож байгаа гэсэн мэдээлэл гарав. Харин “Вест хэм” шилдэг тоглогчоо 60 сая еврогоос бага үнээр зарахгүй гэсэн сураг байна. 
-Аваргаа хамгаалахаар Францад очсон Испанийн шигшээ баг эхний тоглолтоо багагүй дарамтын дор хийх боллоо. Багийн 50 хувь гэгддэг хаалгач Д.де Хеа хүчингийн хэрэгт холбоотой гэсэн мэдээлэл Испанийн хэвлэлүүдэд гараад байгаа юм. Дасгалжуулагч В.дель Боске энэ талаар “Толгойноосоо авч хаях хэрэгтэй. Багийнхан нь бүгд түүнийг дэмжиж байгаа” гэжээ. Хаалгач өөрөө ч “худлаа. Хэвлэлд бичигдсэн шиг зүйл болоогүй, нэр дурьдагдсан байсан хүмүүсийг огт танихгүй” гэж мэдэгджээ.    
-Нэрт довтлогч Алан Ширер ОХУ-тай хийсээн тоглолтын талаар “Х.Кейн булангийн цохилт хийж байхыг хараад их гайхсан. Би л лав түүний оронд байсан бол “Өөр хүн ол” гэж хэлэх байсан” гэж өгүүлжээ. 
-Албани-Швейцарийн тоглолтод ах, дүү Гранит, Туалан Жака нар нэгнийхээ сэрэг тоглосон. Гранит энэ талаар “Бид хоёр өөрсдийн багаа хожуулахын тулд бүх л хүчээ шавхаж тоглолоо. Гэхдээ өнөөдрийн хувьд би арай баяртай гэртээ харьж байна” гэж өгүүлжээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.