Буцах ч эхнэргүй төр

2016.05.23 Даваа №059 (2090)

Д.ДАМДИНЖАВ

 

Төрийн алба ямар ч үед завсардах учиргүй. Гэтэл Монголд төрийн алба нь улс төрөөс бүрэн хамааралтай байдаг тул улс төрийн нөхцөл байдлаас болж, эзэнгүйдэн тасалдах нь олонтаа. Энэ удаа ч сонгуулийн бэлтгэл эрт эхэлсэнтэй холбоотойгоор төрийн алба хариуцах эзэнгүй орхигдох байдал цөөнгүй гарч байна. 

Зүй нь сонгууль болох, эс болохоос хамаарахгүйгээр төрийн алба тас­ралтгүй үргэлжилж байх учиртай. Түүгээр ч зогсохгүй, сонгуулиар аль нам, эвсэл ялах эсэхээс хамаарахгүйгээр төрийн алба тогтвортой, залгамж чанартай байх ёстой. Харамсалтай нь, Монголд сонгуулиас шалтгаалсан төрийн албаны тасалдал, хийдэл их гарах боллоо. Дөрвөн жил тутамд л ийм нөхцөл байдалтай монголчууд нүүр тулгардаг. Ажиллаж байгаа нь удахгүй сонгууль болоод солигдохоос хойш гэсэн хандлагатай. Харин шинэхэн томилогдох нэгэн нь хэдхэн сарын настай гэж чамлах, үл ойшоох маягтай. 


Гэтэл төрийн алба нэг өдөр ч эзэнгүйдэх учиргүй. Тэр тусмаа улс төрийн нөхцөл шалтгаанаас хамаарч, эзэнгүй уддаг, байн байн солигддог, эсвэл гээгдэж орхигддог байж таа­рахгүй. Тэгвэл эрх баригчид эзэнгүй байгаа төрийн албан тушаалтнуудаа яагаад нөхөн томилохгүй байна вэ. Тэдний энэ байдлыг улс төрийн нөхцөл өөрчлөгдөхийг хүлээн албан тушаалуудаа хадгалж байна гэж үзэх үү, эсвэл сонгуульдаа анхаараад төрийн албыг хийдүүлж байна гэж ойлгох уу.


Дарга нь сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, хуулийн дагуу ажлаа хүлээлгэж өгсөн хэд хэдэн агентлаг өдгөө эзэнгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа ажлаа хүлээлгэн өгснөөс хойш түүний оронд хүн томилсонгүй дөрвөн сар болох гэж байна. Энэ хооронд Монголын санхүүгийн зах зээлийн бодлого хэрэгжсэн гэж үзэх үү, орхигдсон гэж үзэх үү. Эргэлзээтэй. Хариуцах эзэн, харьяалах даргагүй төрийн үйлчилгээ чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чаддаггүйн жишээг бид нэг биш харсан. Тухайлбал, Эрүүл мэндийн яам байна. 2015 оны арваннэгдүгээр сараас хойш сайдгүй явсан яамны ажил цалгардаж, улаанбурханы халдварт хэрхэн дар­луулс­ныг өнгөрсөн өдрүүд бидэнд гэрчилнэ. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд даргагүйн харгай нийгэмд зохих нөлөөгөө үзүүлээд л өнгөрсөн гэж болно. Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг зарж борлуулж байгаа тухайд шийдвэртэй алхам хэрэгжүүлж, бодитой тайлбар, байр суурь илэрхийлэх нь тухайн хорооны чиг үүрэгт хамаарах ажил. Гэвч өдий хүртэл даргагүй байсан учраас төрийн бодлого тэнд завсардсан гэсэн үг.


Үүнтэй адил Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын албан тушаал ч өнөөдөр эзэнгүй хэвээр байна. Ажиллаж байсан хүн нь сонгуульд нэр дэвшихээр болсны төлөө төрийн албыг өчнөөн сар ингэж эзэнгүй байлгах нь мэдээж буруу. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч гэх албан тушаалтныг мөн л нөхөж томилоогүй. Томилохгүй ингэж удаж болж байгаа байдлаас үзвэл тэдгээр албан тушаалын хэрэг ер нь байгаагүй ч юм шиг. Байлаа гээд нэмэргүй, байсангүй гээд гарзгүй албан тушаалууд юм уу ч гэж ойлгохоор. Уг нь тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж, хариуцлага хүлээдэг учраас л төрийн албанд байх ёстой албан тушаал гэж бий болгосон нь мэдээж юм. Гэтэл эзэнгүй байлгаснаараа тухай чиг үүрэг, хариуцлагыг хийдүүлж, завсардуулж байгаагаас өөрцгүй. 


