Ж.Болдбаатар: “Монгол цэргийн жавхаа”-гаар цэрэг эх оронч үзлийг сурталчилна

2016.05.25 Лхагва №060 (2091)

 

Б.Бадамгарав

Цэргийн анги байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой ангийг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааны талаар Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатараас тодрууллаа.

 

-“Монгол цэргийн жавхаа” уралдаан дөрөв дэх жилдээ болж байна. Уралдааны үр дүнд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Дөрвөн жилийн өмнө “Монгол цэргийн жавхаа” уралдааныг зохион байгуулахад 20 гаруй байгууллага, зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, дотоодын зэрэг, Онцгой байдлын албанаас оролцож байсан.  Харин энэ жил 40 орчим байгууллага оролцож байна. Хүний тоо ч өссөн. Мөн дөрвөн жилийн хугацаанд цэргийн анги байгууллагууд 2.8 тэрбум төгрөгийн тохижилтын ажлыг улсын төсвөөс мөнгө гаргалгүй, өөрсдийн хүч бололцоо, хандив тусламж, цэргийн алба хаасан хүмүүс болон ажилчдынхаа дэмжлэгээр хийжээ. Ингэснээр эрс шинэчлэл болсон гэж үзэж байна. Иргэд хүүхдүүдээ ямар газар үүрэг гүйцэтгэж байна гэдгийг хэвлэл мэдээллээр хардаг болсон нь хамгийн том давуу чанар. Цэргийн анги байгууллага ахуй талаасаа нээлттэй болсон. Цэргийн ангиудыг онцолж байгаа учир нь хотын өнгө үзэмжид сайнаар нөлөөлнө. Цаашлаад бусад байгууллага үүнээс үлгэр дуурайлал авч, тэмцээн уралдаан явуулж, хүмүүстээ урам өгөөсэй гэж хүсч байна. Энэхүү уралдааны зорилго нь цэргийн анги, байгуул­лагын үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оршино.


-Уралдаанд цэргийн ангиу­дын тохижилтыг шалгуур бол­гохоос гадна бусад шалгуур бий байх. Эдгээрийг тодруулбал?
-Нэг, хоёрдугаар шатны шалгаруулалт яваад дууссан. Жагсаалын үйл ажиллагаа, дотоод, гадаад тохижилт, зохион байгуулалт, алба хаагчдын бие бялдрын хөгжил, тухайн анги байгууллагын эмнэлгийн асуудлыг онцлон уралдааныг явуулж байна.
 

-Энэ жилийн шалгуурын онцлог нь?
-Энэ жилийн шалгуурт эмнэл­гийн асуудлыг чухалчилж байгаа. Шагналд нь ч гэсэн эмнэлгийн тоног төхөөрөмж өгөхөөр бэлд­лээ. Эхний гурван байрт шал­гарсан ангийн захирагч нарыг орон сууцаар шагнах бөгөөд эхний есөн байрт шалгарсан анги бүрэлдэхүүнийг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр шагнана.

 

-Уралдааны хаалтын ажил­лагаа бямба гаригт болно. Ямар хөтөлбөртэй байгаа вэ?
-Чингис хааны талбайд энэ сарын 28-нд буюу бямба гаригийн үдээс өмнө 11 цагаас ангиуд жагсана. Дараагаар нь цэргийн ёслолын ажиллагаа болно. Харин оройдоо нийтийн бүжгээр эхлэн, үлээвэр хөгжмийн наадам болж, 21 цагаас үдшийн цэнгүүнээр үргэлжлэх юм. Энэ жилийн үдшийн цэнгүүнийн онцлог нь “Хурд” хамтлаг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамтарсан тоглолттой. 
 

-Яагаад “Хурд” хамтлагийг сонгосон бэ?
-“Хурд” хамтлаг цэрэг, эх орны сэдэвтэй олон сайхан дуу хийж, ард түмэндээ хүргэсэн. Тиймээс цэргийн байгууллагынхан үүнийг нь дэмжиж, цаашид сур­талч­лахаар хамтран тоглолт хийхээр төлөвлөсөн. 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.