Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог боллоо

2016.05.25 Лхагва №060 (2091)

Б.Бадамгарав

 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын ихэнх нь амиа хорлох оролдлого хийдэг

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд гарч байв. Гэвч хэрэгжиж чадахгүй, цаасанд буусан төдий байсаар арав гаруй жил болжээ. Учир нь бусад хуультай уялдуулалгүй дангаар нь баталснаас бүрэн хэрэгжиж чадаагүйн дээр нэлээд цоорхойтой байлаа. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийг иргэний шүүхээр шийддэг байв. Шүүхийн шийдвэрээр тодорхой хугацаанд уулзах эрхийг хязгаарлах, хохирол нөхөн төлүүлэх зэрэг шийд гардаг ч хэрхэн биелүүлэхийг нь тодорхой зааж өгөөгүйн улмаас тэгэсхийгээд өнгөрдөг байлаа. Өөрөөр хэлбэл, хэчнээн их дарамт, бие эрхтэний хохирол амссан байлаа ч гэр бүлийн маргаан гэж үздэг байсан тул хохирсон иргэнийг хүчирхийлэлтэй орчинд нь үлдээдэг байжээ. Мөн цагдаад гомдол гаргасан гээд хүчирхийлэл үйлдэж буй этгээд дахин өсөрхөх, ойр тойрныхон нь ч хохирогчийг дарамталж эхэлдэг тохиолдол цөөнгүй гардаг ажээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 90 хүн гэр бүлийн хүчирхийллээс болж амиа алдсан. Үүний цаана гэр бүлийн хүчирхийллээс үүдэн амиа хорлож буй иргэд маш олон байгааг албаныхан хэлж байна. Улсын хэмжээнд өдөрт 1-2 хүн амиа хорлодог тухай статистик бий. Үүний дийлэнх нь дээрх шалтгаанаас болсон амиа хорлолт ажээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллээс үүдэн хүүхэд орон гэрээсээ даажих, гэмт хэрэгт холбогдох үзэгдэл сүүлийн жилүүдэд ихэссэн байна. Ийн сөрөг үзэгдэл газар авч байгаа нь архидалт, ажилгүйдэл, ядуурал нийгэмд ихэссэнээс болдог байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийг архидан согтуурсан  эсвэл эрүүл үедээ энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байна уу гээд авч үзвэл эн тэнцүү тоо гарна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 


Энэ мэтчилэнгээр хаалттай хаал­га­ны цаана өрнөж буй гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэм­цэх тухай хуулийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ши­нэч­лэн баталлаа. Тус хууль өмнө байсан хуулийн цоорхойг нөхөж, олон асуудлыг шийдэх, түүнчлэн Эрүүгийн, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулиудтай уялдуулан бо­ловс­­­руулснаараа ихээхэн давуу талтай болсон юм. Энэхүү хуу­лийн шинэчилсэн найруулгыг боловс­руулахын тулд мэргэжилтэн, судлаа­чид арав гаруй жилийг зарцуулжээ. Тэд өмнөх хуулийг дутуу дулимаг талуудыг судлан, хэрхэн сайжруулах, бусад хуультай хэрхэн уялдуулж болох тухай сайтар судалсны эцэст хөрсөнд буусан, ихэнх асуудлыг шийдэж чадах сайн хууль болсон гэдгийг хэллээ. 


Өмнө нь гэр бүлийн хүчирхий­лэлтэй тэмцэх үйл ажиллагаа эзэнгүйдэж байсан. Санхүүжилт байхгүйн улмаас энэ чиглэлийн байгууллагууд тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрээд байсан юм. Харин шинэ хуулийн дагуу Гэмт хэргээс урьдчилан сэр­гийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай асуудлыг улсын хэмжээнд нэгтгэн зангидаж, салбар хоорондын уялдааг хангаж ажиллахаар боллоо. Түүний доор аймаг, нийслэл, дүүрэгт салбар зөвлөлүүд нь ажиллах бөгөөд сум, хороо, багт хамтарсан зөвлөлүүд ажиллаж, иргэдэд ойр үйл ажиллагааг явуулна. Мөн шинэчилсэн найруулгаар баталсан хуулийн нэг давуу тал нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг улсын болон орон нутгийн төсөвт санхүүжүүлэхээр заасанд оршино. Мөн үйлчилгээний төрлүүдийг хуульчилж, өмгөөлөл, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээг хэрхэн үзүүлэхийг тусгажээ. Нэг цэгийн үйлчилгээнд цагдаа, нийгмийн ажилтан, эмч, мэргэжилтнүүд багтаж, хохирогчид түргэн хугацаанд үйлчилгээ үзүүлнэ. Хүүхэд хам­гааллын улмаас хохирсон хүүх­дүүдэд үзүүлэх үйлчилгээг мөн хууль­чилж оруулсан байна. 