Авлигатай тэмцэх газрын дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга өдгөө бас л эзгүй. Бүгд л цаанаа улс төрийн шалтгаантай. Өөрөөр хэлбэл, улс төрийн томилгоогоо хүлээж байгаа гэж хэлж болно. Одоо сонгууль болоод, дараагийн засаг байгуулагдахын хооронд шинэ хүн томилоод явдлын нэмэр гэж төвөгшөөж байж ч магадгүй л дээ. Гэхдээ тийм биш гэдгийг нотолсон нэг үйл явдал өрнөж байна. Тэр нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргыг шинээр томилох тухай. УИХ-ын чуулганы хэлэлцэх асууд­луудын жагсаалтад энэ талаар тов тодорхой тусган оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, одоогийн дарга Ч.Улааныг МАХН-аас гарч, МАН-д элссэнтэй холбоотойгоор өөр хүнээр солих гэж байгаа аж.  Гэтэл энэ УИХ сүүлийн чуулганаа хийж байгаа бөгөөд чуулганыг энэ сарын 31-ний дотор хаана гэдгээ УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн. Ингэснээр Төсвийн байнгын хороо нэг л удаа хуралдаж амжих бөгөөд энэ хуралдаанаар даргаа солих тухай асуудлыг хэлэлцэж таарна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, шинээр томилогдсон дарга нэг ч хуралдаан даргалж амжихгүй. Байнгын хорооны даргын чиг үүрэг уг нь хурал даргалж байж хэрэгжинэ. Тэгвэл нэг ч хурал удирдахгүй ийм даргын томилгоог чухалчлан хийх яг ямар шаардлага байгаа юм бол оо. Ч.Улаан сөрөг хүчинд орсон учраас сөрөг хүчний төлөөлөл Төсвийн байнгын хороог даргалах нь эрх баригчдын үзэмжид нийцэхгүй байгаа гэдгээс өөр тайлбар энд олдохгүй нь. 

Гэтэл үүний дэргэд дээр дурдсан албан тушаалтнууд бол төрийн нэн чухал ажил, үйлчилгээ, үүргийг хэрэгжүүлэх субьектүүд. Үндсэн хуулийн цэцийн дарга гэхэд л уг нь сонгууль болох гэж байгаатай огт холбоогүйгээр үргэлжилж байх учиртай алба. Өнөөдөр Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй, найман гишүүнтэй байна. Төрийн албыг хийдүүлж болохгүй юм байна гэдгийг ойлгосон томилгооны жишээ гэвэл Эрүүл мэндийн сайдын томилгоо байлаа. Энэ нь “Сонгуулийн дараа солигдчих юм чинь” гэсэн хандлагаар хандаж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн томилгоо болсон. Сонгууль болж, дараагийн Засгийн газар эмхлэн байгуулагдах хүртэл С.Ламбаа сайдад хоёр сарын эрх, үүрэг байгаа. Тодруулж хэлбэл, хоёр сарын хугацаанд энэ салбарт төрийн бодлогыг хэрэгжүүлэх сайдтай байх болсон нь олзуурхууштай зүйл юм. 


Нөгөө талаар “Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэсэн сэтгэл зүй байдгийг үгүйсгэхгүй. Учир нь, манай төрийн албаны тогтолцоо өөрөө тийм согогтой юм. Юу гэвэл, төрийн албанд тогтвортой ажиллах итгэлгүйгээр, хэзээ ч солигдож халагдаж мэдэх орчин нөхцөлд ажилладаг. Энэ бол хоноцын сэтгэл зүй л дээ. Итгэл үнэмшилтэй, тогтвор суурьшилтай, авлигад өр­төх­гүй, албан тушаалаа урвуулан ашиг­лахгүйгээр ажиллах бололцоо, хүсэл эрмэлзэл устах гол хөрс суурь нь улс төрийн нөхцөл байдал солигдох бүрт өөрчлөгддөг тогтолцоо билээ. Уг нь улс төрийн албан тушаалтнууд томилогдож, халагдаж, огцорч л бай­даг. Төрийн жинхэнэ албан хаагчид тэднээс ямар ч хамааралгүйгээр ажлаа хийж, улс орныхоо хөгжлийн тулгуур бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж байдаг жишиг олон улсад бий. Бидний сайн мэдэх Японд л гэхэд сайд нар нь огцрохдоо амархан. Харин төрийн алба нь тогтвортой ажилладаг тул сайд нарын томилгоо эдийн засаг, нийгмийнх нь амьдралд тийм ч хүчтэй нөлөө үзүүлдэггүй. 


Канад улсын төрийн албаны жишээ үүнд тохирдог. Канад бол харь­цангуй цөөн хүн амтай хэдий ч өндөр хөгжилтэй улс юм. Төрийн алба нь маш тогтвортой, сайн системтэй, бүх харилцааг нь хуульчлаад өгчих­сөн, төлөвшсөн гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг бай­на. Тэнд төрийн албаны Мерит зарчим үйлчилдэг. Энэ нь гавьяа зүтгэл, туршлага, мэдлэг чадвар дээр үндэслэсэн тогтолцоо ажээ. Улс төр, нам, цаг үеийн нөхцөл байдал төрийн албанд нөлөөлөх нь тун ховор. 


Яам, агентлаг, төрийн албанд 3-5 жил тогтвортой ажилласан хүн дараагийн шатны албанд нэр дэвшдэг байх ёстой. Тэгэхгүйгээр гэнэт нэг хүн хөндлөнгөөс улс төрийн томилгоогоор орж ирээд, хэлтсийн дарга, албаны дарга, газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга болж болохгүй. Харин Монголд ийм байдал үргэлжилсээр байна. Цаашид ч үргэлжлэх төлөвтэй. Ийм таагүй зүйлүүд төрийн албаны идэвх сонирхлыг мохоож, Монголын бүх төрийн албан хаагч маань “буцах эхнэр” болж хувирах вий гэдгээс эмээж байна. 

 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.