Ш.Энхбаатар: Сурталчилгаа эхлэхээс өмнө нэр дэвшигч ажлаа тайлагнах боломжтой

2016.05.27 Баасан №061 (2092)

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатараас дараахь тодруулгыг авлаа.

-Сонгуулийн тухай хуу­лийн суртал­чилгааны хэ­сэгт заасан нэг хэвлэлийн хуудас гэж ямар хэмжээг хэлж байгаа юм бэ. Со­нин, А4-ийн хэмжээтэй сэтгүүлээр бол хэдэн хуудас гэсэн үг вэ?
-Сонгуулийн тухай хуульд “Нэг хэвлэлийн хуудас гэдэгт А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно” гэж заасан. 

-Хуулиар заасан хэжээ­нүүдээ хооронд шил­жүү­лэн ашиглаж болох уу. Ту­хайлбал, намтараа заа­вал заасан хэмжээнд нь хэв­лэх­гүйгээр жижиг хэмжээнд хэвшээд үлдсэн зайд нь өөр зүйл хэвлэх гэх мэтээр.
-Болохгүй. Учир нь, Сон­гуулийн тухай хуульд сонгогчдод тараах сонгуу­лийн сурталчилгааны хэв­лэ­мэл материалын хэмжээг маш тодорхой заасан. Ту­хайл­­бал, УИХ, аймаг, нийс­­­лэл, сум, дүүргийн сон­гуульд нэр дэвшигч нь сон­­­гуу­лийн сурталчилгаа явуу­лах хугацаандаа гурван хэв­лэлийн хуудас сонин, гур­ван хэвлэлийн хуудас сэтгүүл, хоёр хэвлэлийн хуу­дас ухуулах болон зурагт хуудас, хоёр хэвлэлийн хуудас намтар, гурван хэвлэлийн хуудас бүхий хийсэн ажлын тай­лангаа сонгогчдод та­раа­на. Мөн нэр дэвшигч нь сур­тал­чилгааны материалаа өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд нийтлүүлсэн бол мөн хуульд заасан дээрх хэм­жээ­нээс хэтрүүлэхгүй байх ёстой.

-Сурталчилгаа явуулах хэвлэлийн хэмжээ, телевиз, радиогийн цагаа ашиглаж дууссаны дараа өрсөлдөгч нь хуурамч мэдээлэл тараа­сан, гүтгэсэн тохиолдолд хариу тайлбар хийж болох уу. Сурталчилгааны болом­жуудаа ашиглачихсан уч­раас боломжгүй юү?
-Сонгуулийн тухай хуу­лиар хэвлэл  мэдээллийн хэрэг­сэл, цахим орон зай, мес­сеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бү­хий аливаа хэлбэрийн шалга­руу­лалт зохион байгуулах, бус­дыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглосон байгаа. Сонгуу­лийн хуулийг зөрчсөн дээрх үйлдэл, үйл ажиллагаа явуул­сан хэвлэл, мэдээллийн бай­гууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлс­­ний доод хэмжээг 6-8 да­хин нэмэгдүүлсэнтэй тэн­цэх хэмжээний төгрөгийн, хуу­лийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээг 11-16 дахин нэмэг­дүүл­сэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хууль­чилсан. 

Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр заасан.


-Хууль зөрчсөн нэр дэвшигчид нь ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Нэр дэвшигчийн тухайд бол УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд нэр дэв­шигчээр бүртгүүлсний дараа дээр дурьдсан хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагааг үйлдсэн нь тогтоогдвол нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасна. Харин сонгуулийн дүн гарсны дараа сонгуулийн хууль зөрчсөн болох нь тогтоогдвол УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгох, иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд дахин сонгууль явуулахаар заасан. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай аливаа этгээдээс гаргасан өргөдөл, гомдлын дагуу энэхүү зөрчлийг хууль хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ. Харин Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Иймд гүтгэн доромжилсон, хуурамч мэдээлэл тараасан бол хууль, хяналтын байгууллагад хандаж,  холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцуулах боломжтой.


-Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлснээс хойш бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ, Засгийн газрын гишүүд хариуцсан ажлынхаа тухай ярилцлага хэвлүүлсэн то­хиолдолд хуульд заасан хэвлэлийн хэм­жээнээс нь хасагдах уу?
-Нам, эвслийн дарга, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглоно. Мөн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглохоор Сонгуулийн тухай хуульд тусгасан. Нэр дэвшигчид нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш хийсэн ажлын тайлангаа гурван хэвлэлийн хуудаст багтаан сонгогчдод тараана. Харин сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн, орон нутгийн хурлын төлөөлөгч нь хийсэн ажлын тайлангаа хэмжээний хязгаарлалтгүйгээр тарааж болно.


-Хуулиар заасан хэмжээнээс хэтрүүлэн сурталчилгаа хийсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?
-Радио, телевизийн хувьд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.