Аль намын МӨРИЙН ХӨТӨЛБӨР илүү вэ?

2016.06.13 Даваа №067 (2098)

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд бодлого ярьж байгаа, гарц шийдэл ярьж байгаа дүр зураг ховор байна. Тэгвэл ялалт байгуулсан нам нь ямар бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа талаар мэдээлэл, харьцуулсан дүгнэлт бага байна. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн МАН болон АН-ын мөрийн хөтөлбөрийг харьцуулж үзье.

НЭГ НЬ ТОО, НӨГӨӨ НЬ АМЬДРАЛ ЯРЬЖ БАЙНА

Нийгмийн бодлогын хүрээнд АН хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, ядуурлыг бууруулах хөтөлбөр зэргээр дамжуулан ядуурлын төвшинг 18 хувь хүртэл бууруулах зорилт тавь­сан. Энэ нь мэргэжлийнхэн, судлаачид, үйлдвэрчний эвлэлийн­хэн зэрэг бүлгийнхэнд илүү тааламжтай сонсогдож, тэдний дэмжлэгийг авах давуу талтай байж болох юм. Гэхдээ сонгогчид макро төвш­ний үзүүлэлтийг биш, өөрсдийн амьдралд ирэх өөрчлөлтийг илүү үздэг. Тэгвэл МАН ядуурлыг бууруулж, иргэдээ ажилтай орлоготой болгох зорилтоо илүү амьд­ралд ойрхон жишээгээр ойлгомжтой тайлбарлаж байна. Тухайлбал, АН хөдөлмөрийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжийг боловсронгуй болгох, олон улсын холбогдох конвенциудад нийцүүлэх, хөдөлмөрийн үнэ­лэмжийг дээшлүүлэх, ДНБ-д цалин хөлсний эзлэх хувийг нэмэгдүүлэх, ажилд авах, ажлын байран дахь бүх төрлийн ялгаварлалыг арилгах арга хэмжээ авна гэх зэргээр тусгажээ. Эдгээр онолын хэлбэртэй заалтууд нь ард түмэнд төдийлөн ойлгогдохгүйн зэрэгцээ тэдний амьдралд яг хэрхэн буух вэ гэдэг дүр зураг, төсөөлөл бага бууж байна. Ийм тоо, хувь хэмжээ заасан мөрийн хөтөлбөр нь магадгүй Монголын үйлдвэрчний эв­лэл зэрэг олон нийтийн байгуул­лагын зүгээс дэмжлэг авах хандлагатай ч олон нийтэд төдийлөн таалагдахгүй бай­на. Харин МАН-ын зүгээс хөдөл­мөрийн үнэлэмжийг дээш­лүүлэх бодлогыг бүх салбарт баримтлахаа мэдэгдсэн ч ДНБ-нд цалин хөлсний эзлэх хувь буюу макро төвшний хуваарилалтын асуудлыг дур­даагүй орхижээ. Ийм нарийв­чилсан тоо тусгаж өгөөгүй шалтгаан нь Засгийн газрын хөтөлбөрт илүү нарийвчилж тусгах боломжтой гэж үзсэн байж болно. 

ХИЙХ АЖИЛ УУ, ХИЙ ХООСОН ТУНХАГ УУ?

АН-ын мөрийн хөтөлбөрт цагийн ажил, бүрэн бус хө­дөлмөр эрхлэлт, аутсорсинг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжүүдийг шинээр төгсөгчид, гэртээ хүүхдээ сахиж байгаа иргэд, удаан хугацаагаар ажил хийгээгүй иргэд зэрэг зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ашиглахаар тусгажээ. Энэ нь иргэдэд шинэ соргог сонсдож болох ч ийм ажлын эрэлт хэр их байх нь эргэлзээтэй. Ялангуяа эдийн засгийн хямралтай нөхцөлд уламжлалт бус хөдөлмөр эрхлэлтийн хэлбэр өргөн хэрэглэгдэж чаддаггүй сул талтай. Тиймээс энэ амлалт нь яг ажил болох гэхээсээ илүү тунхаг төдий зорилт байж мэднэ. Түүнчлэн АН-аас сонгуульд өргөж буй нэг томоохон туг нь 100 мянган дадлагажигч ажилтан Япон руу гаргах амлалт юм. Мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн боловсрол эзэмшсэн буюу МСҮТ-д суралцаж байгаа монгол оюутнуудыг өндөр хөгжил­тэй улс орнуудад дад­лага­жуулж, мэдлэг ур чадварыг нь сайжруулан, нийт 100 мянган дадлагажигчийг хам­руулах эрхзүйн орчинг бүр­дүүлнэ гэсэн зорилт тавьсан нь залуучуудын  сонирхлыг нэлээд татахаар байгаа. Гэвч энэ нь мөн л сонгогчдыг хуур­сан мэдээлэл юм. Саяхан Япон улсад З.Энхболд дарга, Г.Баярсайхан сайд нар очиж ажиллаад гэрээ байгуулсан нь үнэн ч дадлагажигч 100 мянгыг авах уу, 10 мянгыг авах уу гэдэг нь Японы үйлдвэрүүдийн ажиллах хүчний хэрэгцээнээс хамаарахаас Засгийн газрынх нь хүсэл эрмэлзлээс үл хамаарах нь мэдээж. 

