УИХ-ын дарга МАХН-ын гурван сайдыг огцруулахаас татгалзсан уу

2016.05.25 Лхагва №060 (2091)

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг бүрэн эрхийнхээ дагуу танхимынхаа гурван сай­дыг албан тушаалаас нь чөлөө­лөх хүсэлтэй байгаагаа илэр­хийлсэн. Энэхүү саналыг нь УИХ дахь АН-ын бүлэг хэлэл­цээд гишүүдийнх нь олонхи дэмжсэн юм. Улмаар өчигдөр үдээс хойш Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж энэ асуудлыг хэлэлцэхээр төлөв­лөөд байв. Гэвч УИХ-ын дарга бөгөөд АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайдын саналыг эсэргүүцэж байсан учраас Гүйцэтгэх зөв­лөлийн хурлыг цуцалсан гэх мэдээлэл байна. АН-ын дарга сонгууль болоход сар гаруйхан хугацаа үлдсэн үед хамтрагчдаа хөөх нь сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлнө гэж тооцсон бололтой. Нөгөөтэйгүүр түү­­­нийг МАХН-ын дарга Н.Энх­баяртай хэлэлцээ хийж МАН-тай эвсэхийг бо­лиулахад нөлөөлсөн гэдэг. Хэрэв энэ нь үнэн бол үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр бүрэн эрхийн хугацаа нь дуусахын даваан дээр намыг нь Засгийн газраасаа гаргах нь ёс зүйгүй үйлдэл болно гэж үзсэн бизээ.  


Юутай ч АН-ын дарга З.Энхболд намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн оронд өчигдөр үдээс хойш УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөө хуралдуулсан юм. Улмаар чуулганыг түр хугацаанд завсарлуулах захирамж гар­галаа. Захирамждаа “УИХ-ын тухай хуулийн 11 дүгээр зүй­лийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, даргын дэргэдэх зөвлөлийн саналыг харгалзан 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан чуулганыг зургадугаар са­рын 23-ныг хүртэл түр зав­сар­лууллаа” гэжээ. Энэхүү захирамж нь өчигдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. 


УИХ-ын даргын энэ шийдвэр нь үнэн хэрэгтээ чуулганыг түр завсарлуулж байгаа бус МАХН-ын сайд нарыг огцруулахаас татгалзах алхам болж харагдлаа. 

Чуулганыг завсарлуулсан учраас Ерөнхий сайд хэчнээн хүсээд ч сонгуулиас өмнө МАХН-ын гурван сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх боломжгүй болж байгаа юм. Бүр цаашилбал, энэ удаагийн түр завсарлага нь бүр завсарлага болж ч мэднэ. Учир нь, зургадугаар сарын 23 гэдэг бол сонгуулийн сурталчилгаагаа ид хийж, тойрогтоо ажиллаж байх хугацаа. Тиймээс бараг бүгд нэр дэвших нь тодорхой болоод буй 76 гишүүн сонгуулийнхаа сурталчилгааг орхиод хаврын чуулганаа үргэлжлүүлэхээр ирэх нь юу л бол. Ирцгээлээ ч хангалттай хэмжээнд ирц бүрдэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга энэ удаагийн захирамжаараа МАХН-ын гурван сайдыг суудалтай нь үлдээхээс гадна хаврын чуул­ганыг завсарлуулчих шиг боллоо. 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.