Хоймор дахь эмэгтэйчүүдийн зай хорьхон сөөм

2016.05.25 Лхагва №060 (2091)

Д.ДАМДИНЖАВ

 

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн хууль олон зүйлд өөрчлөлт авчирсны нэг нь эмэгтэйчүүдийн квот билээ. Сон­гуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг 30 байсныг 20 хүртэл хувь болгож бууруулсан юм. Үүнд УИХ-ын одоогийн гишүүд дургүйцлээ илэрхийлсэн ч тусыг олоогүй. Тэд эмэг­тэйчүүдийн улс төрийн оролцоог цөө­рүүлж байгаа нь ухралт боллоо гэж дүгнэсэн. Эмэгтэйчүүдийн квотыг бууруул­сан шалтгаанаа “30 хувийн квотыг өм­нөх холимог тогтолцоон дээр зөвшөөрч байсан. Харин одоогийн жижиг 76 тойрогт энэ квотыг мөрдөх боломжгүй” гэсэн тайлбарыг хоёр гол нам өгчээ. 


2012 оны УИХ-ын сонгууль хувь тэнцүүлсэн хувилбарыг хослуулсан холи­мог сонгуулийн системээр явагдсан нь эмэгтэй улстөрчдийн хувьд ээлтэй байсан. Эмэгтэйчүүдийн төлөөлөл хууль тогтоох хуралд 3.9 хувиас 14.5 хувь болтол өсч, энэ парламент 11 эмэгтэй гишүүнтэй болсон. Үүнийг  нийгмийн хэрэгцээ шаардлагыг илэрхийлсэн үр дүн гэж үзэж байсан юм. Уг нь манай улсын хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо байр суурь жилээс жилд нэмэгдэж ирснийг УИХ дахь суудлын тооноос харж болно. УИХ-д 1992 онд 293 хүн нэр дэвшиж гурван эмэгтэй парламентад суусан бол 1996 онд 302 нэр дэвшигчийн найм, 2000 онд 602 хүн нэр дэвшсэний ес нь эмэгтэй, 2004 онд 244 нэр дэвшигчийн таван эмэгтэй сонгогдож, төр түшилцсэн. Харин сүүлийн хоёр сонгуулийн статистикийг харвал 2008 онд 356 нэр дэвшигчийн 66 нь эмэгтэй байж гурав нь л УИХ-д сонгогдсон бол 2012 онд 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй байж, үүнээс 11 нь өдгөө чуулганы танхимд сууж байгаа. Энэ нь олон улсын хэмжээний эмэгтэй парламентчдын дунджаас (21.9 хувь) доогуур үзүүлэлт боловч урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад чам­лахааргүй үнэлгээ байсан юм. Тэгвэл энэхүү амжилтаасаа ухрахаар нөхцөл үүслээ. Ирэх парламентад магадгүй эмэгтэй гишүүдийн тоо 10 хүрэхгүй байж мэднэ. Намууд нэр дэвшигчдийнхээ 20 хувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлж таарна. Нам болгоноос ойролцоогоор 16 эмэгтэй нэр дэвшинэ гэсэн үг. Тэд хэрвээ бүгд сонгогдсон тохиолдолд Монголын парламентын 20 хувь нь эмэгтэйчүүд болно. Хэрвээ сонгогдохгүй тохиолдолд энэ хувь буурна. Тиймд ирэх дөрвөн жилд төрийн эрх барих дээд байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо эрс багасах магадлалтай байна. Тэр хэрээр Монголын төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой төрийн шийдвэр гаргах төвшинд багасна. 


Тэгвэл шийдвэр гаргах төвшинд эмэг­тэйчүүдийн оролцоо энэ квот эрхээс ха­­маарч өөрчлөгдөх үү гэдэг асуулт гар­на. Өнөөдөр Монголын боловсролын сал­барын нийт ажиллагсдын 75.8 хувь, эрүүл мэндийн салбарын нийт ажил­лагсдын 81.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Улс орны хоёр чухал салбарт л гэхэд дийлэнх олонхийг эзэлж буй эмэг­тэй­чүүдийн төлөөлөл улс төрд харин хэт бага буюу 20 хувь л боллоо гэсэн үг л дээ. Энэ нь эмэгтэйчүүдийн улс төрийн сонгуульд нэр дэвших, тэдний төлөөллийг нэмэгдүүлэх боломж болол­цоог боогдуулж байгаа нэг хэлбэр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар “Эмэгтэйчүүд байгаа газар эмх цэгц тогтдог. Эмэгтэйчүүд байгаа газар уур амьсгал эерүү зөөлөн байдаг. Эмэгтэйчүүд байгаа газар цэвэр цэмцгэр байдаг. Эмэгтэйчүүд байгаа газар арга билэг зохицолдож, амьдрал илүү утга учиртай болж байдаг” гэж хэлжээ. Үнэхээр ч үнэний хувь бий. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын эмэгтэй гишүүдийн оролцоотойгоор шийдэгдсэн цөөнгүй хууль, шийдвэрүүдийг энд онцолж бол­но. Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. 20-30 жил хуримтлагдсан асуудлыг эмэгтэй гишүүд УИХ-д сонгогдсоноороо шийдвэрлэсэн гэх эерэг үнэлгээ ч нийгэмд бий билээ.


