Бага төсвөөр “том” наадам хийнэ

2016.06.13 Даваа №067 (2098)

Б.Бадамгарав

Монгол түмний их баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгал ялсны 95 жилийн ой зэрэг тэгш ой тохиож буй. Мөн АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт болж, гаднын томоохон зочид төлөөлөгчид ирэх тул энэ жилийн наадам тун онцгой болох учиртай. Тиймээс бэлтгэл ажлыг эртнээс хангаж, шаардлагатай арга хэмжээ, засвар үйлчилгээг хийхийн тулд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссынхон ажилдаа оржээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс болон холбогдох албан тушаалтнууд Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа “Төв хаалганы багануудыг засч шинэчлэх хэрэгтэй байна. Цэнгэлдэхийн гол асрын гадна хэсгийг хавтангаар бүрэх саналтай байна. Үүнд 18 сая төгрөг шаардлагатай. Мөн төрийн өндөр дээд албан тушаалтан, зочдын суудаг сандал нэлээд хуучирч муудсан учраас солих шаардлагатай” хэмээн цэнгэлдэх хүрээлэнд хийх шаардлагатай засвар шинэчлэлийн саналуудыг албаныханд танилцуулсан. Мөн тэрээр “Наадмын нээлтийн арга хэмжээнд 40 морь, зургаан тэмээ орж ирэх хөтөлбөртэй байгаа юм байна лээ. Бэлтгэлийг таван удаа хийнэ гэсэн.  Харин тийм олон удаа морьд оруулж ирвэл хиймэл зүлгийг талхлах магадлалтай. Тиймээс нээлтийн ажиллагааны бэлтгэлийг нарийн тооцоолохыг хүсч байна” гэсэн юм. Энэ саналын дагуу нээлтийн ажлыг зохион байгуулах багийнхан морьдыг 1-2 удаа оруулж ирэх шийдэлд хүрэв. Харин зочдын сандлыг жилд нэг удаа ашигладаг тул нийслэлээс түр хугацаанд сандал гаргуулахаар болсон юм. Мөн наадмын үеэр гол асарт суудал нэмэх боломжгүй тул гаднын томоохон зочид, төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудад нэг болон 18-р секторыг зориулан бэлдэхээр шийдвэр гаргалаа.  

Түүнчлэн энэ жил улс, аймгийн алдар цолтой 1024 бөх улсын наадамд зодоглоно. Шөвгийн барилдаанууд оройтох магадлалтай тул гэрэлтүүлгийг шалгаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт гэрэл суурилуулахаар боллоо. Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчин чадал сайтай 10 том гэрэл бий. Байгалийн гэрэл 21:30 цагийн орчимд буурч, харанхуй болох учраас гэрэлтүүлэг телевизийн шаардлага хангаж байх ёстой. Гэрэлтүүлэг ямар байхыг маргааш орой урьдчилан шалгахаар болсон. Засварын шинэчлэл, шаардлагатай тохиолдолд гэрэлтүүлэг тавих гэх мэтээр зардал нэлээд гарах төлөвтэй байгаа учир цэнгэлдэх хүрээлэнд өөрийн рекламаа байрлуулдаг АПУ, Мобиком зэрэг томоохон албан байгууллагуудад хандан хандив өгөхийг уриалсан юм.
Үндэсний баяр наадам зохион байгуулах комиссын дарга Ц.Оюунбаатараас наадмын бэлтгэл ажлын тухай тодруулахад “Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойг өндөр хариуцлагатай, бэлтгэл сайтай зохион байгуулахаар бид ажиллаж байна. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар үйлчилгээ бэлэн байдлыг хангах талаар хамтран ажиллаж, зарим асуудлыг шийдвэрлэж байна. Хөрөнгө санхүүгийн асуудал хүнд байгаа. Монгол түмний их баяр наадмыг зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллана. 1024 бөх барилдах учраас цаг оройтож сунах магадлалтай. Тиймээс гэрэлтүүлэг, эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нэлээд зөвлөлдлөө. Төв цэнгэлдэх хүрээлэнд морь, тэмээ орж ирэх учраас зүлэг, ердийн хөсгийн халтиргааны буюу хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын талаар анхаарлаа хандуулж байна. Хэдийгээр тэгш ой, барилдах бөх, уралдах морь гээд наадамчин олон болон гаднын зочид төлөөлөгчид олон ирэх боловч зардлыг өсгөхгүй. Төсвийн хүндрэлтэй байгаа учраас 2015 оны наадам зохион байгуулсан төсвийн хэмжээнд барих үүрэг даалгавар өгсөн. Тэгэхээр бид бага хөрөнгөөр өндөр зохион байгуулалттай наадам хийхээр зорьж ажиллаж байна” гэлээ. 
Улсын баяр наадам зохион байгуулахад улсын төсвөөс нэлээд хөрөнгө гаргаж, Төв цэнгэлдэхийн засварын ажлыг хийдэг. Харин 51 хувийг эзэмшдэг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас ямар ажлууд байгаа тухай тус компанийн захирал Т.Нямдаваа “Үндэсний баяр наадам зохион байгуулах комиссын нөхцөл байдалтай танилцсанаар ямар ажлууд хийх тухай шийдвэр гарна. Гарсан шийдвэрийн дагуу засвар шинэчлэлийн ажлыг хийнэ. Манай байгууллага энэ жил 61 сая төгрөгөөр дээврээ янзалсан. Гаднаас цэнгэлдэх рүү орох хэсгийн зам талбайг янзалж байна. Манай талаас 90 гаруй сая төгрөгийг гаргаж байгаа. Харин улсаас хэчнээн төгрөгийн засварын ажил хийх тухай шийдвэр эцэслэн гараагүй. Одоогоор бүх зүйлийг урьдчилсан байдлаар хэлэлцэж байгаа” гэсэн юм.
Комиссынхон Төв цэнгэлдэх хүрээлэнтэй танилцсаны дараа сур болон шагайн харвааны талбайд ажилласан. Сурын талбайд үзэгчдийн суудал, дэлгэцийн асуудлыг шийдэх шаардлагатайг уламжилсан бол шагайн харвааны талбайн дээврийг засахыг хүссэн юм. Төв цэнгэлдэх хүрээлэн болон сурын талбайгаар явж, байдалтай танилцсаны дараа машины зогсоолтой танилцахаар албаныхан явсан юм. Төв цэнгэлдэх хүрээлэнтэй хаяа залган баригдаж буй “Хурд” группийн худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын ажил ид өрнөж байлаа. Барилгын явц 60 гаруй хувьтай явагдаж байгаа ажээ. Барилга бүрэн ашиглалтад орвол дотроо 650, гаднаа 180 машины зогсоолтой байх тухай “Хурд" группийн инженер Д.Мөнхтулга хэллээ. Харин наадмын үеэр буюу ирэх сард барилгыг улсын комисс хүлээж авах болоогүй байх учир Мэргэжлийн хяналтын байгууллагынхан шалгалт хийж, барилгын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын дүгнэлт үйлдсэнээр түр зөвшөөрөл олгохоор боллоо. Түр зөвшөөрөл авахын тулд ирэх сарын 5 гэхэд гадна талбайн засварын ажлыг бүрэн гүйцэтгэж, дотор зогсоолд тэмдэг тэмдэглэгээ хийхийг үүрэг болгосон. Мөн орц, гарцанд түр хугацаанд камержуулалт хийхээр болсон юм. Харин замын цагдаагийн газраас ачаалалтай байх үеэр түр ажилтан гаргаж өгөхөөр боллоо.