ХЭН НЬ ИЛҮҮ АЛАГЧИЛСАН БОДЛОГОТОЙ ВЭ?

Улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол тухайн намын бодлогын шууд илэрхийлэл байдаг. Тэгвэл Монголын хоёр гол нам мөрийн хөтөлбөрөө батлахдаа ард иргэддээ тэгш боломж, шударга эрхийг ямар байдлаар тусгасан бэ. АН-ын  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод хувиараа хөдөл­мөр эрхлэгчдийн асуудал бүр­хэг тусгагдсан. Мөн хөдөл­мөр эрхлэлтийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангийн хөрөн­гийг ХАА-н болон бусад боловс­руулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулна гэж заажээ. Энэ нь үйлчилгээний салбарт хувиараа хөдөлмөр эрхэлж өрх гэрээ тэжээж явдаг 200 орчим мянган хүний эрх ашгийг төдийлөн тооцоогүй гэсэн үг. Энэ бол том сул тал. МАН-ын хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан ч ямар нэг салбар чиглэл зааж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, МАН-ын хувьд иргэдээ ялгаварлах бодлого огт баримталдаггүй гэдгээ мөрийн хөтөлбөртөө ч ийнхүү баримталжээ. 
Бас нэг жишээ нь, АН до­тоодын тендер, худал­дан авалтад оролцох, хөдөл­мөр эрхлэлтийг дэмжих хөтөл­бөрүүд зэрэгт хамраг­дахад тодорхой болзлууд тавих нийт­лэг хандлага байна. Энэ нь тодрхой хэсгийг илт дэмжих, бусдыг нь орхих сул талтай. Жишээ нь “Сайн малчин” хөтөлбөрт хамрагдах болзлыг гол төлөв олон малтай өрх хангаж чадахаар байгаа гэх мэт. Өөрөөр хэлбэл, олонхид биш цөөнхөд зориулсан арга хэмжээ болж, 2015 онд ноосны урамшууллыг хоршоонд  элссэн малчинд өгнө гэдэг болзол давтагдах сул талтай.

БИЕЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭН НЬ ИЛҮҮ ТООЦООЛСОН БЭ?

Аливаа амлалт, мөрийн хөтөлбөр бодитой, хэрэгжих боломжтой байх учиртай. Тэгвэл энэ шалгуураар хоёр намын мөрийн хөтөлбөрийг жинлэж үзэх ёстой. АН-ын мөрийн хөтөлбөрт биелэх боломж багатай олон заалт байгаа юм. Тухайлбал, ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарын ажил эрхлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан нь биелэх магадлал багатай. Одоо баригдсан орон сууцны борлуулалт буурсан, үнэ нь иргэдийн худалдан авах чадвараас давж, орон сууцны нийлүүлэлт илүүдсэн нөхцөлд барилгын салбарт ямар ч дэмжлэг нэмэр болох­гүй. Харьцуулахад, МАН-ын ипотекийн зээлийг олон хувил­бартай олгох, хүүг буу­руулах гэсэн зорилт нь нэг салбарыг шүтээгүй, тухайн иргэн, гэр бүлийн хэрэг­цээнд суурилснаараа илүү ач холбогдолтой байна. Мөн АН-аас аймаг бүрт хүүхэд, залуу­чууд гэр бүлийн хөгжлийн ордон, ахмад настанд зориул­сан бүсчилсэн сэргээн засах, эмчилгээ үйлчилгээний цог­цолбор, аймаг, дүүрэг бүрт Ахмадын ордон, Монгол Улсын иргэн бүрт эрүүл мэндийн даатгалын цахим үнэмлэх зэрэг хөрөнгө, зардал шаардсан арга хэмжээнүүд нэлээд тус­гагджээ. Энэ нь өнөөгийн төсөв мөнгөний хомсдолтой нөхцөлд хэрэгжих боломж багатай. Мөн тэтгэврийг ца­лингийн өсөлт, инфляцийн төвшинтэй уялдуулна гэсэн нь энэ удаад цалин бага нэмсэн шиг тэтгэвэр бага нэмэгдэх сул талтай. Нийгмийн халамжийн үйлчилгээг ТББ, мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан иргэдэд хүргэх зорилт нь зөв хандлагатай ч буруу хэрэгжүүлбэл үр дүн муутай. Тухайлбал, Ахмадын байгууллагад зарцуулах хө­рөнгийг Монголын чөлөөт  ахмадын холбоонд шил­жүүл­сэн жишээ бий. Энэ нь оновчтой бодлогыг оновчгүй хэрэгжүүлбэл ямар үр дага­вартайг илтгэх баримтууд юм. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ХЭН НЬ ИЛҮҮ АНХААРАХ ВЭ?

