Э.Бат-Үүлийг хотын даргаар зарлав

2016.06.13 Даваа №067 (2098)

Ардчилал хөгжсөн олон оронд сонгууль болохоос өмнө хэнийг ямар албан тушаалд томилохоо урьдчилан зарладаг. Манайх шиг сонгуулийн дүн гарсны дараа ханцуйн дотроо албан тушаал наймаалцдаггүй. Ингэж урьдчилж зарлах нь ардчилсан сонгуулийн нэгэн соёл. Монгол Улсад сонгуулийн соёл тогтоох анхны алхмыг нийслэлийн Ардчилсан нам хийлээ. Энэ нь нийслэлийн ИТХ-д АН олонхи болох юм бол хотын даргаар Э.Бат-Үүлийг дахин ажиллуулна гэдгээ өнгөрсөн бямба гаригт зарласан явдал байлаа. Ийнхүү ирэх дөрвөн жилд нийслэл хотыг хэнээр удирдуулахаа  нэрлэснээр нийс­лэлийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаа ч  албан ёсоор эхлэв. Нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигч хүндэтгэлийн анхдугаар “хуралдаан” зохион байгуулав. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ирэх дөрвөн жилд  хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Токио шиг сайхан хот байгуулна
Өмнөх сонгуульд Э.Бат-Үүлийн баг “5А” хөтөлбөр боловсруулж оролцсон. Энэ нь агаар нь цэвэр, амины сууцтай, ажилтай орлоготой, аюулгүй амгалан, авлигагүй-Улаанбаатар гэсэн таван хү­рээнд ажлаа төлөвлөсөн гэсэн үг. Харин ирж буй жилүүдэд дээрх таван ажлаа ахиулан үргэлжлүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулжээ. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  2020 он гэхэд Улаанбаатарт дараах  бүтээн байгуулалтыг хийсэн байх юм. Тухайлбал,
-Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийг Баянзүрх дүүрэгт “Дүнжингарав” ху­дал­­дааны төвд, Хан-Уулын “Мишээл экспо”, Сонгино­хайрханы “Драгон” төвд байгуулсан. Тун удахгүй Чингэл­тэй дүүрэг “Бөмбөгөр” худал­дааны төвд байгуулах гэж байна. Мөн Налайх, Багахангай, Багануурын иргэд нийслэлийн “супермаркет”-аар үйлчлүүлэх тун ойрхон болжээ. Энэ мэтээр дүүрэг бүрт нийслэлийн үйл­чилгээ өөрөө очно.
-Өнгөрсөн хугацаанд нийслэлд 244 км замыг шинэчилж, шинээр тавьжээ. Одоо хувийн унаагаа биш автобусыг сонгодог болохуйц соёлтой, түргэн шуурхай үйлчилгээтэй нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ.  
-Гэр хорооллын дахин төлөв­лөлтийн 24 байршилд барьсан орон сууцанд дөрвөн жилийн дараа 71 мянган өрх орно. Үүнээс гадна “газрын эзэн-хувьцаа эзэмшигч” хө­төлбөр хэрэг­жүүлж гэр хорооллын найман байршилд 5550 айлын амины орон сууцыг инженерийн шугамд холбоно. Энэ нь дээрх хэмжээний өрхийн газрын үнэлгээг нэмэгдүүлж иргэдийн хөрөнгийг нэмэх ач холбогдолтой.
-Нийслэлд хоёр төрөх эмнэлэг, гурван дүүрэгт нэгдсэн эмнэлэг  барьж харьяалал хар­галзахгүй эмнэлгийн үйл­чилгээг 24 цагаар үзүүлнэ. 
-Цахимаар өмчлүүлсэн 52 байр­шилд инженерийн шугам сүлжээ татаж шинэ хот босгох ажлыг ирэх дөрвөн жилд эхлүүлнэ. 
-Амьтны хүрээлэн, морин той­руулга, дүүрэг бүрт ахмадын суви­лал­тай хот болно. Ногоон бай­гууламжаа одоо байгаагаас 5.5 дахин нэмэгдүүлнэ. 
Мөрийн хөтөлбөрийг тоймловол иймэрхүү. Багаараа ажиллаж нийслэл хотоо ирэх дөрвөн жилд Токио атаархам хот болгохын төлөө зүтгэнэ гэдгээ Э.Бат-Үүл амласан юм. 

