Э.Бат-Үүл: “Сайн хашаа” хөтөлбөрт 69200 айлыг хамруулна

2016.05.13 Баасан №055 (2086)

С.ШИЙЛЭГТӨМӨР

Засгийн газраас баталсан “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотыг хөрсний бохирдол, утаанаас салгах арга бол гэр хорооллыг барилгажуулах явдал. Тиймээс Засгийн газар ээлжит хуралдаанаараа гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх журмыг баталсан юм. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй айл өрхүүдэд зориулж 10 сая хүртэлх төгрөгийн зээлийг таван хувийн хүүтэй олгох ажээ. Зээл авах үндсэн шалгуур нь Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд нийцсэн байх юм байна. Хашааны газрыг барьцаалж олгох тус зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох юм байна. Нийслэлийн Засаг дарга зээл авахад айлуудын өөрсдийнх нь санаачилга чухал гэдгийг онцлоод хөрш айлууд нийлж хөтөлбөрт хамрагдвал илүү оновчтой гэлээ. Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргах юм байна. Улмаар сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцох шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлэх ажээ. Гэр хорооллын 200 мянга гаруй айлаас эхний ээлжинд хөрс, утааны хамгийн их бохирдолтой хэсэгт амьдардаг 69 мянга 200 өрхийг хөтөлбөрт хамруулахаар төлөвлөжээ. Үүний санхүүжилтэд зориулж 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргахаар шийдвэрлэсэн байна. Айлуудын хашаанд инженерийн дэд бүтцийг бий болгох ажил үе шаттайгаар хэрэгжинэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ.
Тэрээр дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг энэ сарын 10-нд нийтэд мэдээлсэн. Энэхүү материалд манай улсын 49 иргэн, аж ахуйн нэгжийн оффшор дансны мэдээлэл багтсан билээ. Тэдний нэг нь нийслэлийн Засаг даргын хүү Б.Чулуудай юм. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс тодруулахад “Уг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдсэн. Тэр үед л хүүгээ оффшор бүсэд данстай компанитай байсныг олж мэдлээ. Мэдсэн даруйдаа хүүтэйгээ утсаар ярьсан. Хүү маань “Хөрөнгө оруулалт хийхийн тулд 2011 онд оффшор компани байгуулсан. Гэхдээ ямар нэгэн гүйлгээ хийгээгүй” гэж надад тайлбарласан. Хүү маань гурван хүүхэдтэй, бие даасан хүн. Бас бизнесмен. Би ажилд нь тэр бүр ороод байхыг хүсдэггүй. Би хүүдээ “Бүх зүйлийг хуулийн дагуу хийж байгаарай” л гэж захиж хэлсэн” гэлээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.