Д.Баттөмөр: Тэнэгүүд нь амжилтад хүрсэн хойноо эхнэрээ сольдог

2016.05.13 Баасан №055 (2086)

Б.Бадамгарав

Монголын Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөртэй ярилцлаа.

-Сүүлийн үед уран бүтээлийн олз арвинтай байх шиг байна. Кино, жүжиг гээд тун завгүй явна уу?
-“Мөрөөдлийн театр” маань соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар гуайн зохиол, төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн найруулгаар “Хайрыг гэрчил” драмын жүжгийг Тусгаар тогтнолын ордонд тоглож байна. Би ихэвчлэн инээдмийн өнгө аястай бүтээлүүдэд тоглодог. Жүжигчин хүний хувьд жанр бүрээр тоглож үзэхийг хүсдэг. Өөрийгөө эвдсэн дүр бүтээмээр байна. Харин “Хайрыг гэрчил” жүжигт  өөрийгөө эвдэж тог­лохыг хичээлээ. Өмнө нь 2006 онд Ц.Балдоржийн зохиол, Ч.Найдандорж найруулагчийн найруулгаар “Хориотой” жү­жигт Дэмбээ гэж хүүгийн дүрд тоглосон маань амжилттай болж, “Гэгээн Муза” наадмаас шилдэг дебют жүжигчин шагнал авч байлаа. “Хориотой” жүжиг бол тухайн үеийн нийгмийн болж бүтэхгүй бай­гааг шүүмжилсэн драмын жү­жиг. Мөн ноднин “Ээж ээ, надтай гэрлээч” киноны дүрээрээ “Академи авардс”-аас шилдэг туслах дүрийн шагнал авсан. Уянгын кино шүү дээ. Миний хийсэн дөрөв дэх уран бүтээл. Өмнө нь “Ээжийн дайсан”, “Микроны босс”, “Made in Ulaanbaatar” кинонуудаа найзуудтайгаа хамтарч хийсэн. Би продюссер, туслах найруулагч, гол дүрийн жүжигчин гээд “Мөрөөдлийн театр”-ын ажлын хажуугаар, зав чөлөөтэй үедээ ажилладаг. Энэ зун “Микроны босс” киноныхоо хоёрдугаар анги “Приусны босс” киногоо хийнэ. 
-Яагаад “Приус”-ыг онцолж байна вэ?
-Монголд хаашаа л харна “Приус” машин сүлжилдэж байна. Энэ машинтай хол­боо­той асар олон онигоо  бий. Тиймээс энэ машины тухай инээдтэй, адал явдалтай ки­но хийнэ. “Микроны босс” дээр ажилласан бүрэлдэхүүн бүгдээрээ энэ кинонд ажиллана.
-Тэгэхээр реппэр Gee бас тоглох нь ээ?
-Тийм. Гол дүрд тоглоно. Зохиол дээрээ сууж байгаа. Киноны тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх цаг нь арай болоогүй байна.
-Та мөн “Өнөр бүл өнөө цагт” кинонд Гармаагийн дүрийг бүтээсэн. Хүмүүсийн сэтгэлд хоногшсон дүрийг дахин бүтээлээ. Сэтгэгдэл ямар байна?
-“Монгол кино” нэгтгэл, “Хүлэгү пикчерс”-ийн хамтран хэрэгжүүлж буй “Эдүгээчилсэн монгол кино” төслийн анхны уран бүтээл “Өнөр бүл өнөө цагт” киноны Гармаагийн дү­рийг бүтээлээ. Сэтгэгдэл өндөр байна. Өмнө нь энэ киног үзэж байсан хүмүүс шинэ хувилбартай нь харьцуулаад өөр өөрийн дүгнэлтээ хийх байх. Шүүмжлэл их ирнэ гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ 1980 онд Д.Жигжид найруулагч найруулж, Ч.Алтан-Өлзий гуайн бүтээсэн Гармаа, 2016 онд С.Баттулга найруулагч найруулсан “Өнөр бүл өнөө цагт” киноны Баттөмөрийн бүтээж буй Гармаа нарын ерөнхий шугам нь ижил боловч, өөр хүмүүс тул дүр дээрээ их анхаарч ажилласан. Тэр чигт нь дуурайхыг хүсээгүй. Би хошин тоглолтын манераа аль болохоор эвдсэн. Гэхдээ зохиол нь инээдмийн кино. Нэлээд энгийн байхыг хичээсэн.
-Дүрээ авсныхаа дараа судалгаа хэр хийсэн бэ. “Өнөр бүл”-ийг хэдэн удаа үзэв?
