Ази тив үерийн гамшигт нэрвэгдлээ

2016.05.25 Лхагва №060 (2091)

 

- Шри Ланкад 25, Синьин хотод 200 жил ороогүй их хур тунадас унажээ -

 

Х.БАТСАЙХАН

Төв, Өмнөд Азид энэ сарын 10-даас эхэлсэн хүчтэй аадар бороо зогсолтгүй үргэлжилж, шинэ долоо хоногийн эхээр олон оронд үерийн гамшиг дагууллаа. 


Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас БНХАУ-ын төвийн мужууд үерт автаж, хүний амь үрэгдэн олон сая ам.доллараар үнэлэгдэх эд материалын хохирол учирчээ.  


Нутгийн төв хэсэгт орших Хунань мужийн хэмжээнд 25 хот, суурин газар үерт автагдсанаас 18 мянган иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Гэсэн ч 4000 гаруй хүн амьдралын наад захын хэрэгцээгээр хангагдаж чадаагүй байгаа талаар “Синьхуа” агентлаг мэдээлж байгаа юм. Энэ мужид 46 мянган га тариалангийн талбай усанд автагдаж, энэ жил тариалалт хийх боломжгүй болсон нь цаашдаа иргэдийн амьжиргаанд хүндээр тусч мэдэхээр байдал үүсчээ.  


Өмнөд этгээдэд орших Гуанси Чжуаны автономит мужид олон хоног үргэлжилсэн бороо хүчтэй шуургатай хавсарч байгаагаас гарз хохирлын хэмжээ бусад мужаас үлэмж илүү байна. Энд хоёр хүний амь үрэгдэж, 11 мянган хүн орон гэрээ орхиж нүүсэн байдалтай байгаа аж. Материаллаг хохирлын тухайд, 15900 га тариалангийн талбай усанд автагдаж, 524 байшин цаашид ашиглах боломжгүйгээр эвдэрчээ. Эрх баригчид мужийн хэмжээнд учирсан хохирлыг 335 сая юань гэж тооцсон ч бодит байдал дээр түүнээс хэд дахин илүү байх магадлалтай гэнэ.  


Өмнөд Хятадын Гуандун мужид сүүлийн 200 жил ороогүй их устай аадар бороо орсон байна. Синьин хотод ердөө зургаахан цагийн дотор 429.5 мм хур тунадас унасны улмаас хүчтэй үер болж, найман хүн амь үрэгдэж, дөрвөн хүн сураггүй болжээ. БНХАУ-ын Цаг уурын алба дээрхтэй төстэй байгалийн аюулт үзэгдэл Юнань, Сычуань мужид болохыг урьдчилан анхааруулж байна. Мөн Өвөр Монголын уулархаг нутагт хөрсний нуралт үүсэх өндөр эрсдэл байгаа учир иргэдэд сэрэмжлүүлгийг түгээж байгаа юм.  


Гамшигт нэрвэгдсэн Азийн бусад улсаас Шри Ланкийн байдал хамгийн хүнд байна. Тус улс сүүлийн 25 жил болоогүй үерт нэрвэгдэж, 90 хүн амь насаа алдаад байгаа юм. Амиа алдагсдын ихэнх нь энэ сарын 19-нд болсон Аранаякагийн хөрсний нуралтад өртсөн байна. Улсын хэмжээнд бүрэн нурсан барилгын тоо 500 гаруйд хүрч, хэсэгчлэн нурсныг тооцох юм бол 5000-д дөхжээ. Материаллаг хохирлын үнэлгээг 1.5-2 тэрбум ам.доллар гэж тогтоогоод байгаа аж. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн хороо гамшигт нэрвэгдэгсдэд туслах ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.   

 

Тажикистан улсад энэ сарын 9-16-ны хооронд үргэлжилсэн бороо орсны улмаас нийслэл Душанбе орчмын жижиг хот тосгод усанд автаж, 2500 өрхийн 17.8 мянган хүн гамшигт нэрвэгдсэн байдалтай амь зууж байна.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.