М.Одмандах: “Алтаргана” бол аялал жуулчлал хөгжих чухал арга хэмжээ юм

2016.06.13 Даваа №067 (2098)

Д.ЖАВХЛАН 

Буриад судлалын академийн ерөнхийлөгч, хэл бичгийн ухааны докmор, дэд профессор М.Одмандахтай ярилцлаа. 

-Юуны өмнө удахгүй болох “Алтаргана” наадмын талаар мэдээлэл өгнө үү?
-12 дахь удаагийн “Алтаргана” наадам ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэ хотод ирэх сарын 1-3-нд болно. Улаан-Үдийнхэн “Алтаргана”-ыг хоёр дахиа зохион байгуулах гэж байгаа нь энэ. Тэнд наадам угтсан олон арга хэмжээ болох юм. Тухайлбал, энэ сарын 29-нд буриад зон олны ирээдүй, хэтийн талаар Олон улсын эрдэм шинжилгээний хурал болох бол маргааш нь Дэлхийн буриадуудын чуулган зохион байгуулна. Үүнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгч буриадуудын өнөөгийн аж амьдралд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах төвшний олон арга хэмжээ болно. 
-Наадамд оролцогчдын идэвхи хэр нэмэгдэж байна вэ?
-1994 онд “Алтаргана” наадам анх Хэнтий аймгийн Дадал суманд болсон. 2002 онд ӨМӨЗО-ы Агийн буриадад олон улсын хэмжээнд зохион явуулдаг болсон. Ингэснээр оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, наадмын хөтөлбөр ч чанаржиж байгаа. Хоёр жилийн өмнө “Алтаргана” наадмын 20 жилийн ойг Дадал суманд зохион байгуулахад оролцогчдын тоо арав дахин өссөн байсан.  
-Буриад өв соёлоо өвлөх залуусын хандлага хэр нэмэгдсэн бэ?
-1994 онд болсон анхны наадамд дуучин, тамирчин, оролцогчдын тоо цөөн, Монголын хэдэн сумаас л хэдхэн хүн цугладаг байв. Тэгвэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд их зүйл өөрчлөгджээ. Буриад зон олны ёс заншил, өв соёлыг залуу үедээ уламжлуулах тал дээр л гэхэд том дэвшил гарсан. Энэ наадмын ач тусаар өв соёл сэргэхээс гадна аялал жуулчлал хөгжих чухал арга хэмжээ болж байна. Дараагийн “Алтаргана” наадмыг ОХУ-ын Эрхүү хот зохион байгуулах эрхээ авсан. Ингэснээр хойд хөршид аж төрж буй буриадуудын үр хойч өв соёл, зан заншлаа өвлөхөд ач тустай арга хэмжээ байх юм. Монголд ч ялгаагүй. Өмнө нь Хэнтий, Дорнод аймгийнхан л буриад өв соёлоо мэддэг гэсэн ойлголттой байсан бол одоо Улаанбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Орхон, Дархан-Уул аймагт аж төрж буй иргэдийн “Алтаргана” наадамд оролцох идэвхи эрс нэмэгдсэн. 
-Улаан-Үдэд болох наадамд урлаг, спортын ямар арга хэмжээ болох вэ?
-Урлагийн 14, спортын зургаан төрөлд өрсөлдөөн өрнөх юм. Спортын төрөлд шагай харваа, сээр шаах гэсэн төрлийг нэмсэн. Шагай харваа, морь уралдуулах, шүүрэх, няслах гээд гурван төрөлтэй. “Altargana.info” сайтаас  наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.