 

Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гурван төвшинд шийднэ

Хуульд гэр бүлийн хү­чирхийллээс урьдчилан сэр­гийлэх асуудлыг гурван төвшинд оруулсан. Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаанд чиглэсэн хүүхэд, залуучууд, гэр бүл, олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах ажлууд хийхээр тус­гажээ. Тод­руулбал, зөрчилтэй асууд­лаа яаж шийдвэрлэх, най­зыгаа хэрхэн хүндлэх вэ зэрэг сургалтын агуулгыг цэцэрлэгийн наснаас нь эхлээд шат, шаттайгаар боловс­ролын системд оруулах юм. Мөн соёл урлагийн байгууллагуудад үүрэг хүлээлгэхээр заасан нь шинэлэг бөгөөд нэн чухал шаардлагатай заалт юм. Сүүлийн үед гэмт хэрэг, садар самууныг сурталчилсан, ёс бус үг хэллэг ихтэй кинонууд гарах болсон нь хүүхэд залуусын сэтгэлгээнд нөлөөлж байна. Тэгвэл шинэ хуульд энэ мэт хүчирхийлэл, садар самууны  талаархи  уран  бүтээлд хяналт тавьж, хүчирхийлэлгүй, амар тайван харилцааг илэрхийлсэн бүтээлийг урамшуулахаар болж байгаа юм. Хоёрдогч урьдчилан сэргийлэх ажилд гэр бүлийн хүчирхийллийг  таслан зогсоох, дахин давтагдахаас сэргийлэх зорил­гоор хамгаалах байр, хохирогчид туслах үйлчилгээ­нүүдийг тодорхой болгон оруулжээ. Гуравдагч алхам нь хохирогчийг нөхөн сэргээхтэй холбоотой ажлууд байх ба хүчир­хийлэл үйлдэж буй хүний зан үйлийг засах, нийгэмд орох, гэр бүлтэйгээ эргэн амьдрахад таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэсэн нөхөн сэргээх үйл ажиллагаанууд бий. Хууль хэрэгжиж, бүтэц бүрэн, тогтвортой ажиллаад эхэлбэл гэр бүлийн хүчирхийлэл буурч, хүүхэд гэрээсээ дайжих, хүч хэрэглэсэн гэмт хэргүүд багасах боломжтой болно гэдгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариа хэллээ. Түүнээс шинэчлэн баталсан Гэр бү­лийн хү­чир­хийлэлтэй тэмцэх хуулийн талаар зарим зүй­лийг тодрууллаа. 

 

Н.Арвинтариа: Цогц хууль болж чадсан


-Шинэ хуулийн гол онцлог өөрчлөлтүүдийг юу гэж бодож байна вэ?
-Бусад хуультай холбож өгснөө­рөө ихээхэн давуу талтай. Гэр бү­лийн хүчирхийлэлтэй холбогдох бүхий л албаныхан тэмцэнэ. Жишээл­бэл, эмч, прокрорын байгуул­лагын­­хан үүрэг хүлээнэ. Эмч нар дуудлагаар явах үедээ гэр бүлийн хүчирхийлэлтэй нэлээд таардаг. Энэ тохиолдолд мэдээлэх үүргийг нь оруулсан. Мөн хамтарсан багт орж ажиллах, баримт­жуулалтаа яаж хийх вэ зэргээр эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах юм. Харин прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийг төлөөлөн шүүх хуралд оролцоно, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаална, хохир­лыг барагдуулахад тусална. Мөн хам­гаалах байрнуудыг хаанаас санхүү­жүүлэх, тэнд ямар үйлчилгээ үзүү­лэх гээд бүх зүйлийг тодорхой заасан. Хамгийн гол онцлох зүйлийн нэг нь гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох боллоо. Өмнө нь гэмт хэрэг гэж үздэггүй байсан тул дорвитой арга хэмжээ авч чаддаггүй байсан. 


-Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт хамруулж үзэх учраас оногдох ял шийтгэл нь хүндрэх байх?
-Хүний амь хөнөөсөн, бие эрхтэнг нь гэмтээсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нь чангат­гаж, хүндрүүлж үзнэ. Насанд хүрээ­гүй хүүхэд хүчирхийлсэн тохиол­долд хүчингийн гэмт хэрэг дотроо хүндрүүлнэ. Мөн гэмт хэрэг гэдэгт амь насаараа хохирсон эсвэл бие эрхтэнээрээ хохирсон гэдгийг харуулахаас гадна хүнийг байнга зовоон сэтгэлийн дарамтад оруулж буйг хамруулан шийтгэл оноохоор заасан. Хүнийг байнга дарамталж, амиа хорлоход хүргэсэн бол найм хүртэлх жилийн хорих ял авна. Хөнгөрүүлэх нөхцөлд нь өөрөө гэр бүлийн хүчирхийллээс болоод аргагүй хамгаалалт, санаа сэтгэл нь цочирдон давчдаад хүний амь хөнөөсөн тохиолдолд ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх нөхцөл орж ирсэн. Мөн зорчих эрхийг хяз­гаар­лах гэж ялын шинэ төрөл бий болсон. Хохирогчтой уулзахыг хориглох, хохирогчийн явдаг газарт очихгүй байх үүргүүдийг хүлээлгэж, хохирол төлбөрийг нь төлүүлнэ. 