Гэхдээ эмэгтэйчүүдийн квотыг багас­гасан бас нэг шалтгааны эхэнд тэдний манлайлал эрчүүдтэй харьцуулахад цөөн байгааг нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, 20 хувь гэдэг нь 76 нэр дэвшигчийн 16 нь эмэг­тэй байх ёстой гэсэн үг юм. Уг нь нэр дэвших сонирхолтой эмэгтэйчүүд аль аль намд 16-аас олон бий. Эмэгтэйчүүдэд тулгардаг гол асуудал нь нэгдүгээрт мөнгө. Хоёрдугаарт, эрэгтэй хүнтэй өрсөлдөөд ялах магадлал бага.  Эдгээр шалтгаанаар эмэг­тэйчүүдийн квотыг намуудын зүгээс багасгаж буй ч энэ нь оновчтой шийдвэр биш гэдэг нь мэдээж юм. “Гэр бүлийнхээ асуудлыг шийдэж чадсан ямар ч эмэгтэй хүн улс орныхоо төлөө тууштай ажиллаж чадна” гэж Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд М.Тэтчер хэлсэн нь байдаг. Үнэхээр эрэгтэйчүүдтэй өрсөлдөөд ялах магадлалтай манлайлагч эмэгтэйчүүд Монголд олон. Харин улс төрийн хоёр гол намын зүгээс нэгэн сонирхолтой тохи­ролцоо хийж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ нь аль аль намаас эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж буй тойрог дээрээ нөгөө нам нь эрэгтэй хүн аль болох дэвшүүлэхгүй байх гэсэн далд тохиролцоонд хүрсэн бололтой. Өөрөөр хэлбэл, эмэгтэй нэр дэвшигчдийг хооронд нь өрсөлдүүлж, шударга, адил боломжоор ялалт ялагдлаа шийдэх болол­цоог эмэгтэйчүүдэд олгох гэнэ. Энэ то­хиол­долд УИХ-ын гишүү­дийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх боломж хангагдаж болох юм. Нэг ёсондоо эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдсөнөөр аль нэг эмэгтэй нь л ялалт байгуулж, УИХ-д сонгогдоно гэсэн үг. 


Эмэгтэйчүүд парламентад сонгогдохын чухлыг, тэр дундаа парламентын цөөнгүй хувийг бүрдүүлэх нь улс оронд нэн хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Харин тэдний төлөөллийг парламентад хэрхэн оруулж ирэх вэ гэдгийг шийддэг хэлбэр нь хуулиар олгосон квот байдаг аж. Дэлхий нийтийн жишиг ч ийм юм байна. Бүсгүйчүүд 100 жилийн өмнө сонгуульд ч оролцох эрхгүй байсан бол өдгөө зарим нэг оронд парламентын дийлэнхийг эзлэн суух болжээ. Дэлхий дээр тусгаар тогтносон 200 гаруй улсаас эмэгтэй парламентчгүй улс зургаахан (Вануату, Тонга, Катар, Палау, Йемен, Микронези) үлджээ. Парламентын төвшинд аваад үзвэл Руанда, Болив, Андорра, Куба, Швед, Сайшелийн арлууд, Финландын шингэн дуутнууд илүү амжилтад хүрэв. Эдгээр орны парламентад эмэгтэйчүүдийн оролцоо 100 жилийн хугацаанд 40-өөс дээш хувь болтлоо нэмэгдсэн аж. Энэ орнууд квот тогтоосны хүчээр энэ амжилтыг гаргасан. Манай улсын хувьд, Парламентын нийт гишүүдийн 15 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг гэдэг үзүүлэлтээр сүүл хавьцаа бичигдэж байна.  Тийм атлаа дахиад эмэгтэйчүүдийн парламентад эзлэх хувийг багасгах шийдвэрийг гаргачихлаа. Монгол төрийн хоймор дахь зайг 76 төө гэвэл тэнд эмэгтэйчүүдийн эзлэх зай ердөө л 20 сөөм боллоо. 

 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.