Атаархам сайхан хот байгуулж гүтгэгчдийг  ялна 
Үүний дараа “хуралдаан” даргалагч НИТХ-ын дарга Д.Баттулга “5+” төлөвлөгөөг гардан хэрэгжүүлэх багийн ахлагчаа сонгон зарлахаар болов.  Нэр дэвшигч Н.Батаа “Би Эрдэнийн Бат-Үүлийн нэрийг дэвшүүлж байна. Нэгд, Бат-Үүлийн өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд санаачилж эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлье гэж иргэд хүсч байгаа. Хоёрт, энэ ажлыг хийхэд, “5+” төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Бат-Үүлийн улс төрийн туршлага, зангараг чухал юм. Гуравт, нийслэлд эрх ямба эдлэх гэж, далд бизнес хийх гэж, даргархах гэж ирдэг байсан хандлагыг энэ хүн өөрчилж чадсан. Ажил хийх гэж, ард иргэддээ үйлчлэх гэж, адлуулж шүүмжлүүлэх гэж хотын дарга болдог юм гэдгийг өнгөрсөн хугацаанд харуулж чадсан хүн бол Э.Бат-Үүл. Ийм гурван үндэслэлээр нэрийг нь дахин дэвшүүлж байна” хэмээн  саналаа хэлсэн. Үүний дараа нэр дэвшигчид 100 хувь Э.Бат-Үүлийг хотын дарга болгоход санал нэгдлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  “Ардчилсан нам 2016-2020 оны нийслэлийн ИТХ-д олонхи  болбол хотын даргаар намайг ажиллуулна гэдгээ зарлалаа. Нэр дэвшигчиддээ талархаж байна. Итгэл найдварыг хадгалан, улам ихийг хийж бүтээнэ гэдгээ хэлэхийг хүсч байна” гэж хэллээ. Тэрээр 2012 оноос хойш нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг зангидсан гар шиг ажилласан. Үүний дүнд шидтэй юм шиг бүтээн байгуулалтыг хийж чадлаа. Бид шидтэй биш, гэхдээ бүтээн байгуулж чадсан хэмээн бяцхан хошигнов. Энэ эрчээрээ дэлхийн бусад хотууд атаархмаар сайхан хотыг бүтээн босгоно гэдгээ ч амлалаа. Э.Бат-Үүл  “Өнөөдөр улс орныг, энэ хотыг хэн удирдах вэ гэдгээ сонгох эрхийг ард иргэддээ 1990 оны ардчилсан хувьсгал өгсөн юм. Ард иргэд маань өөрийнхөө амьдралыг өөрийн зоргоор шийддэг тэр эрх мэдлийг ардчиллын төлөө тэмцэгчид өгч чадсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд би хувь хүнийхээ хувьд дайрч давшлагчдын бай болсоор ирлээ. Хүний ёсноос гадуур яаж гүтгэн гүжирдэж байгааг та бүхэн харж байгаа.  Гэхдээ  гүжирдэж байгаа улсууд ард түмэндээ сайн сайхныг бий болгохын төлөө юу ч хийж чаддаагүй юм. Тэд зөвхөн өөрсдийгөө тойглож, өөрсдийнхөө төлөө л амьдарч ирсэн. Тэр хүмүүс өнөөдөр үнэнд гүйцэгдлээ. Үнэнд гүйцэгдэхдээ аргаа барж одоо тэд бархирч байна. 
АН болон ардчиллын төлөө тэмцэгчид тэдэнд эрх чөлөөг нь олгоод зогсохгүй сайхан амьдралыг,  бүтээн байгуулалтын үлгэр жишээг харуулж чадлаа. Бид бүтээн байгуулалтын бослогыг хийсэн. Бид Токио атаархам сайхан хот байгуулж тэднийг ялах болно” гэв. 

Хотын даргыг хэн сонгодог вэ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хийсэн ажлынхаа тайланг тавьж дүүргүүдээр явж иргэдтэй уулзалт хийсэн. Энэ үеэр иргэд Э.Бат-Үүлийн багийг  дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Мөн дараагийн дөрвөн жилд үргэлжлүүлэн ажиллаж хийсэн ажлаа дуусгахыг хүсч байгаагаа илэрхийлж байлаа. Үүний зэрэгцээ  нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж байгаа 45 нэр дэвшигч багаараа ялж байж Э.Бат-Үүл Засаг дарга болно гэдгийг иргэдэд сайн тайлбарлаж өгөөрэй гэж захиж байсан юм. Хотын даргыг ИТХ-д олонхи болсон нам нь сонгодог гэдгийг тайлбарлан ойлгуул гэсэн үг л дээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг нийслэлийн ИТХ-д хуралд олонхи болсон нам томилдог. Э.Бат-Үүлийг хотын даргаар дахиулъя гэвэл, сүүлийн дөрвөн жилд хийсэн ажлыг нь үргэлжлүүлье гэж хүсвэл багаар нь дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл Бат-Үүлийг багаар нь дахиулъя гэвэл нийслэлийн ИТХ-д нийслэлийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг сонгох хэрэгтэй гэдгийг сайн тайлбарлахыг сонгогчид хүссэн юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.