Тусгай замын автобусыг нэвтрүүлснээр нийтийн тээврийн хурд 2-3 дахин нэмэгдэнэ

2016.05.18 Лхагва №057 (2088)

Б.Бадамгарав

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобус үйлчилгээг нэвтрүүлэхээр боллоо. Энэ тухай Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс тодрууллаа. 

-Тусгай замын автобус буюу “BRT” төслийн тухай тодруулахгүй юу?
-Энэ бол дэлхийн томоохон  хотуудад байдаг үйлчилгээ. Автобус тусгай замаар нарийн төлөвлөсөн хугацаанд явж, иргэдэд үйлчлэх үйлчилгээ юм. 
Цагаасаа хоцрох гэсэн асуудал байхгүй. Үүнийг нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй томоохон дэвшил гэж хэлж болно. “BRT” үйлчилгээг нэвтрүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 274 сая ам.долларын санхүүжилтийг хийж байгаа. Эхний ээлжид 40 автобус явахаар төлөвлөсөн.
-Ямар чиглэлүүдэд явах вэ?
-Нийтийн тээврийн маршрутыг оновчтой төлөвлөх, ачааллыг бууруулах зорилгоор иргэдээс судалгаа авна. Ямар чиглэлүүдэд явуулахыг энэхүү судалгааны үр дүнд шийднэ. Урьдчилсан байдлаар Яармагийн спорт цогцолбороос Энхтайваны гүүр, Доржийн гудамж буюу Цайз захаас III, IV хороолол хүртэл, Нарны зам, Долоон буудал зэрэг маршрутыг гаргасан. Судалгааны үр дүнгээр хаана төвлөрөл үүсч байгаа болон зохиомол байдлаар түгжрэл үүсч буй цэгүүдийг тогтоож, маршрутаа төлөвлөнө. 
-Судалгаанд оролцох иргэдийг хэрхэн сонгох вэ?
-Нийслэлийн нийт хүн амын 0.5 хувь буюу 8000 иргэнийг судалгаанд хамруулна. Судалгааг энэ сарын 17-21-нд зохион байгуулна. Ингэхдээ утасны дугаарыг нь санамсаргүй түүврийн аргаар сонгож судалгаа авах юм. Сонгогдсон иргэн зааврын дагуу судалгаанд хамрагдан, бүх асуултад амжилттай хариулснаар иргэдийн цаг завыг хүндэтгэн Азийн хөгжлийн банкнаас 5000 нэгжийн урамшууллыг олгоно. Үүнийг нийслэлээс биш Азийн хөгжлийн банкнаас олгож байгааг ахин тодотгон хэлье.
-Үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд тусгай зам барих нь ээ?
-Тийм. 2017 оноос замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. 
-Нийтийн тээвэрт энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр ямар үр дүн гарах вэ?
-Дэвшилттэй тал их бий. Тухайлбал, урьдчилсан байдлаар автозамын түгжрэлийг 20-30 хувиар бууруулна. Үүнээс ч илүү хувиар буурах боломжтой. Нийтийн тээврийн үйлчилгээний хурд сайжирч, одоо байгаагаас 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий.
-Зорчих төлбөр ямар байх вэ?
-Үнийн хувьд тухайн судалгааны үр дүнгээс хамаарна. Гол нь тусгай замын автобусыг нэвтрүүлснээр хурд маш сайжирна. Нийтийн тээврээр идэвхтэй үйлчлүүлдэг 700 мянга орчим хүн бий. Эдгээр иргэний цагийг хэмнэнэ. Түгжрэл буурна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.