МАН-ын хувьд эрүүл мэндийн салбарын санхүү­жилтийг хоёр дахин нэмэг­дүүлнэ гэсэн бол АН эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэг­дүүлнэ гэжээ. Нэг нь төрөөс шууд анхаарах бол нөгөө нь анхаараач гэж бусдад үүргээ дамжуулна гэж ойлгож болно л доо.  Ийм жишээ маш олон. МАН нийтийн биеийн тамир, иог, бясалгал, фитнес зохистой хөдөлгөөнийг  ЭМД-аас урамшуулна гэсэн бол АН зөвхөн дэмжинэ л гэсэн заалт оруулсан байна. МАН их спортыг төрийн ивээлд байлгана гэсэн байхад АН спортыг дэмжинэ гэх үг л хавчуулжээ. Ивээлд байлгах, зүгээр л дэмжих хоёр нь бодлогын эрс ялгаатай. Төрийн ивээлд байлгах нь хариуцлагыг өөртөө авч байгаа хэрэг бол зүгээр л дэмжинэ гэдэг нь ямар ч үүрэг, хариуцлага үүрэхгүй гэсэн үг. МАН багийн болон оюуны  спортыг онцлон хөгжүүлэхээр тусгасан бол АН-д энэ чиглэлийн тодорхой заалт байхгүй байна. Эрүүл мэндийн салбарт ажиллагчдын нийгмийн хамгаалал, ца­лин урамшуулалд онцгой анхаарал хандуулсан заалтууд оруулснаараа МАН, АН-ын мөрийн хөтөлбөрөөс илт давуу болсон байна.  ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээл оруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь хүүхдийг бага наснаас нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга барилд сургах тухай МАН тусгай заалт оруулжээ. АН-ын мөрийн хөтөлбөрт энэ чиглэлээр тодорхой заалт тусгагдаагүй байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх  үзлэгт бүх иргэдээ жилд нэг удаа бүрэн хамруулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан нь олны анхаарал татах чухал заалт болжээ. Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт төрийн бод­логоор хамрагдана гэдэг нь маш олон өвчлөлийн эрсдэлээс хамгаалагдана гэсэн үг. Харин АН-ын мөрийн хөтөлбөрт зөвхөн зорилтот бүлэг рүү чиглэсэн заалтууд тусгагдсан байна. АН төр барьсан дөрвөн жилд эрүүл мэндийн салбар болоод бодлого орхигдсон гэж дүгнэх нь бий.
МАН-аас эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадвар, нарийн мэргэжил, ажилласан жил, байгуулсан гавъяа зүт­гэлээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгоно гэсэн заалт тусгасан байна. АН-ын хувьд эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалинг урьдчилсан сэргийлэлт, эдгэрэлт, хяналтын үр дүнгээр тооцож олгоно гэжээ. Энэ нь урамшуулж, дэмжихээсээ илүүтэй хариуцлага тооцох маягийн  эрс тэс ялгаатай заалт тусгасан байна. АН-ын заалтыг харахад Эрүүгийн хуульд орсон 80 сая хүртэл торгох, найман жил хүртэл хорих заалтыг хэрэгжүүлэх эвгүй хандлага  харагдаж байна. 

ДҮГНЭЛТ:

МАН-ын мөрийн хөтөлбөр иргэн бүрийнхээ эрүүл мэндэд төрийн анхаарал халамжийг бүрэн чиглүүлсэн хөтөлбөр болсон байна. Мөн эрүүл мэндийн салбарт ажиллагчдын нийгмийн асуудал, цалин урамшууллын асуудлыг цогц шийдэх шийдэл гарцыг бүрэн тусгасан хөтөлбөр болж чаджээ. МАН-ын мөрийн хөтөл­бөрт боловсрол, эрүүл мэндийн асуудал нарийн уялдаа холбоотой, харилцан шүтэл­цээтэй тусгагдсан байна. Тухайлбал: Ургийн эрт үеийн оношилгоо, ураг бүрэлдэх үеэс хүмүүжлийн анхан шатны боловсрол олгох үе шаттай сургалтын төвүүдтэй болох гээд маш чухал асуудлууд тус­гагдсан байна. 
АН-ын мөрийн хөтөлбөр иргэн бүртээ гэхээсээ илүү тэднийг дотор нь ангилж, ялгасан байдлаар бодлого хэрэг­жүүлэхээр тусгажээ. Мөн зарим заалт нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч хэрэгжих боломж багатай харагдаж байна. Тухайлбал, аймаг бүрт сэргээн засах эмчилгээ үйлчилгээний цогцолбор, ахмадын ордон, хүүхдийн ордон, залуучуудын ордон барьж босгоно гэж амалсан нь өр зээлтэй өнөөгийн нөхцөлд биелэх магадлал тун бага юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.