-Хүүхэд байхаасаа энэ киног үзсэн. Нийтдээ гурав, дөрвөн удаа үзсэн байх. Харин зохиолоо авсны дараа киногоо үзээгүй.
-Яагаад. “Хайрцагт ор­чихно” гэж бодсон юм уу?
-Яг үнэн. Ерөнхий зо­хио­лоо мэдэж байсан. Гэхдээ деталь­чилж судлахыг хүсээгүй. Тэр нь ч надад дээр байсан. Хэт үзээд Гармаа гэж хэн бэ гээд нарийвчилж үзэх юм бол би өөрийнхөө тоглолтыг гаргаж чадахгүй байх магадлалтай. Тиймээс дүрээ авчихаад огт үзээгүй. 
-Та олон кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Энэ бүрт таны хэлж буй үгнүүд трэнд болдог. Үүнийг өөрөө бодож олдог уу, эсвэл найруулагч хэлж өгдөг үү?
-Кино бүрт нөгөө л нэг хэвийн Батаа яваад байвал онцгүй шүү дээ. Тиймээс дүр дээрээ ажиллана, стиль, тог­лолтын манер дээр анхаарна. Үгээ хэрхэн яаж хэлэхээс эхлээд л сайн бодох ёстой. Өмнөх кинонуудаасаа өөр болгохын тулд баг хамт олонтойгоо сайтар ярилцаж ажилладаг. Шигтгээ үгээ өөрөө бодож олдог. Зохиол, дүрийн манер дээр нийцэх үгийг тохирсон үед донжийг нь олоод хэд хэдэн удаа давтаж хэлэхээр хүмүүст хүрдэг байх. “Миний хөрш чөтгөр” киноны Буджавын дүрээс үүнийг олж харсан.
-Анх жүжигчин болох гараа­гаа хэзээ эхэлсэн бэ. Багадаа хөдөл­гөөн­тэй, идэвх­тэй хүүхэд байсан байх даа?
-Манай гэрийнхэн хуулийн бай­гуул­лагын хүмүүс. Тийм болохоор би цагдаа болно гэж боддог байсан. Өглөө босоод л нийгмийн ухааны хичээлээ уншаад суудаг байлаа. Жүжигчин болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Багадаа реп бүжиглэдэг, дуулдаг хүү­хэд байсан. Тэгсэн чинь айм­гийн театрын найруулагч байсан талийгаач ах маань “СУИС-д хоёр хуваарь байна, чи шалгуулаад үз” гэсэн юм. Тэгээд Өвөрхангайдаа тэнцээд хотод ирж, 350 хүүхэдтэй өрсөлдөөд шилдэг 25-д үлдсэн. Урлагаар явах нь миний л төөрөг байсан юм байлгүй. Жүжигчин болсондоо маш их баярладаг. 2002 онд төгсөхөд “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн С.Лхагвасүрэн ах маань өлгийдөж авсан. Тэнд жүжигчнээр ажиллаж бай­гаад “Х ТҮЦ” продакшнд жүжигчнээр орсон. Сүүлд 2011 онд “Мөрөөдлийн театр”-аа хоёр найзтайгаа хамтарч бай­гуулаад өдий зэрэгтэй явж байна. Сургуульдаа сурсан жан­жин шугамаа алдахгүй юмсан гэж бодоод л явж байна даа. 
-Таны амжилтын эхлэл яах аргагүй “Х ТҮЦ”-тэй хол­боотой. Нэлээд хэдэн жил овоглуулж явсан хамт­лагаа­саа гарах  ямар байв?
-Их хэцүү байсан. “Х ТҮЦ”-д арав гаруй жүжигчин бий. Бараг арваад жил тэдэн­тэйгээ хамт байсан уч­раас төрсөн ах дүүс шиг бол­чихдог юм байна лээ. Хоногийн 24 цагийн ихэнхэд нь хамтлагийнхантайгаа байдаг байлаа. Гэтэл гаръя гэж хэлэх хэцүү байсан. Хэлэх гэж гурван сар дотроо шаналсан. Өөр салбар байсан бол захиралдаа аж­лаас гарах өргөдлөө өг­чихөөд л гараад ирнэ. Харин энэ бол арай өөр зүйл. Гэр бүл шиг болсон байдаг. Гарлаа гэдгээ хэлнэ гэдэг над шиг зөөлөн хүнд бүр хэцүү байсан байх. Өглөө босоод яаж хэлэх вэ, өнөөдөр хэлэх нь зөв үү буруу юу гээд л бодно. Тэгээд зориглоод хэлсэн. Харин түү­нийг маань эерэг хүлээж авсан хамтлагийнхандаа маш их баярлаж явдаг. Намайг хэн ч биш байхад, танайд ажиллаж үзье, өөрийгөө харуулъя гэхэд маань таатай хүлээж авсан. Хэд хэдэн тоглолтод оролцоход намайг үнэлсэн, үүнд чинь жаахан зүйл байдаг юм байна (инээв), үүнийг нь чиглүүлээд өгье гээд зааж зөвлөсөн. Тэгээд услуулаад ирэхээр би чинь бас хүн байна даа соёолоод ирсэн (инээв). Гавьяат жүжигчин И.