Жил бүр 200-300 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргадаг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадралаас баяр наадмын зохион байгуулалтын талаар тодруулга авлаа.
-Энэ жилийн Улсын баяр наадамд зориулан засвар шинэчлэлийн ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Төв цэнгэлдэхийн гол хаалганы урд багана, зам талбай зэргээс эхлээд хийх засварын ажил их байна. Ерөнхий байдалтай танилцаж байгаа учраас дараагийн шатанд ярилцаж, зөвлөлдөж байгаад шийднэ.
-Нийслэлийн төсвөөс хэдэн төгрөг зарцуулах бол?
-Улсын наадам зохион байгуулахад зориулж улсаас тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг. Харин үүнээс хотын захиргаанд тодорхой хэмжээг нь хуваарилдаг. Гэвч энэ мөнгө хангалттай хүрэлцдэггүй учир жил бүр хотын захиргаанаас нэлээд хөрөнгө гаргаж ажилладаг. Улаанбаатар хотын захиргаа сүүлийн дөрвөн жилд төсвөөс гадуур тооцогдоогүй нэлээд ажил хийсэн. Дунджаар 200-300 сая төгрөгийг гаргадаг. Уг нь Төв цэнгэлдэхийн захиргаа, түрээсээр үйл ажиллагаа явуулж буй газрууд сэтгэл гаргаад тал бүрээсээ дэмжээд ажиллавал санхүүгийн хувьд хүндрэл үүсэхгүй байх боломж бий.  
-Засварын ажил хэдийнээс эхлэх вэ?
-Жил бүр өдийд л хийдэг. Шаардлагатай засваруудыг хийсний дараа хамгийн сүүлд самбар солих, угаалга цэвэрлэгээ, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэх ажлыг хийнэ. Их эрт хийхээр сүйтгээд хаячихдаг гэмтэй.
-Төв цэнгэлдэхийн ойр орчимд хэдэн аж ахуйн нэгжид худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг олгох вэ?
-Төвийн зургаан дүүрэгт тодорхой бүс зааж өгдөг. Үүнд дүүргийнхэн аж ахуйн нэгжүүддээ зөвшөөрөл гаргаж өгнө. Ерөнхийдөө 500-600 ААН-д худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгох боломжтой. Тиймээс аж ахуйн нэгжүүд харьяа дүүрэгтээ хандах ёстой. 
-Наадамчин олонд тулгардаг нэг том бэрхшээл нь машины зогсоол. Үүнийг хэрхэн шийдэж байна?
-“Хурд” группийн барьж буй худалдаа, үйлчилгээний цогцолборын зогсоолд 500 машин зогсоохоор тохиролцсон. 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.