-Өмнө нь ч гэсэн хохирогчтой уулзахыг хориглох шийтгэл оноо­дог байсан. Гэтэл эргээд хя­налт байдаггүйн улмаас хэрэгж­дэггүй байсан шүү дээ?
-Одоо бол цахилгаан гав зүүлгэж хяналт тавина. Цахилгаан гав зүүснээр иргэний байршлыг хянах юм. Тогтоосон зайнаас бага зайнд хохирогчид ойртохгүй байх, зорчдог газруудаар нь очихгүй байх зэрэгт хяналт тавина. Түүнчлэн Эрүүгийн хэрэг болж байгаа учир хэрэг үүс­гүүлж, шалгуулж байх хугацаанд заналхийлэлд өртвөл Тахарын албанд хандах боломжтой. 
 

-Мэргэжлийн хүний хувьд шинэ хуульд ямар үнэлэлт өгч байна вэ?
-Цогц хууль болж чадсан гэж бодож байна. Бид хуулийн шинэчилсэн найруулгыг хийхийн тулд арав гаруй жил ажилласан. Үйл ажиллагаа, санхүүжилт, авах арга хэмжээг зэргийг тодорхой зааж өгснөөрөө давуу талтай.
Шинэчлэн баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуу­лийг мэргэжлийн хүн ийнхүү дүгнэлээ. Есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх тус хуулиар хүн бүгдийг хорьж яллах гээд байгаа биш гэдгийг мөн тэрээр хэлсэн. Гол нь гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, устгахын тулд шат, шатны байгууллагууд оролцож, зохих арга хэмжээг авч ажиллахын зэрэгцээ хүчирхийлэл үйлдсэн хүний зан үйлийг засах сургалтуудыг зохион байгуулж, нийгэмшүүлэх ажээ. 


Шинэчилсэн хуулийн дагуу хүчирхийлэл байна гэдгийг харсаар байж дуугүй өнгөрөх явдлыг арилгахын тулд заавал мэдээлэх үүргийг сургуулийн багш, нийгмийн ажилтан, эмч зэрэг иргэдтэй ойр ажилладаг хүмүүст хүлээлгэжээ. Мэдээлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх юм. Мөн цагдаа нар архидан сог­туурсан гэх дуудлагыг тоохгүй өнгөрөөдөг байсан явдлыг арилгаж, хамгийн түрүүнд очдог болгохоор хуульчилж, хүчирхийлэл үйлдэж байж болзошгүй айл руу нэвтрэх, шаардлагатай бол шүүхийн зөв­шөө­рөлгүйгээр баривчлах, зэвсгийг хураан авах, хохирогч гэрээсээ юмаа авахыг хүссэн тохиолдолд хамт очих, хамгаалах байранд хүргэж өгөх гэх зэргээр заасан байна. 

 

Хэрэг 1.
 Хан-Уул дүүргийн иргэн 55 настай М-ийг хүү нь болох 35 настай эрэгтэй Х гэгч архидан согтуурсан үедээ зодож, мэс хэрэглэн амийг нь хөнөөжээ. Хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн
XI хороонд гарсан.

Хэрэг 2. 
Таван настай эрэгтэй Г төрсөн аав, хойд эх болон аавынхаа найз Б гэгчид зодуулж хүндээр гэмтжээ. Тэрээр хүнд хэлбэрийн тураал, сульдаатай байсан бөгөөд нагац эгчийнхээ асрамжид оржээ.

Хэрэг 3. 
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 21-нд төв аймагт 29 настай Б нь 26 настай Т-гийн амийг хөнөөжээ. Тэд төрсөн ах дүү байсан бөгөөд гэр бүлийн маргаанаас үүдэн нэгнээ хөнөөсөн байна.

Хэрэг 4. 
Сонгинохайрхан дүүргийн XIV хорооны оршин суугч 42 настай Б архидан согтуурсан үедээ өөрийн хүү гурван настай Б-г сандлаар зодон хөнөөсөн байна. Сэжигтэн Б нь багш мэргэжилтэй бөгөөд сүүлийн жилүүдэд ажил эрхлээгүй, байнга архидан согтуурдаг байжээ. 

Хэрэг 5. 
Эхнэрээ хөнөөн, цогцосыг нь тээшиндээ нууж явсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 
12-нд гарчээ. Талийгаач А нь сэжигтэн 30 настай Э-тэй хамтран амьдраад удаагүй байжээ. 

 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.