Одончимэг эгч, Л.Баттулга ах, соёлын тэргүүний ажилтан Н.Онон ахдаа баярладаг. Нарансолонго, Төтө гээд үеийн за­луустаа мөн баярладаг. Тэдэндээ их хайртай. Бид ойр ойрхон уулздаг, амьдралын найзууд болсон.
-Таныг гарсны дараахан Наран­­солонго, Төтө, Тэмка нар хамт­лагаасаа өрх тус­гаарласан?
-Би хамтлагаас гарахдаа Төтөдөө “Би гарлаа, чи яах вэ” гэж хэлсэн юм. Тэгтэл үгүй гэсэн. Нарансолонгыг аваад гаръя гэхээр амьдралыг нь үрчихвэл яах вэ гэж бодоод айсан. Тэгээд л гарах мө­рөөрөө өөрөө л гаръя гэж бодсон.
-Уг нь Төтөтэй хамтрах санаатай байжээ?
-Михайлд нэг бодол бий гэдэг дээ (инээв). Тийм санаа байсан. Гэхдээ бүтээгүй. Тэгсэн чинь Драмын театраас Г.Алтаншагай, Б.Эрхэмбаяр хоёр гараад “Миний нууц хүү” гээд жүжгээ хийчихсэн байсан. Тэгэхээр нь би дуудаад “Ээжийн дайсан” кинондоо тоглуулсан. Кино бүтээх явцдаа санаа нийлсэн, сайхан найзууд болсон. Тэгээд “Мөрөөдлийн театр”-аа байгуулсан. Түүнээс хойш таван жил болсон байна.
-Уг нь таныг “Мөрөөдлийн театр”-ыг байгуулчихаад “Х ТҮЦ”-ээсээ гарсан гэж ойлгосон?
-Үгүй. Тийм муухай юм хийхгүй ш дээ (инээв). Бие даасан юм хийж үзье гэж бодоод хамтлагаасаа гарсан. Тэр үед кинонд тоглоод, кино хийж үзээд амтанд нь орчихоод байсан юм. 
-Сөрөг дайралтууд их ирсэн үү?
-Чи ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг тийм үйлдэл хийж байна ш дээ гэж байсан. Энэ чинь хүний амьдрал шүү дээ. Би гэр бүлтэй хүн. Тэднийхээ төлөө илүү их ажиллах хэрэгтэй байсан. Миний амжилттай яваагийн гол шалтгаан бол миний хань. Гэр бүлдээ огт санаа зовохгүйгээр зөвхөн уран бүтээлээ хийж явах бүх боломжийг бүрдүүлж өгдөг. Ер нь амжилттай яваа хүн бүрийн ард сайхан гэр бүл бий. Харин амжилтад хүрсэн хойноо тэнэгүүд нь эхнэрээ солиод байдаг (инээв). 
-Охид нь их том болсон байх. Зан чанарын хувьд аавыгаа их дуурайсан уу?
-Яг би. Уг нь урлагийн хүн болгохгүй юмсан гэж их бодох юм. Гэтэл том охин маань “Бяцхан мисс”-т орно л гэнэ, дуулж бүжиглээд л. Цэцэрлэгийнхээ урлаг соёлын арга хэмжээний хамгийн урд фронтод л явж байна. Хааяа шинэ жилийн тоглолтыг нь үзэж, охиноо харж инээнэ, баярлана, уйлна. Охинд маань бас нэг зүйл байх шиг байна. 
-Гэр бүлдээ хэр цаг зав зарцуулж байна вэ?
-Их ажилтай байдаг уч­раас тэр бүр цаг гардаггүй. Хүүхдүүд маань аавыгаа санаад байна гээд ажил дээр байнга ирнэ. Кинонд тоглож байвал кино группийн ард, жүжиг тоглож байвал хөшигний ард л байдаг. Бага охин маань яагаад ч юм цагдаа гэхээр айдаг юм л даа. Гэтэл би “Хайрыг гэрчил” жүжигт цагдаагийн дүрд тоглож байгаа. Бага маань “Аав муухай. Цагдаа муухай” гээд уйлсан чинь том охин “Зүгээр ээ, эгчийн дүү. Одоо цагдаа, хариад аав ш дээ” гэж байгаа байхгүй юү (инээв).


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.