“Суудал нь өнцөгдсөн” сайд нарын тайлбар

2016.05.25 Лхагва №060 (2091)

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг задарсантай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимынхаа гурван сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрээр уг саналаа намын дарга болон бүлгийн даргадаа уламжилсан билээ. АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж олонхи нь МАХН-ын гурван сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. 
Гэвч чуулган түр  завсарлаж огцрохоос аврагдсан ч “суудал нь өнцөгдөж” үлдсэн Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар ямар байр суурьтай байсныг хүргэе.


Ц.ЦОЛМОН: 
-Энэ бол хувь хүмүүсийн асуудал бус намуудын хоорондын харилцааны шугамаар шийдэгдэх асуудал. Ерөнхий сайд бүлгийнхээ даргад хандаж са­налаа хэлсэн байна лээ. Миний ойлгос­ноор бүлэг дотор нь МАХН-ын гишүүдийг Засгийн газраас гаргах ёс­той, гаргах нь буруу гэсэн саналтай хүмүүс бий байх. Тиймээс үүнийг нэг талд нь гаргах гээд бүлгийн даргадаа саналаа хэлсэн гэж ойлгосон. АН-ынхан МАХН-ын гишүүдийг Засгийн газраас гаргах ёстой гэж эцсийн шийдвэрээ гаргах юм бол би хувьдаа албан тушаалтайгаа зууралдахгүй. Сонгууль болтол богинохон хугацаа үлдсэн учраас өөрсдөө дангаараа Зас­гийн газраа аваад явна гэвэл бид татгалзаад, тээг болоод байхгүй. Сон­гуулийнхаа ажилд илүү анхаарал хандуулах болно. Улс төрийн шийдвэр нь гарчих юм бол хүлээж авахад бэлэн байна. 

Ц.ОЮУНБААТАР: 
-Ерөнхий сайд бүлгийн даргадаа МАХН-ын гурван гишүүнийг чөлөө­лүүлэх хүсэлт өгч байгаагаа бидэнд өмнө нь хэлээгүй. Харин хэд хоно­гийн өмнө манай бүлэгт ийм саналтай гишүүд байна гэж ярьж байсан. Сон­гууль болох гэж байхад түншээ зас­гаасаа гаргах нь АН-ын нэр хүндэд том цохилт болно. Бид өвөл хаврын хүнд бэрх үеийг давж ард нь гарлаа. Хэцүү бүхэн дууслаа, одоо та нар яв гэж байгаа бол энэ нь нийгэмд тун эвгүй харагдана. Би Ерөнхий сайдыг хүндэтгэдэг. Аливаа асуудлын гарцыг олох гэж хичээдэг хүн боловч улс төрийн харалган алхмыг тодорхой хүн, бүлгийн шахалтаар хийж байна. Гэхдээ энэ нь явахгүй байх л даа. Нэг сарын дараа сонгууль болох гэж байхад Засгийн газраа бужигнуулахаар сонгуульд амжилт гаргаж чадах уу. Миний хувьд улс төрийн сонгуульд бэлтгэх завтай болбол мэдээж сайн. 

З.БАЯНСЭЛЭНГЭ: 
-Өмнө нь “Шударга ёс” эвслийн бүлэг чадамжгүй болсон учраас сайд нарыг нь засгаас гаргана гэдэг асуудал АН-ын фракцуудаас удаа дараа тавьсан. Бүлэг байхгүй болсон гэдэг үүднээс биднийг огцруулж болно. Гэхдээ энэ өнөөдөр хэнд ашигтай вэ. 
Би өнөөдөр сайдын ажлаа өгөхгүй гээд албан тушаалтайгаа зуурал­дахгүй. Гэхдээ сонгууль дөхсөн энэ үед тогтворгүй байдал нь хэнд хэрэгтэй юм бэ. Эсвэл нэг мөр энэ гурван хүнийг та нарын оронд сайд болгоно гээд оруулаад ирвэл болж байна. Гэтэл бидний дараа сайд болох хүмүүс нь тодорхой биш байна. Ямар нэгэн шийдвэр гаргаж чаддаггүй, фракцуудаасаа асуудал нь хамаардаг энэ нам асуудлыг хэрхэн шийдэх нь ойлгомжгүй байна. Гэхдээ намын шийдвэр гарвал бид ажлаа өгөхөд бэлэн. Эв нэгдэлгүй, тогтворгүй байдал нь ард түмний нуруунд ачаа болно. Ялангуяа, төрийн тогтворгүй байдал нь бүх л шатандаа тогтворгүй байдал бий болгодог. Бид богино цаг хугацаанд хийсэн ажил, хэлэх үгтэй ажилласан. 

Уг нь сонгуулийн дүнгээр олонхи болсон нам Засгийн газраа эмхлэн байгуулдаг. АН 2012 оны сонгуулиар 33 суудал авсан. Түүнээс хойш намаасаа гарч АН-д элссэн гишүүдийг нэмж 39 гишүүнтэй болсон учраас Засгийн газраа байгуулах эрхтэй гэж хэлж болохгүй. Хэрвээ МАХН-ын гурван гишүүнийг засгаас гаргаж байгаа бол цаашдаа парламентаа тараах хэрэгтэй. Засгийн газар бүрдэх хуулийн боломж байхгүй. Нөгөө талаар ийм тогтворгүй, нэгдэж чаддаггүй, шийдвэр гаргаж чаддаггүй, нэг байр суурин дээрээ байж чаддаггүй хүмүүс эртхэн тарсан нь дээр. Хурдан сонгуулиа зохион байгуулаад дараагийн төр засгийг эмхлэн байгуулах нь зөв.

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.