Монгол найрагчийн номыг Дублинд гар аргаар хэвлэжээ

2016.06.13 Даваа №067 (2098)

Яруу найрагч Б.Амартүвшин “Тархины нулимс” шүлгийн түүв­рээ хэвлүүлэн уншигчдын гар дээр тавиад байна. Түүний энэхүү номд аав, ээж, нутаг ус, эх орон, хайр сэтгэлийн тухай өгүүлсэн 200 гаруй шүлэг нь багтжээ. “Тархины нулимс” номын өмнөтгөлд Монгол Улсын соёлын гавьяат зүт­гэл­тэн, яруу найрагч Л.Нямаа “Б.Амартүвшингийн шүл­­гийн мөрөнд байгаа “Тэнд би  гэрлийн  хурдаас ч хурдан эх орон болж үүссэн” гэдэг мөрийг энэ чинь юу билээ гэж бодов. Яруу найраг, шинжлэх ухаан нэгдэн нийлнэ гэсэн философич Ф.Гегелийн үг үнэн байна даа гэж ухаарав. Нутгийн дүү, яруу найрагч Б.Амартүвшингийн анхны ном “Тархины нулимс” Монголын яруу найргийн эзэлбэл зохих бүх орон зайг эзэгнэн туурвижээ. Энэ номыг уншаад надад ганцхан бодол төрөв. “Тархины нулимс”-ыг гараараа арчиж болохгүй юм байна даа...” хэмээн бичсэн байна.   
Дашрамд сонирхуулахад яруу найрагч Б.Амар­түвшингийн “Тархи­ны нулимс” номыг Ирландын Дублин хотноо  ажиллаж амьдардаг монгол залуу эртний Ирландын технологиор гар аргаар хэвлэн ирүүлсэн байна. Энэ нь монгол зохиолчийн бүтээл Европт гар аргаар хэвлэгдсэн анхны тохиолдол болжээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.