“Цэрэг Чонкины адал явдал”-ыг сонирхоорой

2016.06.13 Даваа №067 (2098)

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Ж.Нэргүй ЗХУ-ын үеийн тэрс үзэлтэн зохиолч В.Войновичийн “Цэрэг Иван Чонкины амьдрал хийгээд ер бусын адал явдал” романыг дуун хөрвүүлжээ. Зохиолч энэхүү романдаа Зөвлөлтийн хүмүүсийн алба, амины жишээн дээр тулгуурлан, тэр үеийн харгис хатуу үзэл суртал, ялзарсан ёс суртахууныг хоржоонтой хэлбэрээр өгүүлжээ. Тиймээс энэхүү бүтээлдээ роман-анекдот гэсэн өвөрмөц төрөл зүйл оноосныг Ж.Нэргүй гүүш роман-хоржоон хэмээн монголчилсон байна.
Энэхүү “Цэрэг Иван Чонкины амьдрал хийгээд ер бусын адал явдал” романы эхний дэвтэр гар хэвлэлээр тарж, 1969 онд Германд, 1975 онд Францад зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хэвлэгдсэн аж. В.Войнович главлитын хатуу хяналт цензурээс айлгүйгээр зоригтой бичсэн энэ романаасаа болж иргэний эрхээ хасуулан, эх орноосоо хөөгдөж байжээ. Тэрээр ХБНГУ, АНУ-д аж төрж, “Эрх чөлөө” радио станцтай холбоотой ажиллаж, А.Солженицын, А.Сахаров, Ю.Дэниэль, А.Синявский, Ю.Галансков зэрэг Зөвлөлтийн тэрс үзэлтнүүдийн эрх чөлөөний төлөө  идэвхтэй тэмцэж байсан гэдэг. Тэрслүү зохиолчийн “Цэрэг Иван Чонкины амьдрал хийгээд ер бусын адал явдал” монгол уншигчдыг Зөвлөлт засгийн үеийн эгэл жирийн тосгоны амьдралаар аялуулж, сонирхолтой үйл явдал, егөө хоржооноор хөтлөх болно. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.